“Чалко”-той хийсэн гэрээг эргэж харах шаардлагатай гэв

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК “Чалко” Хятадын төрийн өмчит компанитай 350 сая ам.долларын нүүрс нийлүүлэх гэрээ байгуулан, урьдчилгаа мөнгийг нь аль хэдийнэ Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгт цацаад дуусчихсан. Уг нь энэхүү мөнгийг олборлолтоо эхлүүлэх, уурхайн ажиллагаагаа сайжруулахад зарцуулах ёстой “Эрдэнэс Тавантолгой” санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа.

 

Мөн монголчуудын хүсэн хүлээж байгаа, олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ёстой IPO гаргах ажил ч дахин хойшлоод байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Эрдэнэс Тавантолгой”-д дахин нэг хүндрэл тулгарчээ. Дээр өгүүлсэн “Чалко”-той хийсэн гэрээ ёсоор урьдчилгаа мөнгөнийхөө хариуд зөвхөн тус компанид нүүрсээ нийлүүлсэн байх ёстой, гэхдээ зах зээлийн үнээр гэсэн тодотголтойгоор.

 

Анхлан буюу өнгөрсөн жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар өгч байсан нь тухайн үедээ дажгүй үнэ хэмээгдэж байсан. Гэтэл одоо хуульд заасан зах зээлийн үнэ гэсэн тодотголоор нэг тонныг нь 56 ам.доллараар нийлүүлэхээр болсон нь үнэндээ олборлосон өртгөө ч нөхөж чадахааргүй байдалд ороод байгаа аж.

 

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” алдагдалтай ажиллахаас өөр аргагүй байдалтай байгаа учир “Чалко”-д хандан гэрээгээ эргэн харах, олборлолтоо түр зогсоох талаараа мэдэгдэгдсэн байна. Үүнд “Чалко”-гийн төлөөлөгч эргэж хариу мэдэгдэхээр болжээ. Мөн тус гэрээнд “Чалко”-гоос авсан урьдчилгаа төлбөрөө барагдуулж дуустал нэг ч тонн нүүрс өөр компанид нийлүүлэх эрхгүй гэж гэрээнд заасан байгаа юм байна.

 

Урдчилж авсан 350 сая ам.доллараа барагдуулж дууссан ч таван жилийн хугацаанд нийт нүүрснийхээ 70 хувийг “Чалко”-д, 30 хувийг өөр компаниудад нийлүүлэх хатуу гэрээтэй юм байна.  Хатуу мөртлөө муу гэрээ хийсэн учраас засч залруулахаар “Чалко”-той уулзаж яриа хэлэлцээр эхлүүлэх гэж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэхэн захирал мэдэгджээ.

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих