Н.Энхбаяр зөвхөн шүүх түүнийг цагаатгасан тохиолдолд л шоронгоос гарна

Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сарын хоёронд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр дөрвөн жил хоригдох ял сонссон билээ.
Гэсэн ч тун удалгүй ямар гэдэг нь үл мэдэгдэх өвчин туссан хэмээн клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Түүний эхнэр О.Цолмон Н.Энхбаярын үсийг Солонгос руу шинжилгээнд явуултал аажмаар амь насыг нь хөнөөдөг хор илэрсэн гэх бөгөөд хариуг баталгаажуулахаар АНУ руу явуулсан гэдэг.
Иймээс ч түүнийг эмч нарын дүгнэлтээр ял эдлэх боломжгүй, удаан хугацаагаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргуулахаар завдаж байна гэсэн яриа олны дунд байгаа юм.
Тэр бүү хэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг түүнд өршөөл үзүүлж магадгүй гэх нь ч бий.
Харин өнгөрсөн Баасан гарагт МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын хэлснээр Н.Энхбаяр эмч нарын дүгнэлт гарч, Ц.Элбэгдорж өршөөл үзүүлвэл шоронгоос гарахгүй, үргэлжлүүлэн ял эдлэхээр шийджээ.
Гагцхүү ирэх 12 сард хуралдах Улсын Дээд Шүүх түүнийг гэм буруугүй гэж үзэн, цагаатгасан тохиолдолд л тэрээр шоронгоос гарах гэнэ.

Энэ нь Н.Энхбаяр хойшид ч улс төрд идэвхтэй ажиллах, чингэхдээ нэр төрөө сэвтүүлэхгүй байхтай нь холбоотой шийдвэр бололтой.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих