Энэ цагт эх оронч үзэл, үндэсний үзэл аль нь ч хэрэггүй!
“Итгэл зүйн ухаан. Итгэлгүй нийгэм” номоо хэвлүүлснээс хойш ухаант уншигчид маань “Номын чинь дагуу тунгаахад үнэхээр эх оронч үзэл, үндэсний үзэл гэж байх ёсгүй мэт санагдав. Гэхдээ заавал үгүйлэгдэх тийм ухагдахуунуудыг чухам ямар утга санаа, үг хэллэгээр яаж илэрхийлэх юм бэ? Заавал байх ёстой мөн чанар мөн биз дээ? Түүнийг чи орхигдуулсан байна” гэх мэтээр санал солилцох зөвлөх болов.
Учир нь би тэр номдоо монголчуудын хамгийн амин чухал баялаг, аливаад хандах үнэ цэнийн гол шалгуур “Итгэл”мөн болохыг “Итгэлийн дээд үнэн, Идээний дээд сүү” гэх мэт олон зүйр цэцэн үг, ёс заншил, хүний мүс чанарын ноён нуруу зэрэгтэй холбон тайлбарлаж, сүүлийн үед энэ өв соёл улам алдагдсаар одоо бүр нийгэм төрийн зүгээс ард түмнээ хуурдаг, итгэлийг нь эвддэг, хар сэжиг төрүүлдэг гажуудал архагшиж Итгэлээр тоглож байгааг түүхийн зарим хурц баримтуудаар жишээлэн шүүмжилсэн юм. Тиймдээ ч “Итгэл зүйн ухаан. Итгэлгүй нийгэм” гэж нэрлэсэн билээ. Уг номдоо “Үзэл” гэдгийг монголчууд цаг зуурын юм, үнэн худал нь тодорхойгүй түр чанартай үзэгдэл, тулгарсан асуудалд хандсан ухаан санааны анхны төрөгдөл хэмээн тэрхэн үеийн утгаар тоймлосон (томъёолсон) тул Эх оронч үзэл, Үндэсний үзэл гэхээр үнэхээр болохоо байчихаж байгаа аж. Энэ тун зөв эргэцүүлэл.
Эх оронч үзэл.. хийрхэл.
Тийм ээ, бидний өвөг дээдэс “үзэл” гэдгийг үнэхээр оошоодоггүй, ач холбогдол өгдөггүй байсан тул “хөгийн юм”, “дэмий зүйл”, “шоолмоор шал балай байдал” гэх утгаар “үзлийн юм” гэж хэлэлцдэг. Улаантны үзэл, цагаантны үзэл гэх мэт харийн гаж үзлийн юмнууд хоорондоо алалдан тэрссэн тэмцлийн учрыг олох гэж аймшиг нүүрлэсэн тэрхэн цаг үеийн улс төрийн гаж үзэгдлийн тусгал санаа, коммунимст үзэлтэй давхцан “үзэл” болж хэвшсэн байж ч магадгүй. Үзэл гэдэг шалгагдаагүй санаа, батлагдаагүй үнэн. Толь бичиг зэрэгт “Үзэл санааны шийдвэр, Үндэсний үзэл Үндэстнийг хооронд нь турхиран дайсагнуулах.. харгис үзэл болон улс төрийн бодлогыг баримтласан үзэл” гэх мэтээр тайлжээ. /Я.Цэвэл. “”Монгол хэлний товч тайлбар толь. УБ 1966. х616/ Мөн Норжин нарын ”Монгол хэлний толь” (Хөх хот. 1999 он х680)д “Үзэл Юмыг үзэх арга, үзэл санаа ухвар, хүмүүсийн тархин дахь бусдач бодосын ертөнцийн тусхал. Тухайлбал сэрэлт, сэдэхүй зэрэг эл зүйлийн сэтгэхүйн ажиллагааны явцын ерөнхийлөл” гэх зэргээр тайлсан байгаа нь мөнөөх тухайн цаг үеийн үзэлт харалтаар юу гэж бодогдсон гэмээр түр зуурын чанартайг хэлээд байна. Гэтэл бид эх оронч үзэл, үндэсний үзэл зэргийг өвөг дээд үеийн эрхэм нандин өв уламжлал гэсэн эрдэм ухааны сан ойлголтоор ухаарах шаардлагатай байдаг.
Тэгэхээр “эх оронч үзэл” гэвэл унтаж байгаад сэрсэн юм шиг гэв гэнэт эх орондоо хайртай гэж хий хоосон сүржигнэж, шал худлаа хашгичин уйтан цээжээ дэлддэг, тэгж аяглаад өчүүхэн зуурын ашиг завшаан олдог харин ч эх оронч бус хүмүүсийг хэлээд байгаа язгуур оор утга илэрнэ. Эх орондоо ээж аав шигээ элэгтэй найртай хандах нь түр зуурын “үзлийн юм” биш, насан туршийн заяамал жам аж. Зэрлэг амьтан араатанд, мал сүрэгт ч үүр нүх, хот бууцаа булаалдах иймэрхүү төрөлх шинж байнга илэрдэг. Тэгэхээр тэнгэрлэг ухаантай гэж омойтдог хүн бидэнд эх оронч үзэл биш “Эх оронч ухаан” хэрэгтэй юм байна. Тэр ухаан нь шинжлэх ухааны нэгэн салбар мэт бүрэн дүүрэн эрхэм чухал мэдлэг болж амь бие ухаанд шингэн төлөвших, хайрлах хайрласнаа хадгалах, хадгалснаа хамгаалах өв соёл удамшил “Эх оронч ухаан” аж. Эх оронч удамтай ухаантай ард түмэндээ үрээ үлдээх нь өвөг үеийн гол Итгэл, амьдралын зорилго бөгөөд хайрлах хадгалах хамгаалах гурамсан өв сэтгэлгээний ухаан юм байна. Эх оронч үзэлтнүүд эх орноо үзлээр өчүүхэн сэхээрч, нэр алдар ашиг завшааны төлөө урвагч болж Нангиад руу, Орос руу, өөр хаашаа ч юм гүйж, өөртөө ашиг болгож чаддаг, тэр нь үр хойчид нь үүрдийн гай болсон түүх олон буй. Үүнийг эх орноо тав тасдуулж ганцхан төв хэсэгтэйгээ арай гэж үлдэж хоцорсон эмгэнүүн түүх гэрчилнэ. Эх оронч ухаантнууд “Газар бол төрийн үндэс” “Бурхан гуйсан ч бүү өг” гэх мэтээр гэгээрч Модун мэт, Чингэс мэт, Галдан мэт амь насаа зориулдаг амьдрал бол Эх оронч ухаан аж.
Үндэсний үзэл гэх хоцрогдол.
Тэгвэл “үндэсний үзэл” гэх нь бас л “Хүн ядрахаар саднаа, Тураг ядрахаар уулаа” гэдэг шиг ядарч ягтсан үедээ л үгүйлэх эцсийн үнэн болох үзэгдэл, тэрхэн зуур аврал болж санагалзах үзэл аж. Харин болж бүтэж байгаа үедээ эс хайхрах хашир суугаагүй хал үзээгүй гэнэн ухагдахуун бол Үндэсний үзэл аж. Жишээ нь нутагтаа очиж ясаа тавих үзэл санаа, Япончуудын гэдсээ хүүлж үхэх үзэгдэл гэх мэт нь яах аргагүй үндэсний үзэл мөн бололтой. Гэтэл тэр “үндэс”нд өт хорхой, өмхрөл ялзрал, өгөршил ч буй нь мэдээж бөгөөд тэр бүхэнд авах гээхийн ухаанаар хандаж шилмэл сонгомол шигшигдсэн эрдмийг өвлөх ёстой. Тэгэхгүй хуучин бүхнийг хав дараад байвал хатсан навч мэт түүхийн хогонд дарагдаж өөрийгөө ч эс олоход хүрэх. Бидний хайгаад буй санаагаар бол ийм үндэсний үзэл биш, “Үндэсний эрдэм” чухаг мэт. Нэгэнт өгөршсөн, өмхөрсөнтэй зууралдаад байхгүй түүнээс сургамж авч өт хорхойд үндэс угсаагаа идүүлэхгүй байх арга ухаан сүвэгчлэх нь, шинэ үндэс соёолуулах ухааны баялаг өвөөс суралцаж эзэмших нь Үндэсний эрдэм болно. Цаг цагаараа байдаггүй энэ орчлонд үндсээ гэж өт хорхой, өмх үжрэл бүхэнтэй ягштал зууралдах нь утга учиргүй тэнэглэл бөгөөд манай үндэстэн Чингэсийн удам гээд илд далайж асуудлыг дайн байлдаанаар шийдэх дундад зууны үнэн өнөөдөр бидэнд лав хэрэггүй. Харин улс Монголоо авран хамгаалж нэгтгэн мандуулсан чин санаа үйл хэргийн бадрангуй эрдэм нь өв байж болох юм. Энэ нь Чингэс хаан хэмээх тэр хүн дээр төвлөсөн бидний бахархал, өвөрмөц онцхой билэг сургаал бүхий шигшигдмэл өв “Үндэсний эрдэм” байж болно. Өөрөөр хэлбэл монгол хүний уул ус, газар шороогоо дээдлэн шүтээнчлэсэн “Үндэсний эрдэм” монгол орныг өдий хүртэл онгон ганган байгальтай, онцхой баялагтай үлдэх буян заяаны эрдэм байж болно. Мал ахуй, байгал цаг агаарын гоц мэдлэг, хүн чанар, улс Монголоо гэсэн аминч санаа гурамсан сэтгэлгээний онцлог, эртний өвөрмөц монгол зурхай байж болно. Амиа зөв тэжээх, айл саахалт аймаг хошуугаараа аминч байх, Модун, Чингэс хаадын Монгол гүрэн мөнхгал шүтээндээ аминч байх язгуурын гүн ухааны гэгээрэл боловсрол өнөөдөр Үндэсний эрдэм байж болно.
Иймд “Үндэсний үзэл” гэдэг бол цаг зуурын сэтгэлийн хөөрөл, бачуурал, үнэн худал нь эс мэдэгдэх ухаангүй үйлдэл, туйлшрал, эсрэгцэл гэх магадлал байна. Үүнийг үндсэрхэг үзэл ч гэж болно. Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёр үнэндээ нэг навчны хоёр тал бөгөөд амьтнаар жишээлбэл мөнөөх ноохой хэвтэр, нүх үүрээ булаалдах араатны хэрцгий хажиглал, адгуусны аймшигт тулалдаанаас ялгаагүй асанж. Тодруулж хэлбэл түр зуурын үндэсний үзэл, үндсэрхэг үзэл аль нь ч монгол хүний итгэл сэтгэлд хоногшин хадгалагдах ёстой ухаан эрдэм биш байна. Эх оронч ухааныг дээдэлсэн намын суртал үгүйлэгдэж байна. Тэр намын цаг зуурын үзэл бидэнд хэрэггүй, харин ухаан эрдмийн суртал нь хэрэгтэй болно. Иймд эх оронч ухаанд юу юу багтах, Үндэсний эрдэм хэмээх нь чухам юу болох, хэрхэн бүрэлддэг өвийг бид нэгэнт таг мартсан болохоор одоохон цаг алдалгүй нээж тогтоох юмсан. Социалист коммунист үзэл гэж далан жил Орос болон Европыг дагаж далдганаад бид юунд хүрлээ? Ардчилал демократ үзэл гэж Америк Английг дууриан хөөрцөглөөд ямархуу боллоо? Бидэнд эх оронч ухааны уламжлал, үндэсний эрдмийн шинэчлэл үгүйлэгдээд байна. Намуудад үнэхээр эх оронч ухаан, үндэсний эрдэм мэдлэг байгаа л бол тэр эрдэм ухаанаа түмэндээ түгээж улс гүрэн, гал голомтоо мандаан бадрааж хөгжүүлэх Итгэл зүйчид байгаасай гэж бодно.
Бэсүдэй Н.Нагаанбуу Түүхч, зохиолч
“Гэрэлт Цалиг” сэтгүүл. 2011 он. III сар. №05
URL: