Өнөөдөр ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулж баярлуулах өдөр
Намрын адаг сарын шинийн 22 буюу аргын тооллын арваннэгдүгээр сарын 6-нд Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа Вавын дүйчэн өдөр. Энэ өдөр хүн болгон эхийн ачийг санан хариулах буян үйлдэх ёстой. Учир юуны хэмээвээс Бурхан багш ээжийгээ нас нөхчихөд манай гаригаас гурван үе дээш орших Төгсбаясгалант Гандангийн буюу 33 тэнгэрийн оронд заларч 49 хоног хойдын буяныг үйлдэж хайлан нэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх нутагтаа бууж ирсэн. Тэгж оюуны гайхамшгаар биеэрээ орон зайг туулж болдогийг илт харуулсан. Бурхан багш амьтан болгоныг энэрч эх болсон зургаан зүйлд хуваан сургааль номлолоо нэвтэрхий гүнзгий айлдсан. Тиим учраас хүн болгон энэрэн нигүүлэст бусдыг хайрладаг болох хэрэгтэй. Бидний зорьж олон лам, ардуудтай нийлж уншлага буян хийж байгаа явдал нь бусад бүх хүн, амьтанд тустай өгөөжтэй үйл юм. Бусад бүх хийд орон ч энэ зан үйлийг сайн гүйцэтгэдэг.
Хүмүүс минь энэ өдөр буяны цагаан үйлд даган баясаж, зул, хүжээ өргөн нүгэлээ нимгэлцгээ. Егүзэр хутагтын хийд, Хуучид хамбын хүрээнд Санжид монлом Ерөөлийн хаан номыг 7 өдөр шөнө уншиж хурдаг байжээ. Бид энэ уламлжлалыг сэргээгээд хэдэн жил болж байна. Энэ номонд 360 магтаал багтсан Гаанжуурын 5 бүлгийн нэгний хураангуй учраас асар их адистэд жанлавтай. Бүгдээр хамтдаа буян үйлдэж мунхагийн харанхуй бүдүүлэгээс ээ салж Монгол орноо хамтдаа цогцлооё
Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай
Ганданшэгчинлэн Хийдийн цоржлам Г.ДИВААСАМБУУ
Гарма Гаржид Үржин Пэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш Д.ТАЙВАНСАЙХАН
URL: