Эвслийн сайд нарыг эргүүлэн татья

Манай намаас УИХ, Засгийн газарт томилогдсон бүх гишүүн Н.Энхбаярын төлөө ажиллана”. Тэдний эрх мэдэлд хүрэх зорилго, эрх ашиг ердөө л намын даргаа шоронгоос суллах. Энэ зорилгынхоо төлөө хуулийг дэвсэлж, урдах үүргээ умартаж мэдэх тийм л хүмүүс аж. Эхнийх нь Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян. Түүний хэлсэн дээрх үгтэй хэн ч маргахгүй. Гарцаагүй үнэн учраас.

 

Тиймдээ ч сайдын албан тушаалаа аваад удаагүй байгаа тэрбээр интерполд захидал бичиж, МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажлыг зогсоохыг хүссэн агуулгатай захидал илгээв. Энэ үйлдэл Монголын Хууль зүйн дэд сайд хуулиа мэддэггүй төдийгүй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж буйг илтгэсэн.

 

Улмаар салбарын сайд нь эрх мэдлээрээ дулдуйдан хүчний байгууллагын ажилд хөндлөнгөөс шууд нөлөөлөх гэж оролдсоныг төвөггүйхэн харж болно. Харамсалтай нь, түүний хэрэг илэрч, Авлигатай тэмцэх газрынхны овоо хараанд онилогдож, эрүүгийн хэрэгт татагдах болоод байна. Харин шинэчлэлийн Засгийн газар албан тушаалаа урвуулан ашигласан дэд сайдад ямар хариуцлага хүлээлгэх бол.

 

Засгийн газраас хариуцлага тооцох ганц механизм нь огцруулах. Ингэхдээ ганц Хууль зүйн дэд сайдаар зогсохгүй Шударга ёс эвслээс тэр дундаа МАХН-аас албан тушаал хашиж байгаа эрхмүүдийг бүгдийг нь эргүүлэн татья.

 

Угтаа бол Хууль зүйн сайдын бурхан нь шударга ёс байх учиртай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаярыг тахин шүтсэн, бурханчилсан үзэл эвслийн сайд нараас ханхлах болсон нь ганц удаагийн үйлдлээр хязгаарлагдахгүй. Эксийн намд харьяалагдах болоод жил ч болоогүй эл эрхэм төрийн яамны дэд сайдаар томилогдсон нь Н.Энхбаярын гавьяа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

 

Гэвч хувь, хувьсгалын ажлаа ялгаж сурах энгийн зарчим МАХН-ын сайд нарт бий юу. Тэд бүгд Н.Энхбаярын хүн. Үүнийгээ ч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас эхлээд ил тод шулуухан зарлаж байна. Улмаар түүний хэлсэнчлэн тус намаас УИХ, Засгийн газарт албан тушаал хашиж байгаа хүн бүр ганц хүний төлөө ажиллана. Хэзээ ч үгүйс­гэг­дэх­гүй маргашгүй үнэн гэгч энэ.

 

Ойрын үед ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцэн Сангийн сайд Ч.Улааныг улс төрийн зорилготой үйлдэл гаргах болсон гэлцэнэ. Тооны ухаандаа толгой цохидог эрхэм сайд шинэчлэлийн Засгийн газрын төсөв дээр ихэд төөрч будилсан юм байх. Ямартай л Ерөнхий сайдыг гишүүдийн өмнө хэлэх үггүй болгож, үүргээ умартахад хүргэх билээ.

 

Тиймээс л Засгийн газраар туг тахих шахсаныг нь танхимын нөхөд нь хүртэл цухалзуулаад амжлаа. Тэр ч битгий хэл, Ч.Улаан сайд зөнөж, тоо бодож чадахаа больжээ гэх явган яриа ч газар авав. Сангийн сайдаар гурав дахь удаагаа томилогдон ажиллаж буй Ч.Улаан сайдын боловсруулсан төсөв шинэчлэлийн Засгийн газрыг хүн чанараа гээж, сонгогчдоосоо нүүр буруулжээ гэж дүгнэхэд хүргэсэн.

 

Ганц жишээ татахад, АН хүүхдийн хоолны мөнгийг төрөөс 100 хувь даах шийдвэр гаргасныг 50 хувийг нь эцэг эхчүүдээс авахаар оруулж ирэв. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгийг танасан гээд асуудал их. Гол нь ах намынханд ам нээх бүртээ АН-ыг унагах арвин шүүмжлэл агуулсан байв. Гэнэн гэмээр дээрх алдааг Ч.Улаан сайд санамсаргүй гаргах нэгэн биш гэдгийг энэ хүрээнийхэн андахгүй.

 

УИХ-ын дэд даргын суудлаас татгалзан байж, Сангийн сайд болсны цаад учир шалтгаан нь энэ биш л байлтай. Ямартай ч түүнийг сүүлийн үед МАН-ын тагнуулч гэж эрх баригчид цоллов. Учир нь алдаан дээр нь дөрөөлж ах намынхан улс төр хийх боломжоор бүрэн хангасан нь ийн хардахад хүргэсэн аж. Гэхдээ ах намд гоморхож гарсан эрхэм тэдний талд үйлчилнэ гэдэг юу л бол.

 

Магадгүй энэ үйлдлээрээ АН-д Н.Энхбаярын хүн шүү гэдгээ бататгаж байж ч мэдэх юм. Сангийн сайдын санаатай болон санамсаргүй алдаа хэн нэгний эрх ашигтай хутгалдаж буй учраас. Хачирхалтай нь, Сангийн сайд АН-ыг олонд муухай харагдуулж байх зуур “Ард түмний их хуралдай” АСА циркэд болж, Н.Энхбаярын илгээлтийг олон нийтэд сонордуулав. Сонин л тохиолдол.

 

Тэрчлэн экс Ерөнхийлөгч ялалтыг хаягласан намыг элдэвлэсэн байрын илгээлт нисгэв. Илгээлтэд “Өөрөө, өөрсдөө жаргахын тулд албан тушаалд очсон хүмүүс байвал өнөөдөр ажлаа өгөцгөө. Харин ард түмнийхээ зовлонг нимгэлэхийн тулд ажиллаж байгаа бол хэнээс ч битгий ай. Юунаас ч бүү шантар” гэжээ.

 

Н.Энхбаярын гэх тодотголтой дараагийн хүн нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Дэлхийд байхгүй өвчин туссан гэж оношлоод байгаа энэ нөхцөл байдалд тааруулан “Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулна” гэвэл гайхах зүйлгүй мэт. Энэ мэтчилэн Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Байгаль орчны дэд сайд Б.Тулга нар өнөөдөр биш ч ойрын хугацаанд Н.Энхбаярыг нарсанд биш наранд байлгахын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ.

 

Тэр үед Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны үүрэг хариуцлага тэднийг чөдөрлөх нь юу л бол. Иймд МАХН-ынханд итгэл хүлээлгэж өгсөн хамгийн эгзэгтэй, хариуцлагатай албан тушаалаа эргүүлэн татах цаг болсон юм биш үү, Н.Алтанхуяг Ерөнхий сайд аа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэнчлэн тус намынхан бүгдээрээ ийм үүрэг амлалт авсан хүмүүс. Эхнээсээ зэс нь ч цухуйгаад эхэллээ.

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих