УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДЭХ НЬ
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах тухай өргөдлөө УИХ-ын даргад өгөөд байна.
У.Хүрэлсүх 2012 оны УИХ-ын сонгуулиар намын жагсаалтаар парламентад сонгогдсон юм. Тэрээр МАН-ын дарга С.Батболдын дараа хоёрт жагссан. Одоогийн байдлаар МАН УИХ-д 25 суудалтай байгаагаас ес нь намын жагсаалтаар сонгогдоод байгаа. У.Хүрэлсүх гишүүнээс чөлөөлөгдлөө гэхэд намын жагсаалтад 10 дугаарт бичигдсэн Д.Сарангэрэл парламентад орж ирнэ.
76 гишүүнтэй байх УИХ өнөөдөр 71 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээрээс 9 нь эмэгтэй. Хэрэв У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл сонгогдвол УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо нэгээр нэмэгдэх юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.3-т гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан тохиолдолд гишүүний бүрэн эрх дуусгавар болно гэж заасан байдаг.
У. Хүрэлсүх нь Батлан Хамгаалахын Их Сургууль, Удирдлагын Хөгжлийн Институт, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улстөр судлаач, Төрийн удирдлагын арга зүйч, Эрх зүйч мэргэжилтэй. Бэлтгэл хурандаа. Монголын ардын армийн 152 дугаар ангид улстөрийн удирдагч, МАХН-ын Төв хороонд улстөрийн ажилтан, УИХ дахь намын бүлэгт зөвлөх, намын дэргэдэх “Залуучууд-Хөгжил” төвийн ерөнхий захирал, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо /МАСЗХ/-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажиллаж байсан, 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдсон.
2008 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Ш.Эрдэнэ
URL: