Номгон суман дахь ”Дун Юань” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэв

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан шаардлага хүргүүлж буйгаа зарлан өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд хандлаа. Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Хар толгойн холимог металлын ордыг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Дун Юань” компани 15032А, 15033А, 9852А тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг.

Компанийн үйл ажиллагаа эхэлснээр байгалийн үзэсгэлэнт Алтны ам, алдарт Борзонгийн говиор тээвэрлэлт хийгдэж Цогтцэций, Ханбогд сумын нутгийн адил экологийн тэнцвэр болон тусгай хамгаалалтай газар нутгийн эрх зүйн байдал алдагдах, ургамлын нөмрөг, ан амьтад, малын бэлчээр талхлагдах аюултай байгаа ажээ. Тиймээс холбогдох яамдад шаардлага хүргүүлж байгаа бөгөөд нутгийн иргэд ч үүнд сэтгэл зовнин эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Номгон суманд байх Хар толгойн холимог металлын ордод хүдэр 2105 мянган тонн, хар тугалга 68.722.5 тонн, сурьма 42.614.7 тонн, хүнцэл 25.130.8 тонн, мөнгө 147.803.3 кг байгааг тогтоожээ. Өнгөрсөн наймдугаар сараас энэхүү уурхайн үйл ажиллагааг улсын комисст хүлээлгэж өгөх ажил эхэлсэн бөгөөд манайхан ч улсын комисст хүлээн авахаар яаралтай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Тиймээс тус холбооноос улсын комисс хүлээж авах ажлыг зогсоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар баталсан техник эдийн засгийн үндэслэлийг дахин шалгах, “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам”-ын дагуу тогтоосон нөхөн төлбөрийн хэм­жээг дахин шалгаж, төлүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн 5.3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг Уул уурхайн яаманд хүргүүлж байгаа юм. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй үр дагавруудыг урьдчилан тооцоолохыг шаардаж байгаа ажээ.

Г.Цэцэг

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих