Хятад аюулгүй байдлаа чангатгалаа

-Тэрс үзэлтнүүдийг баривчлахаас гадна тагтаа нисгэх, хутга худалдах, таксины цонх нээх, улс төрийн үг, агуулгатай теннисний ширээний бөмбөгийг хүртэл хоригложээ-

Хятадын Коммунист намын XVIII их хуралд хэн ч, юу ч садаа болох ёсгүй гэж үзсэн Бээжингийн эрх баригчид аюулгүй байдлыг хангахын тулд хэний ч санаанд оромгүй өвөрмөц арга хэмжээ авч эхлэв.

Тяньаньмэний талбай дээрх Ард түмний их өргөө цогцолборт ирэх пүрэв гаригт эхлэх хурлыг угтаж цагдаагийн газар хяналт шалгалтаа чангатган төв талбай хавиар эргэлдэж буй хүмүүсийн бичиг баримтыг шалгах ажлаа эрчимжүүлжээ.

Орон нутгийн шударга бус эрх баригчдад зэвүүцсэн иргэд эзэнт гүрний үеийн уламжлалыг дагаж гомдол тавихаар нийслэлдээ ирдэг хэвээрээ. Олон улсын мэдээллийн агентлагууд уламжилж буйгаар, Бээжин хотын төвөөр явж буй таксинуудыг цонхоо онгойлгохыг хориглосон аж.

Засаг, төрд эгдүүцсэн хүмүүс автомашины цонхоор ухуулах хуудас цацах вий гэж сэргийлэхдээ таксинуудын цонх буулгагч бариулыг авч, цахилгаан онгойлгогчтой бол тэрийг нь түгжиж байгаа бололтой.

Аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хүрээнд хутга худалдах, удирдлагатай нисэх онгоц худалдаж авахыг хүртэл хоригложээ. Эдгээрийг авах зайлшгүй шаардлагатай бол өмнө нь цагдаагийн газарт очиж бүртгүүлэх ёстой. Тэр бүү хэл, Бээжингийн хуучин хорооллуудын давчуу, нарийхан гудамжинд ихэд дэлгэрсэн тагтаатай айлуудад намын их хурлын өдрүүдэд тагтаагаа торноос гарган нисгэж болохгүй гэсэн лүндэн буулгасан байна. Энэ нь тагтаагаар ч бас эсэргүү зурвас тээвэрлүүлэхгүй гэсэн үг бололтой.

Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр олон зуун цагдаа эргүүлд гарч теннисийн бөмбөгийг хүртэл шалгаж байна. Эсэргүү үг, зурвастай үйлдвэрлэсэн теннисний бөмбөг тарааж байсан хэд хэдэн тохиолдол гарч байсан тул нэн чухал их хурлын өмнө ийнхүү сэргийлж байгаа аж.

Сөрөг хүчнийхэн дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэх, үгээ хүмүүст хүргэх гэхдээ ийм арга сэдэж олсон нь хожим тодорхой болсон билээ.

Amnesty International байгууллагын мэдэгдэж буйгаар, сүүлийн хэд хоногт Хятадад 130 орчим тэрс үзэлтнийг баривчилж гэрийн хорионд оруулах, эсвэл “Хар шорон” буюу байшингийн хонгилд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр тодорхойгүй хугацаагаар хорьж байгаа аж.

“Шинэ үеийн удирдагчдад улс орны жолоог шилжүүлэн өгөх чөлөө завгүй өдрүүд Хятадад үргэлжилж байгаа ч хүний эрх, эрх чөлөөний төлөө зоригтой дуугарсан хүмүүсийг нөгөө л аргаараа нухчин дарсан хэвээр байна” хэмээн Amnesty International байгууллагын Зүүн Ази дахь төлөөлөгч Роуз Райд мэдэгдлээ.

Коммунист намаас англи хэл дээр эрхлэн гаргадаг “Global Times” сонинд мэдээлснээр, наймдугаар сараас хойш 33 мянган гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, сэжигтэй 10 мянга орчим хүнийг саатуулан шалгасан аж. Үүний үр дүнд хөдөөнөөс нийслэлд ирж эрх баригчдад гомдоллож “түвэг болдог” иргэдийн тоо 12 хувиар цөөрсөн байна.

Сүүлийн арав хоногт хоёр мянга орчим бизнесийг лицензийн зөрчилтэй хэмээн хаажээ. Тэдний ихэнх нь гудамжинд аахар шаахар хоол хийж зардаг борчууд аж. Бээжингийн Засгийн газар улс орны эрх мэдлийг шинэ үеийн удирдагчдад шилжүүлэн өгөх үйл явцыг ямар ч “бухимдал, зовнил”-гүйгээр хийхээр чармайж байна.

Н.Мөнхжин


URL:

Сэтгэгдэл бичих