“Ганц худаг”-ийн дарга байсан Ч.Сангарагчаа “Ганц худаг”-ийн хоригдол болов
“Хар гэрийн хуяг байсан хүн хар гэртээ хоригддог” гэсэн билэггүй муухай үг бодогдоод байх боллоо. Учир нь “Ганц худаг”-ийн дарга байсан Ч.Сангарагчаа өнөөх “Ганц худаг”-ийнхаа хоригдол болов.
Авлигатай тэмцэх газрын дарга байсан хүн авлигын хэргээр ял сонсов. Бүр ганцаараа биш дэд даргаа дагуулаад шүү дээ. Хачин юм гэж ёстой үүнийг л хэлдэг байдаг. Иймээс хачин юмны гол дүрийн баатрууд болоод байгаа Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын тухай товч өгүүлье.
Чимгээгийн Сангарагчаа гэж хэн бэ
Хувь тавилан гэж сонин аж. “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төв Цагдаагийн байгууллагын мэдэлд байх үед, тодруулбал 1990-ээд оны сүүлчээр Ч.Сангарагчаа “Ганц худаг”-ийн даргаар ажиллаж байсан гэдэг. Харин өнөөдөр тэрбээр тэнд хоригдол болон очиж байна.
Цагдаад дуудах нэртэй, дурьдах гавъяатай явсан энэ эрхэм өдгөө шүүхээс ял сонсож хоригдол болох юм гэж хэн саналаа. Авлигатай тэмцэх газрын дарга болохдоо ч гэсэн багагүй лобби хийж байж тэр амаргүй албанд очиж байсныг санаж байна.
Тэрбээр 2007 онд энэ газрын дарга болсон бөгөөд түүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр лоббидсон гэсэн хардлага байдаг. Хэрвээ үнэн бол энэ эр нэгэн үеийн цагийг эзэлсэн дарангуйлагчийн хамтран зүтгэгч байжээ.
Тэрбээр 1951 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ. ОХУ-ын Ростов хотын Дотоод явдлын яамны сургуулийг 1970-1974 онд, 1977-1982 онд Москва хотын Дотоод явдлын яамны дээд сургууль, 1988-1990 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг төгссөн. Манай урдаа барьдаг хуульчдын нэг гэж түүнийг салбарынхан нь үнэлдэг. Бас хатуу нь дэндсэн, зарчимч талдаа гэж гоочлох нь ч бий.
Түүний үндсэн мэргэжил нь эрх зүйч, удирдлагын менежер. Тэрбээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн академийн тэнхимийн эрхлэгч, ЭЦГ-ын дэд дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Харин Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдохоосоо өмнө Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байв.
Авлигатай тэмцэх газар үнэхээр даргадаа халгаатай юм. Анхны дарга Дангаасүрэн гэж хатаагдсан болд шиг эрхэм харамсалтайгаар бүр учир битүүлгээр энэ хорвоог орхисон. Түүний амь насыг зохион байгуулалттайгаар хороосон байх магадлалтай гэсэн хардлага өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Гэтэл хоёр дахь дарга нь мөн л бөөн дуулиан шуугиан дагуулсаар ийнхүү хар гэрт хоригдлоо. Юу л болоод байна даа.
Д.Сундуйсүрэн гэж хэн бэ
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн 1967 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Бүрэн дунд боловсролыг Цэцэрлэг хотод эзэмшээд 1985-1990 онд Цагдаагийн академийг хууль, эрх зүйн чиглэлээр дүүргэсэн байна. Дараа нь 2004-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж төгсчээ. Эрх зүйч, удирдлагын менежер мэргэжилтэй.
Сүүлийн дөрвөн жил Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажилласныг эс тооцвол тэр ерөнхийдөө “Цагдаагийн хүн” аж. Түүнийг энэ албанд томилогдоход бас л дуулиан болж байлаа. Д.Сундуйсүрэн нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн холын хамаатан гэдэг.
Архангай аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөс эхлээд дарга болтол нь зүтгэж, мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан эрхмийг ийн халгаатай суудал руу татсан хүн мөнөөх л Н.Энхбаяр бололтой.
Эхлээд дүүрэг, дараа нь УМБГ-ын дэд даргын суудалд богинохон хугацаанд суугаад Авлигатай тэмцэх газарт ирсэн. Анх түүнийг томилогдоход “Цагдаагийнхан Авлигатай тэмцэх газрыг эзэгнэх нь” гэсэн шүүмж дуулдаж байсныг санаж байна.
Төрийн алба гэдэг ийм л хэцүү. Албан тушаал ахих сайхан ч эв аяыг нь олж л явахгүй бол Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу гэдгийг бодох л учиртай.
Ямартай ч шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрийг хэн дуртай нь хэлэлцэж тайлбарлах ёсгүй. Тиймээс тэд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, түүндээ тохирсон ял авлаа гэж дүгнэх нь зөв байх.
Н.Мөнхтөвшин
URL: