“Форбс” сэтгүүл Д.Дагвадоржийн хөрөнгийг 75 сая доллар гэж тодорхойллоо
Бизнес, эдийн засаг, улс төр, санхүү, урлаг спортын шилдгүүдийг жагсаадаг алдарт “Форбс” сэтгүүл манай томчуудын талаар үе үе бичдэг боллоо. Өмнө нь Макс группийн захирал Д.Ганбаатарын талаар нийтэлж, өнгөрсөн зун Монголын сонгуулийн тухай анализ хийж байсан бол энэ удаа Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг онцолжээ. Энэ бол манай улсын эдийн засаг хөгжиж дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаагийн шинж юм.
Түүнийг бид Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тодорхой хувь эзэмшдэг, “Асашёорюү” сан, “Аса” цирктэй, Өвөрхангайд жуулчны баазтай л гэж мэднэ. Гэтэл асар олон уул уурхайн ордтой талаар “Форбс” онцолжээ.
“Сумоч эх орондоо очжээ” хэмээх нийтлэлд Д.Дагвадоржийг Монголын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцааны 56 хувийг эзэмшдэг, “Dream Land Resort” жуулчны баазыг мөн эзэмшдэг төдийгүй уул уурхайн салбарт нүүрс, газрын ховор металл зэрэг нөөц ихтэй олон ордын лиценз эзэмшдэг хэмээн бичжээ.
Гэхдээ олон үл хөдлөхтэй Д.Дагвадоржийн алт, зэсийн уурхайгаас бусад компани нь Хөрөнгийн биржид бүртгэлгүй гэнэ. Түүний үл хөдлөх хөрөнгө болон лицензийг нь эзэмшдэг уурхайн нийт хөрөнгийн хэмжээ 50-75 сая ам.доллартай тэнцэнэ гэж Форбст өгүүлжээ.
Өөр эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Дагвадорж банкнаасаа уул уурхайн бизнес эрхлэгчдэд зээл өгөөд, тэд нь зээлээ төлж чадахгүй болохоор лицензүүдийг нь нийлүүлж авдаг болсон сурагтай. Ийм аргаар нэлээд лицензтэй болжээ.
Гэхдээ Сумогийн Майкл Жордон, Монгол Улсын хамгийн баян бизнесмений нэг гэж тодорхойлсон их аваргын хэр их хөрөнгөтэйг таамаглахад бэрх юм.
Их аваргыг эх орондоо очсон ч зодоон цохионы хэрэгт холбогдсоныг дурдсан “Форбс” хүү, охин хоёрын аав болсон Д.Дагвадоржоос “Хүүгээ өөртэйгээ адил сумоч болгох уу, эсвэл бизнесээ залгамжлуулах уу” гэж асуухад “Би хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлнэ л гэж бодож байна. Бусдыг нь мэдэхгүй” гэж хариулсан байна.
Эх сурвалж: www.24tsag.mn
URL: