Цурхираад ч очдоггүй суудлаасаа юунд татгалзав, У.Хүрэлсүх ээ
Их улстөрд хөл тавих гэж байдгаа барж, насаараа зүтгээд ч мөрөөдлөө “оршуулах” нь олонтаа. Гэтэл УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх түмнийг төлөөлдөг төрийн түшээгийн байр сууринаасаа татгалзаж, өндөр босго, өргөн үүдийг нь хаагаад гарах албан ёсны хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа. Босгон дээр нь бүдэрсэн олон ч хүн цөхөрлөө нулимсаараа угааж, энэ их нэр хүнд, байр суурины төлөө явсныхаа төлөөсөнд эрх чөлөөгөө хүртэл хасуулж байхад Ухнаагийн Хүрэлсүх юунд үймээнт их айлын суудлыг орхин явах шийдвэр гаргав гэдэг нь өөрөө олон асуулт дагуулж байна.
Монголын ууган улстөрийн хүчний эр зоригийн бэлгэ тэмдэг мэт дүр төрхийг өөртөө бүрдүүлсэн У.Хүрэлсүхийн орон зай өнөөдрийн “зэрэмдэг” парламентад бүр ч их хэрэгтэй байв. Магадгүй шударга үнэн гивлүүрээр нүүрээ халхалсан утгагүй газар байхыг тэр хүсээгүй байж мэднэ. Үнэндээ У.Хүрэлсүхийн энэ шийдвэр олны гайхашралыг үнэхээр их төрүүлж байна. Гарч, орж байдаг нь жам ёсны хууль ч гэлээ У.Хүрэлсүх хэмээх энэ омголон эр улстөрийн их талбарыг гэнэт орхих болсон нь хэний ч сонирхлыг татна.
Монголын парламентын түүхэнд Ц.Элбэгдоржоос эхлээд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байсан тохиолдол цөөн боловч бий. Гэхдээ тэд шүүхэд татагдсан, өөрөө буруутай байсан гэх мэт ямар нэгэн шалтгааны улмаас татгалзаж байв. Харин У.Хүрэлсүхийн хувьд бол тэс өөр юм. Юутай ч эх сурвалжийн хэлж байгаагаар бол тэрбээр гэр бүлийн хүнээ асрах хэрэгтэй болсон учир УИХын гишүүнээс татгалзах өргөдлөө өгч байгаа юм байна.
Түүнчлэн өнгөрсөн сонгуулиар У.Хүрэлсүхийг Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед нам нь ялагдал хүлээсэн, тиймээс хариуцлагаа хүлээсэн шиг хүлээхээр өргөдлөө өгчээ. Хүний амьдралд жаргал, зовлон тохиолдохыг алийг гэхэв. Тиймээс эхний шалтгааны талаар юу ярихав. Харин дараагийн шалтгаан улстөрд дахин нэг шинэ соёлын үрийг соёолуулав бололтой. Ардын намд үүрэг хүлээж байгаад нам нь ялагдаж, эрх баригчдад “дээрэлхүүлж” суух гэдэг У.Хүрэлсүх шиг хүний хувьд тэвчишгүй зүйл. Тиймээс тэр намын нөхдөө бодож улстөрөөс хөндийрөхөөр шийдэв бололтой.
Анх намынхаа төв байгууллагад ажилтнаар ирж байсан цагаас хойш их улстөрийн тогоонд хат суутлаа чанагдсан энэ эр УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд хоёр удаа суусан. Түүнчлэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар тус тус сонгогдон ажиллаж байсан гээд түүний улстөрд өнгөрүүлсэн 20 жил дэвшил тэмүүллийн он жилүүд байв. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг улстөрийн ажилтнаар төгсч байсан энэ эрхэм Монгол Ардын Намын Залуучуудын байгууллагын тэргүүнээр ажиллаж, эв эеийг хичээгээгүй нэгэнд нь шанаа хүртэл өгч явсан гээд түүний улстөрийн замнал эрс шийдэмгий байсаар өнөөдөртэй золгосныг уншигч олон мэдэж байгаа.
Монгол Ардын Намын ялагдал, ялалтын аль ч үед нь үнэний дуу хоолой болж явсан У.Хүрэлсүх хэдийгээр нас тогтсон ч өнөөх л зангаараа УИХ-ын чуулганы танхимын үүдэнд Г.Баярсайхан гишүүнийг шанаадаад унагачихсан. Мэдээж УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал яригдсаан. Гэхдээ чуулганы танхимд нэгэндээ салаавч үзүүлж бүдүүлэг авирласан Г.Баярсайханыг ард олон нийтээрээ шахам буруутгасан юм. Угаасаа У.Хүрэлсүх шударга үнэний төлөө омголон бардам байж чаддагийнхаа төлөө орон зайтай улстөрч болсныг энэ үед дахин харуулсан юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хаанчлалын үед нам дотор түүний өөдөөс дуугардаг ганц хүн нь тэр байв. Ямартаа л нэг удаагийн хурал дээр “Намын ажлыг Та мэддэг юм уу, танай авгай мэддэг юм уу” гэж хэлээд хурлаас хөөгдөж байхав. У. Хүрэлсүх улстөрчийн хувьд давтагдашгүй сонин үзэгдэл, содон фигур. Түүний хэлсэн үг, үйлдэл бүхэн ард түмэнд таалагддаг юм. Түүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл далайд хэд хоног төөрч, У.Хүрэлсүх түүнийг олсондоо магнай хагартал баярлаж байсан нь ч ард түмний зүрх сэтгэлд тодоос тод үлдсэн байдаг.
Ардчилсан намынхан Монгол Ардын Намын тугийг шатаахад шатсан тугаа бариад Сүх жанжны талбайд жагсч, тухай үеийн Ерөнхий сайдыг суудлаас нь ганхуулж байхад ч ард түмэн дэмжиж байлаа. Гэвч тэр энэ бүхнийг үл хайхран өнөөдөр их улстөрөөс хөндийрөхөөр шийджээ. Өнгөрөгч сонгуулиас хойш түүний удирдан чиглүүлж явсан намд, хамтран зүтгэж байгаа нөхдөд улстөрийн дарамт ямар их байв аа. УИХ-ын сонгуулиар ард түмний үнэмлэхүй ялалт байгуулсан олон нөхөд нь автомат машинд саналаа залгиулж, мөр зэрэгцэн зүтгэж байсан олон нөхдийг нь улстөрийн зорилгоор буруутгаж байна.
Өнөөдрийг хүртэл Монгол Ардын Нам УИХ-д бүлэггүй, хагас сая иргэдийн санал үнэгүйдсээр байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд хүчний байгууллагаар дарамт үзүүлж, шүүх эрх мэдлээр бойкот хийсэн ийм бохир парламентын хаалгыг гаднаас нь хаах нь түүний хувьд ёс зүй байж болох юм. Хууль сахиулна, энэ улс орны төлөө үнэн сэтгэлээр зүтгэнэ гэж л УИХ-д суудаг биз дээ. Манай гишүүд бүгд л ард түмний өлмийг нь долоох нь халаг ийн ярьж явдаг ч амьдрал дээр өөр.
Тэгэхээр хуулиа сахиулах гэхээр олонхийн хүчээр боомилоод байхаар, ард олны төлөө явах гэхээр олонхийн хүчээр дээрэлхээд байхаар, бурууг хэлж, зөвийг хэлэх гэхээр шүүх эрх мэдлээр далайлгаж, эрхэнд нь халдах гээд байхаар түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн яаж ард олноо төлөөлөх вэ. Үнэхээр улстөрийн ёс зүйтэй намын бүлэгтэй, гишүүдтэй мөр зэрэгцэн маргалдахдаа маргалдаж, хэлэлцэхдээ хэлэлцэж яваа бол тэр өнөөдөр УИХ-ын гишүүн хэвээрээ ч байж болох шүү дээ. Үнэхээр л ёс зүйгүй, шударга бус улстөр хэрээс хэтэрч байгаа учраас тэр Төрийн ордонд бачимдаж суугаа. Тиймээс Ухнаагийн Хүрэлсүхийн энэхүү улстөрийн шийдвэр нь парламентын суудал бөглөн үлдэж байгаа гишүүдэд томоохон сануулга болж байгааг анхаарах ёстой болов уу.
С.УУГАНБАЯР
Эх сурвалж: unen.mn
URL: