“Биокомбинат”-ынхан бодлого шинэчлэлийн дутууг бор зүрхээрээ нөхөж явна

Шинжлэх ухааны нарийн үйлд­вэрлэл учраас хэн ч сонир­хохгүй, сонирхлоо ч ойлгох­гүй, дээр нь онцгой объект нэрээр хаалттай ор­шиж ирсэн “Биокомбинат” хэмээх улсын үйлдвэрийн газар жил гаруйн өмнөөс олны анхаарлыг татах бол­сон юм.

 

Учир нь жил гаруйн өмнө тус үйлдвэрийн захирлыг сонгон шал­гаруу­лалтын үндсэн дээр шинээр томилсныг өмнөх удирд­лагууд нь эсэргүүцэн заргал­даж, ТӨХ тухайн үедээ шийд­вэ­рээсээ буцсан нь анхаарал татаж байлаа.

 

Үнэндээ энэ маргаан улсдаа цорын ганц тус үйлд­вэрийн технологийн хоц­рогдол, хууль зөрчсөн тен­дер, санхүүгийн ужиг зөрчил зэр­гийг илчилсэн юм. Үүнээс хойш хууль, шүүхийн төдий­гүй холбогдох яам, бод­лого хэрэгжүүлэгчдийн анхаарлыг татах болсон “Биокомбинат”-ын үйл ажил­лагаатай Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд болон газрын дарга, мэргэжилтнүүд, мөн ТӨХ-ны удирдлагууд өнгөр­сөн ням гарагт танилцсан.

 

Байгуулагдаад 80 гаруй жил болж байгаа ч техник, технологийн хувьд олон улсын жишгээс 40-50 жилээр хоцрогдсон тус үйлдвэр Монголдоо цорын ганц биологийн үйлдвэр. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцин, био бэлдмэл чанарын болон хэрэглэгчдийн шаард­лага хангаж байгаа эсэхээс ха­маараад өөр сонголт хийх боломж Монгол Улсад одоо­хондоо алга.

 

Тийм учраас “Био­ком­бинат”-ын шинэч­лэлийн асуу­далд төрийн зүгээс ан­хаарал хан­дуулах шаард­лагатай болс­ныг холбогдох яамны удирд­лагууд болон үйлдвэрийн мэр­гэжилтнүүд өнөөдөр онцолж байна.

 

 

Бодлогын алдаагаа вакцин үйлдвэрлэгчид рүү тохох хэрэггүй

 

Тус үйлдвэртэй хол­боо­той­гоор хамгийн сүүлд дэгд­сэн нэг асуудал гэвэл малын халд­варт бруцеллёз өвчний эсрэг вакцинаас болж эх мал ол­ноор хээл хаясан гэдэг хэл ам юм.

 

Өнгөрсөн өвөл нийт есөн аймагт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх  дарх­лаажуулалтыг явуулснаас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг аймагт мал олноороо хээл хаясан.

 

Энэ нь юунаас үүдсэнийг тогтоох үүднээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн хүрээлэн, Малын эмнэлгийн эмийн сорилт, Баталгаажуулалтын улсын лаборатори зэрэг байгууллагын мэргэ­жилтнүүдээс бүрдсэн аж­лын хэсэг томилогдон аж­илласан. “Бруцеллёзоос сэр­гийлэх вакцинжуулалтад хамрагдсан мал хээл хаясан нь вакцины чанартай огт холбоогүй, харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохистой хугацаанд нь зохион байгуулаагүй, хуга­цаа хожимдож хийснээс үүдсэн” гэдэг нэгдсэн дүг­нэлтийг хийсэн талаар “Био­комбинат”-ын ерөнхий технологич, мал эмнэлгийн ухааны доктор Б.Дуламсүрэн ярьсан юм.

 

Өнөөдөр “Биокомбинат”-д үйлдвэрлэж байгаа 70-аад нэр төрлийн бүтээгдэхүүнээс олон улсын референт лабо­ратори болох Английн Пребрайтын лабораторит шалгагдаж баталгаажсан цо­рын ганц вакцин нь бру­целлёзоос сэргийлэх дээрх тарилга юм байна. Бруцеллёз өвчнийг үүсгэдэг бруцелла хэмээх нян нь хээлтэй ма­лын эхэсийн холбоог сул­руулдаг онцлогтой аж. Тийм болохоор бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтыг эх мал хээл авах үетэй нарийн уялдуулан тооцоолж байж хийх шаардлагатай байдаг гэнэ.

 

Өнгөрсөн жилийн хувьд дархлаажуулалтын хуга­цааг товлохдоо мэргэж­лийн бодлогын алдаа гар­гаж, зарим аймагт энэ хугацааг оройтуулж вакцин­жуулалтыг хийснээс мал олноор хээл хаяжээ.

 

Өнөө жилийн хувьд бру­цел­лёзын эсрэг вак­цин­­жуулалтыг эрт буюу хэрэглээний зо­хис­­той хуга­цаанд тов­лож гүй­цэт­гэсэн ба “Биоком­бинат” тус та­рилгыг нийт 25.1 сая тун буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их хэмжээгээр үйлдвэрлэсэн байна. Харин тарилгын хугацааг энэ жил эрт төлөвлөн явуулсан учраас ноднингийнх нь шиг эрсдэл гарахгүй гэж яамны мэргэжилтнүүд үзэж байгаа.

 

Дахиад эрсдэл гарахгүй гэдэгт “Биокомбинат”-ын удирдлагууд ч найдаж бай­­гаагаа ярьсан юм. Өнгөр­­сөн жилийн хувьд дарх­­лаажуулалтаас  болж  мал хээл хаясны  бурууг эцэс сүүлд нь вакцин үйлд­вэр­лэгчид рүү чихэхэд хүрсэн нь тэднийг ийн эмээхэд хүргэжээ.

 

“Биокомбинат” нь бру­целлёзоос сэргийлэх хоёр нэрийн амьд вакциныг Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яам /хууч­наар/-тай байгуулсан гэ­рээнд заасан хугацаанд нь үйлдвэрлэж, зохих горимд нь хадгалж байгаад Мал эмнэлэг, үржлийн газраас 2011 оны есдүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 514 тоот албан бичиг, шийдвэрийн дагуу хугацаанд нь айм­гуудад бүрэн тараасан зэргийг нотлох баримтуудыг “Биокомбинат”-ын ерөн­хий технологич бидэнд та­нилцуулсан юм.

 

Монгол Улсын Зас­гийн газар “Монгол мал” хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэл­сэн. Энэ хүрээндээ дарх­лаа­жуу­лал­тын бодлогыг арван жилээр төлөвлөсөн аж.

 

Ингэхдээ дээрх хөтөл­бөрийг санхүүжүүлэх Щвей­царийн хөгжлийн агент­лагийн зөвлөснөөр бру­целлёзоос сэргийлэх вак­циныг хэрэглэх арга болон вакцины шингэлэгчийг уламжлалт хэрэглэж ирснээс нь өөрчилжээ.

 

Өмнө нь уламжлалт аргаар арьсан дор тарьдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд нүдэнд дусаах хэлбэрээр хийх болсон байна. Энэ нь байран маллагаатай нөхцөлд тохиромжтой арга байж болох ч бэлчээрийн мал аж ахуйд хэр оновчтойг хэлж мэдэх хүн алга.

 

Түүнчлэн тухайн вакцины шингэлэгч уусмалыг өөрчилж, “Индиго кармен” хэмээх будагч бодистой шингэлэгч хэрэглэсэн байна. Шинэ санаа, шинэ зүйл нэвтрүүлж хэрэглэж болох хэдий ч, лабораторийн болон үйлдвэрлэлийн өргөн туршилт хийхгүйгээр монгол малыг “туршилт”-д шууд оруулсан нь даанч харамсалтай.

 

Үүгээр үл барам тухайн будагч бодис бүхий вакцины шингэлэгчийг бэлтгэх арга, стандарт, хэрэглэх арга зэрэг техникийн бичиг ба­римтууд нь албан ёсны бус, холбогдох байгууллагуудаар баталгаажаагүй байсан бай­на.

 

Вакцинжуулалтын дараа мал олноор хээл хаяснаас гадна вакцинжуулсан мал төдийгүй вакцинжуулалт хийсэн мал эмнэлгийн мэр­­гэжилтнүүдийн нүд улайж үрэвсэж, өвчилж бай­жээ. Үүнээс үзэхэд салхи шуурга, шороо тоостой нөхцөлд бэлчээрийн монгол малд шинэ арга тийм ч тохиромжтой биш гэдэг нь харагдсан байна.

 

Үндэсний эрдэмтдийн санал бодлыг биш гадны санхүүжүүлэгчдийн зөвлө­гөөг шууд хэрэгжүүлж бай­гааг вакцин үйлдвэрлэгчдийн хувьд шүүмжилж байна.

 

“Биокомбинат”-ын хувьд өнөөдөр ашиглаж байгаа техник, технологийнхоо да­гуу био бэлдмэлээ үйлд­вэрлэхээс өөр боломж байх­гүй. Тус үйлдвэрийн хувьд технологийн шинэчлэлийг хамгийн сүүлд 1973 онд хийснээс хойш огт салхи оруулаагүй.

 

Бодлого тодорхойлогчид асуудлыг нэгдсэн цогц байдлаар харж чаддаггүй, асуудлыг мэргэжлийн үүд­­нээс шинжлэх ухааны үндэслэлгүй зохион бай­гуу­лахгүйгээр аливааг төлөв­лөдгийг өнгөрсөн өвлийн дархлаажуулалтын үр дага­вар харуулсан.

 

Үүндээ ч дүгнэлт хийж, энэ жилийн дарх­лаа­жуулалтыг нарийн төлөв­лөсөн юм байна. Гэхдээ бод­лого тодорхойлогчид өн­­гөр­сөн өвлийн сургам­жаа­саа суралцахаас урь­таад “Биокомбинат”-ын өнөө­гийн удирдлагыг шүүмж­лэгчид хэвлэлээр худал ташаа мэдээлэл цацаж гүт­гэсэнд, мөн төрийн ха­риуц­­лагатай алба сахидаг албан тушаалтан худал мэ­дээллийг нягтлахгүйгээр асуу­далд хандаж, нийгэмд буруу ойлголт өгч байгаад тус үйлдвэрийн ерөнхий тех­нологич Б.Дуламсүрэн харамсаж байгаагаа илэр­хийлсэн.

 

Өмнө нь тус үйлдвэрийн ерөнхий технологич, цехийн удирдлагаар ажиллаж бай­гаад технологийн го­рим зөрчсөн био бэлдмэл үйлд­вэрлэж, хэрэглээнд гаргасан асуудлаас болж ажлаасаа халагдсан хүмүүс өнөөдрийг хүртэл заргалдсаар байгаа.

 

Тэр тусмаа өөрсдөө ажил­лаж байх хугацаандаа үйлдвэрлэсэн бруцеллёзоос сэргийлэх вакцинаа чанар­гүй, хуурамч байсан, үүнээс болж мал хээл хаясан мэтээр ойлгуулж байгаад  гайхаж байгаа аж.

 

Өнгөрсөн жилийн бру­целлёзын вакцинжуулалтын бодлого, тактик нь нарийн нягт уялдаа холбоо, зөв төлөвлөлтгүйгээс болж мал олноор хээл хаясан явдалд төр хариуцлага хүлээх ёстой ч сонгуулийн үеэр үүнийг нуун дарагдуулж, эцэст нь вакцин үйлдвэрлэгчид рүү бурууг чихэх гэж оролдсоныг “Биокомбинат”-ын удирдлагууд бодлого тодорхойлогчдод сануулаад, дахин ийм явдал гаргахгүй байхад анхаарахыг хүссэн юм.

 

Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудад уламжилсан нэг санал бол технологийн дэвшил хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх явдал.

 

Өнөөдөр “Биокомбинат” 70-аад нэр төрлийн бү­тээгдэхүүн үйлдвэрлэж бай­гаагаас ердөө 4.1 хувь дэв­шилтэт технологид нийцсэн бүтээгдэхүүн байгаа бол 57.3 хувь нь хоцрогдсон, 10 гаруй хувь нь нэн хоцрогдсон технологитой бүтээгдэхүүн байгаа аж.

 

Улсдаа ганц билогийн үйлдвэрийг хөгжлийн ши­нэ шатанд гаргахын тулд дотоод, гадаад инже­нерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэхэд төсөв хуваарилах, туршилтын жижиг амьтны цехийг Улсын туршилтын амьтны үндэсний төв болгон хөг­жүүлэх, гуравдугаарт, бүтээг­дэхүүний технологийн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг “Биокомбинат”-ын удирдлага бодлого тодор­хой­логчдод танилцуулж, дэмжлэг хүслээ.

 

Энэ талаар цаашид анхаарч, дэмжиж ажиллахаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ТӨХ-ны албан ту­шаалтнууд илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, биотехнологийн на­рийн үйлдвэрлэл болох “Биокомбинат”-д шинэчлэл хийх цаг нэгэнт болсон гэдэгтэй холбогдох хүмүүс санал нэгдлээ.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих