БИД СЭЛЭНГЭЧҮҮДИЙНХЭЭ ДУНД АМЬДАРЧ ТЭДЭНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ СОНСОЖ, ОЙЛГОЖ ЧАДДАГ БАС ТҮҮНИЙГЭЭ ЖИНХЭНЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЖ ЧАДДАГ ХҮМҮҮСИЙГ ДЭВШҮҮЛЖ БАЙГАА….
Б.Нарантуяа /МАН-ын Бага хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга/
Сур: Сэлэнгэ нутаг юм юмны анхдагч болсон сайхан нутаг шүү? Нутаг орныхоо талаар таны бодол…
Б.Н: Тийм шүү. Сэлэнгэчүүд бид хөдөлмөр бүтээлийн анхдагчид гэж Аймгаараа бахархдаг. Сэлэнгэ аймаг түүхийн 81 жилд улс орондоо төдийгүй гадаад гүрэнд бахархах зүйл олонтой аймаг юм. Монгол улсын Төр засгийн хоймор нутаг, Ардын хувьсгалын өлгий, Ардын намын анхны хурал чуулж, Ардын нам анх байгуулагдсан нутаг, Эх орноо гамингаас чөлөөлсөн их талбар, Найрамдлын ган зам анх тавигдсан, анхны монгол алим ургуулсан Шаамар нутаг, Орхон, Хангай, Ерөө үүлдрийн хонь анх бий болсон, Атрын анхны шанг татсан Зэлтэр, Хойд хөршийг хар замаар анх холбосон, Атрын анхны баатар төрсөн гээд яривал их ээ. 2011 онд энэ бүхний баталгаа болж Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж аймгуудаас анх удаа “Сүхбаатарын одон”-г хүртсэн аймаг боллоо. Тэгэхээр энэ бүхнээр бахархдаггүй хүн гэж Сэлэнгэд байхгүй. Энэ их бахархлыг улам хөгжөөж энэ нутагт төрж өссөн болоод уугуул, суугуул Сэлэнгэчүүдийн сэтгэлд хоногшиж, түүхэнд мөнхрөн үлдэх үйл явдлын нэг бол яах аргагүй 2011 онд тэмдэглэсэн Аймгийн маань 80 жилийн ой юм. Энэ ойг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын /Аймгийн Засаг дарга асан/ удирдлаган доор ажилласан баг хамт олон болон нутаг орноо гэсэн сэтгэлтэй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүн бүрийн идэвх зүтгэлийн оролцоотой өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Мөн энэ сайхан ойтой давхцаж олон бүтээн байгуулалт өрнөсний зэрэгцээ Мандал сумын харъяат Гунаажавын Эрхэмбаяр маань МУ-ын арслан болж Сэлэнгэ түмнээ омогшуулсан гээд Аймаг орны маань ажил үйлс их өөдрөг, хүн зон нь хийморлог сайхан байна.
Сур: Та Аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажилладаг. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
Б.Н: Ер нь Улс төрийн намууд сайн боловсруулсан Мөрийн хөтөлбөрөөрөө уралддаг, түүнийг нь ард иргэд нь сайтар судлаад хамгийн сайн хөтөлбөртэй намд нь түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг ухамсартайгаар олгодог тийм сайхан цаг Монгол оронд маань удахгүй ирнэ гэж найддаг. Яг үнэндээ хоосон уриа лоозон яримааргүй байна. Ирэх 4 жилд бид аймагтаа болон сум орон нутагтаа нэг багт, нэг өрхөд, нэг хүнд зориулж нэн түрүүнд юу хийж болох вэ? ямар бодлого барьж ажиллавал иргэдийн амьдралд хэрэгтэй вэ? Өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээснээ яаж улам батжуулах вэ? Сэлэнгэ аймагт ирсэн их хөгжлийн гарааг хэрхэн үргэлжлүүлэх вэ? гэдэг бодит байдалд тулгуурлаж энэ мөрийн хөтөлбөрөө боловсруулснаараа онцлогтой. Манай аймгийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь “Хүнээ дэмжинэ-Хөгжлийг түүчээлнэ” гэсэн уриа бүхий үндсэн 3 бүлэг 6 дэд хэсэг 76 заалттай хөтөлбөр байгаа. “Түүчээлэх” гэхээр зарим хүмүүс их гайхдаг л даа. Энэ нь Я.Цэвэл багшийн толь бичигт тайлбарласнаар Тэргүүлэх манлайлах гэсэн утгатай үг. Ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэчүүдэд маань их тохирсон брэнд болгон хэрэглэж болохоор үг шиг санагддаг. Мөрийн хөтөлбөрт маань Төрийн үйлчилгээг төгөлдөржүүлэн иргэдийн үйлчилгээ авах боломжийг ойлгомжтой хялбар болгох, Сургууль, цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулж бүх нийтийн боловсролын түвшинг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Эрүүл мэндийг хамгаалах орчинг бүрдүүлж өрх гэр иргэн бүрт хүрч үйлчлэх, Мал аж ахуй, газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих,Үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ, өрхийн аж ахуйн хөгжил эрчимжих таатай орчинг бүрдүүлэх, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсоож, иргэдийн оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах гээд багц зорилтуудын доор хийгдэх олон ажлууд тусгагдсан байгаа.
Энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахад Аймаг орон нутгийг чамгүй сайн удирдсан манай багийнхны ажлын дадлага туршлага, хийж бүтээсэн нь олон түмэнд хүрч үнэлэгдээд тэднээс өгсөн урам зориг, цаашид хийж бүтээх итгэл үнэмшил дүүрэн байгаа хамт олны маань чин сэтгэл, идэвх оролцоо нь их чухал үүрэг гүйцэтгэсэн. Биднийг багаар нь дэмжээд, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг Сэлэнгэчүүд маань олгох юм бол Аймаг орон нутгийн ажлыг цаг алдахгүй түргэн шуурхай үргэлжлүүлэн, хариуцлагатайгаар гүйцэтгэн зохион байгуулахад бид бэлэн байна.
Сур: Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн талаар товчхон ярих уу? Бусад намаас нэр дэвшигчдээс ямар давуу талтай юм бэ?
Б.Н: Аймгийн Монгол Ардын Намын хорооны Дэд даргын хувьд нэр дэвшин өрсөлдөж байгаа нөхөд маань хийж бүтээснээр олон түмэндээ үнэлэгдсэн, танигдсан Төрийн захиргааны албан хаагчид, эмч багш нар, хуульч, ХАА, газар тариалангийн мэргэжилтнүүд, инженер, эдийн засагчид, бизнес эрхлэгчид гээд нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд байгаа. Мөн мэргэжил боловсрол, нас хүйс, ажлын дадлага туршлага гээд бүгдийг харгалзан байж сонгосон их чамбай боловсон хүчнүүд. Яагаад ч юм таны асуултыг сонсоод Захирагч ба Удирдагчийн тухай яримаар санагдлаа. Захирагч ажилтнаа захирдаг, Би гэж ярьдаг, алдаа гарвал хэний буруу вэ? гэж эрдэг, хэрхэн хийгдсэнийг л мэддэг, Захирагч айдас төрүүлдэг, хүндлэхийг шаарддаг бол Удирдагч ажилтнаа урамшуулдаг, Бид гэж ярьдаг, юунаас болж алдаа гарсныг хайдаг, хэрхэн хийснийг мэддэг, Удирдагч хайр халамж түгээдэг, хүндлэлийг хүлээдэг. Нэн ялангуяа дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ нийгэмд хүн энгийн байх, хүнээрээ байх, хүний мөстэй байх тэр чанаруудыг ихээхэн хүсэмжилдэг болж, Тэгэхээр олон түмний итгэл үнэмшлийг хүлээх шат шатандаа тэдний төлөөлөл болох хүмүүс нь жинхэнэ Удирдагч хүн байх ёстой гэж итгэж явдаг. Бид Аймаг орон нутгийнхаа төлөөллийг сонгох энэ хариуцлагатай үед олон талаас нь нухацтай ярилцаж, намын анхан шатны нэгжүүдийн түвшинд хэлэлцүүлгээр гарч ирсэн нэр дэвшигчдийн саналд хүндэтгэлтэй хандаж, жинхэнэ “Удирдагч” байж чадах эрхэм нөхдөө Сэлэнгийнхээ сонгогч олондоо илгээж байгаа. Нүүдлийн шувууд шиг ирж буцаад, сонгууль, ажил албан тушаал, эрх мэдэл болохоор хайр зарлаад гүйдэггүй амьдарч буй орчин тойронд минь юу хэрэгтэйг мэддэг, ард иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг чин сэтгэлээсээ мэдэрч, түүнийг нь шийдэхийн төлөө тууштай тэмцдэг, нийтлэг эрх ашгийн төлөө дуугарч чаддаг тийм л хүмүүс Орон нутгийн түвшинд ажиллах хэрэгтэй байна.
Тиймээс ч бид Сэлэнгэчүүдийнхээ дунд амьдарч, тэдэнд юу хэрэгтэй байгааг сонсож, ойлгож чаддаг, бас түүнийгээ жинхэнэ ажил хэрэг болгож чаддаг хүмүүсийг дэвшүүлж байгаа. Мөн манай намаас нэр дэвшигчдэд “Удирдагч” хүнд байх олон чанарууд байгаа нь их том давуу тал гэж итгэлтэй хэлмээр байна даа
Сур: Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг Та залуу хүний хувьд хэрхэн үнэлж байна?
Б.Н: Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ард иргэд аль нэг намд илт давуу санал өгч олонхи болгосонгүй. Үзэл бодлын хол зөрүүтэй 3 нам эвсэж байж арай гэж олонхи болж Засгийн Газраа бүрдүүллээ шүү дээ. Тэгээд мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа олон төрийн албан хаагчдыг ажлаас нь хоморголон халж, оронд нь өөрсдийн хүмүүстээ бөөндөж баахан албан тушаал өглөө. Эрх барьж байгаа намууд ард иргэдийнхээ төлөө юу хийж чадахаа одоо үзүүлэх хэрэгтэй. Монголын ард түмэн чинь тэнэг биш шүү дээ, Бүгдийг харж салгаж ялгаж өөрсдийнхөөрөө тунгааж байгаа. Ард иргэд маань өнөөгийн улстөрийн байдалд хэдийнээ өөрсдийн үнэлгээ дүнгээ тавьчихсан байгаа.
Харин орон нутгийн түвшинд хийх сонголт бол арай өөр, ард иргэдийн амьдралд ойрхон байдаг болохоор тухайн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? Энэ хүнд ямар давуу ба сул тал байдаг вэ?, Аймаг орон нутгийнхаа төлөө юу хийж бүтээсэн бэ? Цаашдаа юуг хийж чадах вэ гэдгийг нь маш бодитоор үнэлж чаддаг. УИХ-ын сонгуульд манай намын хороо шударгаар өрсөлдсөн. Сонгуулийн хууль зөрчиж аль нэг нэр дэвшигчийг гүтгэн доромжилж элдэв башир арга заль зохиогоогүй, яг л шударгаар өрсөлдсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч хийж бүтээсэн ажил дээрээ суурилан мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчдээ танилцуулж, шударгаар өрсөлдөнө. Бусад нам эвслийг ч Шударгаар өрсөлдөхийг уриалж, “Уриалга”-ыг гаргаж хүргүүлэхээр ажиллаж байна Сайн боловсон хүчин гэдэг чинь өөрөө Сэлэнгийн маань брэнд шүү дээ, Тийм учраас Монгол Ардын Нам Сэлэнгэ аймгийг удирдах явцдаа аль нэг намаар ялгаварлан гадуурхалгүй хамтран ажилласаар ирсэн. Ер нь бүх Сэлэнгэчүүд маань нутгийнхаа хөгжлийн төлөө бол нэг баг болж ажиллах хэрэгтэй. шүү дээ. Тиймээс үлгэр жишээ сонгуулийг Сэлэнгэ аймагтаа зохион байгуулъя л даа. Яагаад заавал бид сонгуулийн үед бие биенээ мөшгин мөрдөж, хардаж хордож гүйх ёстой юм бэ? Сонгууль болдгоороо болоод дуусна, Сэлэнгэчүүд бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Эцэст нь хэлэхэд өнгөрсөн жилүүдэд Монгол Ардын Намын багаар ажиллаж Та бүхэнтэйгээ хамтран бүтээн босгосон бүхэнд маань урам хайрлаж магтан сайшаадаг, бас алдаа оноотой аливаа зүйлд маань мэргэн шүүмжлэлээ харамгүй хайрладаг Сэлэнгэчүүд маань бидэнтэй байгаа цагт манай баг улам хурцлагдаж бас чамбайжиж Та бүхнийхээ сайн сайхны төлөө Сэлэнгийн нутгийнхаа Их хөгжлийн төлөө тууштай хамтарч ажиллана гэж бодож байна.
URL: