З. Бат-отгон : “Бид нар жинхэнэ хүн төрөлхтөнтэй учирсан шүү” гэж майл бичиж байна

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч,   Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат – Отгонтой ярилцлаа.

Монголчууд цагаан сарыг хавар хийдэг, хаврын баяр гэж ойлгодог. Өнгөрсөн 9-р сарын 22-нд Монголчууд цагаан сарыг хийлээ. Ямар учраас хавар тэмдэглэдэг байсан цагаан сараа намар тэмдэглэх болов?

Ер нь цайсан цагаан сар, нийлсэн нэгдүгээр сар гэсэн үг байдаг. Намрын сард Монголчуудын мал ахуй, идээ будаа, тариа ногоо, бие сэтгэл, тархи оюун ухаан, эд эрхтэн, орчлон дэлхийн инерги нь цайрдаг өдөр л дөө. Орчлонгийн цайсан ийм цагаан сард Монголчууд шинэ жилээ нээж, шинэ бүхнийг эхлүүлж, 9-р сарын 22-ны өдөр шиг цагаан цайлган байхыг бэлгэдэж энэ өдөр цагаан сараа хийдэг учиртай. Мөнх тэнгэрийн тоолол гэж байдаг. Энэ тооллоор бол анх, энх,  мөнхийн зурхай гэж байдаг. Анх гэдэг нь өнгөрснийг хэлж байгаа юм. Энх гэдэг нь одоо цагийг хэлдэг, Харин Мөнх гэдэг нь ирээдүйн цагийг хэлж байгаа юм. Тэгээд Анх, Энх, Мөнх тэнгэрийн зурхай буюу Мөнхтэнгэрийн зурхайгаар 9-р сарын 22 буюу аргын тооллоор, Мөнхтэнгэрийн зурхайгаар өдөр шөнө тэнцэх өдрөөр цагаан сарыг учиртай.

13-р зуунаас хойш байгаагуй том тахилгыг хийх тухай мэдэгдэж байсан. Үнэхээр энэ тахилга, цагаан сүлдийг амилуулах тахилгыг зэрэг хийдэг нь ямар учиртай вэ?

Намрын болон хаврын өдөр шөнө тэнцэх өдөр дэлхийн хүч, огторгуйн хүч, далд ертөнцийн хүч гэсэн гурван хүч тэнцдэг. Энэ өдөр гурван хүчний аль нэгний нөлөө их биш. Ийм учраас дэлхийн соронзон урсгалаар орчлон ертөнцийн бүх эрчим энерги өөрөө урсаж цэвэрлэгдэж байдаг. Байгаль энергиэ цэвэрлэдэг өдөр учир энэ өдрийг цагаан тэнгэрийн эрхшээл, цагаан тэнгэрийн хүч, цагаан тэнгэрийн энерги илүүтэй буудаг. Тиймээс Монголчууд цагаан сараа энэ өдөр хийсэн. Бид нар цагаан сарынхаа өглөө тахилгаа хийдэг. Тэр тахилганы оронд бид 13-р зуунаас хойш хийгдээгүй тасраад байсан цагаан тэнгэрийн хүчийг буулгаж ирэх, тэгэхдээ цагаан сүлдээр дамжуулж буулгаж ирэх, тэр сүлдийг амилуулах тэнгэрийн тахилгатай хамт бид ингэж хийсэн юм.

Тахилгад Монголчууд олноор цугласан. Хэддэх жилдээ цагаан сарыг намар уламжлал болгон сэргээн тэмдэглэж байна вэ? Яагаад хүмүүс энд зорьж очдог юм болоо?

2007 оноос бид хувьдаа тэмдэглэж эхэлсэн. Яг Монгол суу ухааны Манукол академ байгуулагдаад 2010 оноос энийг тэмдэглэж эхэлсэн. Өмнө нь бид Хайртхааны хойд талын аманд энэ цагаан сарыг хийж байсан. Олон хүмүүс цагаан сараа тэмдэглэх ёслолд оролцдог. Энэ жил ерөнхийдөө мянга гаруйхүн цуглаж, цагаан сарын шинэлгээгээ хийлээ. Мөн тэнгэрийн тахилгаа хийлээ, цагаан сүлдээ амиллууллаа. 13-р зуунаас хойш тасарсан том төрийн ёсыг сэргээлээ яг жинхэнэ утгаар нь. Яагаад ийм олон хүн цуглаад хийгээд байна вэ гэхээр монголд өөрийн гэсэн цаг тоолол, ёс дэг байсан юм байна гэдэг нарин мэдвэл зохих зүйлээ мэдчихээр хүмүүс үнэн юмлуугаа татагдаад байдаг. Гэтэл одоо бол хаврын цагт өвлийн хатууг давчихаад хаврын хахирын эхэн цагт үгээ хэлж ядан, үйлээ баран байж цагаан сарыг домоглоод хийдэг шүү дээ. Энд бол бүх юм нь бэлэн тэнгэрийн ёсоор яаж тэмдэглэдэг гэхээр, ямар ч мөнгө төгрөг, хадаг бэлэг сэлт хэрэггүй, ердөө тэр хүний халуун дулаан энерги, цагаан сэтгэл байхад л болоо. Ийм амар хялбар, хүнд дараагүй уяраас монголчууд олноороо цагаан сарыг тэмдэглэх нь яг энэ цаг зөв юм байна, яг энэ ёс дэг зөв юм байна гэдгийг илүү таниж ухаарч байгаа юм.

Энэ үеэр цагаан сүлдийг тахих хүч буулгах ёслол болсон. Яг тэнгэрийн хүч бууна гэхээр юуг хэлээд байгаа юм бэ? Ямар байдлаар тэнгэрийн хүчийг татдаг вэ?

Бид олон тэнгэрийн тэмдэгтүүдийг тусгайлан бэлдлээ. Энэ тэнгэрийн тэмдэгтүүд дээр гал асаасан. Тэгэхдээ дандаа ариун юмаар асаадаг. Тэнгэр гэдэг бол энэ сансар огторгуйд байгаа бүх гаригийг эзлэн сууж байгаа дээд оюун санаануудыг хэлж байгаа юм. Хамгийн дээд хамгийн гэгээрсэн дээд хөгжилтэй оюун санаануудыг хэлж байгаа юм. Тэгэхээр тэнгэрийн хүч бууна гэдэг нь яг тэр оюун санаанууд олноороо бууж ирж байгаа юм. Буухдаа зүгээр нэг өмхий самхай үнэртсэн юман дээр ч юмуу зүгээр нэг галан дээр буудаггүй юмаа. Энэ нь тэнгэрийн тэмдэгтээ таниж бууж ирдэг учраас тэнгрэийн тэмдэгтүүдийг тахилгын талбайд тусгайлан засаад тэнгэрийн тэмдэгтүүд дээр аргал гэдэг юм уу шар тос, идээ цагаа, ганга арц зэрэг дандаа ариун үнэртнийг асааж өгч байгаа. Энэ орчлон дээр байгаа хар хүчнүүд дандаа муу хоол хүнсний үнэрээр хооллодог. Сайн цагаан тэнгэрүүд болохоор дандаа ариун үнэрээр хооллодог. Тэгэхээр энэ ариун дагшин үнэртэй юмнууд асаад тэр газар нутгаар тархаад ирэхээр тэнд байгаа бүх муу оюун санаанууд хөөгддөг. Ингээд дандаа сайн нь бууж ирдэг. Гэхдээ бууж ирэхдээ хаа хамаагүй газар буудаггүй, яг гал асж байгаа тэнгэрийн тэмдэгт дээр буудаг.

Монголчууд өмнө нь цагаан болон хар сүлдийг тахих ёслолуудыг олон хийж байсныг санаж байна. Энэ удаагийн цагаан сүлдний тахилганы онцлог юу вэ?

Төрийн ордонд есөн цагаан туг нь байж байна. Батлан хамгаалах яаманд таван хар туг нь байж байна. Эдгээр нь ерөөсөө амилаагүй, шашны ёсоор амлчихсан. Яг тэнгэрийн хүчээр татаж буулгаж ирдэг тэнгэрийн ёсоор амлаагүй учраас Монгол улс үндэстэний амьдрал засагдах өдөр энэ хүч буухгүй байгаа учраас Монголчууд хар бараан юма яриад энэ дотроо хутгалдаад, бие биенээ гүтгээд хэрүүлээ хийгээд сууж байна. Энэ зүйлийг өөрчлөх гэж цагаан тэнгэр буух ёстой юм.

Энэ тахилгад Монголчуудаас гадна дэлхийн олон орны бөө судлаачид оролцож байсан. Яагаад энэ нь олон улсын анхаарлыг татах болов?

Нийгэмд Монголын бөө нарыг  тойрсон сайн муу яриа их яригдах болсон. Би бодохдоо Монголчууд хэзээ бөөтэйгээ байсан тэр цагт тэнгэртэйгээ холбогдож, тэнгэртэйгээ байсан цагт хүчирхэг оршиж байсан. Хэзээ бөөгүй болж тэнгэрээсээ хагацсан цагт ингэж доройтдог. Тэгэхээр Монголын бөө нарыг тойрсон сайн муу нийгэмд газар авч яригдаад байгаа учраас энэнд хариу өгөх гэж Монголын бөө гэж хэн юм бэ? Ямар хүч чадалтай юм бэ? Юу хийдэг юм бэ?гэдгийг эхлээд Монголчууддаа харуулъя, дараа нь төр засагтаа харуулъя, эцэст нь дэлхийн бөө нарт харуулъя, тэгээд энэ хүмүүс юу хэлэхийг сонсоё. Тэнд оролцсон гадаадын бөө судлаачид болон нар Монголын бөө нар ямар хүчирхэг юм бэ гэж бүр гайхшраад дуу алдаад хэлж байсан. Энэ тахилгад оролцсоны дараа ерөөсөө хүч хүч хүч гайхамшиг гайхамшиг гайхамшиг гэж хэлээд тэд явцгаасан. Тэгээд өнөөдөр над руу “Бид нар жинхэнэ хүн төрөлхтөнтэй учирсан шүү” гэж  майл бичиж байна.

Энэ том тахилгад олон бөө нар бөөлсөн учраас ямар нэгэн байдлаар тэнгэрээс ирж байгаа дохио өгөгдөл мэдээж байсан байх. Тэр хүмүүс ер нь юу ярьж байсан бэ?

Аливаа тахилгад тахиж байгаа зүйлээс нь заавал энерги мэдээллийн харилцаа холбоо болон үйлчлэл үүсдэг. Тэрийг л дуран, камер, аппаратаар баримтжуулж авах ёстой. Манай тахилгын үед гал дээр, үүлэн дээр, тэнгэр гэсэн гурван түвшинд өгөгдөл мэдээлэл ирсэн. Энийг тахилгад оролцсон бөө биш жирийн хүмүүс хүртэл харсэн. Жишээ нь цагаан луу амилж босож ирсэн. Мөн цагаан хас эргэлээ. Эцэст нь нарыг тойроод битүү солонго татсан дээр нь мөнх хөх тэнгэрийн хоолой татсан. Тэр хоолойгоор хүч нь бууж ирлээ. Тэгээд олон бэлгийн мэлмий нь нээгдсэн хоосон чанарыг хардаг хүмүүс тэнд ямар их хөх туяа бууж, ямар их хүч сарниж, газар нутагт тарж байгааг бүгд өөрөө өөрийхөөрөө харсан. Удахгүй бид тахилганыхаа тайлал гэж юмыг хийнэ. Тэнгэрээс ямар дохио мэдээлэл ирэв, ямар эрчим хүчийг бидэнд өгөв гэдгийг дүрсээр баримтжуулна. Наад зах нь бидний цагаан сүлдээ амиллуулсан цагаан ямааны зүлд байна ш тэ. Тэр цагаан ямааны зүлд тэр чигээрээ тэнгэрт гарлаа. Тэр чигээрээ үүлэн дээр буулаа, тэр чигээрээ гал дээр буулаа энэ мэтчилэн тэнгэрийн тэмдэгтүүд тэнгэрийн дөрвөн өнцөгт дээр нь тахилга эхлэхийн өглөө тэнгэрийн заадас гарч ирээд яг тэнгэрийн нэг цэгээс нарны цацараг шиг цацраад дундаа нийлсэн. Яг тахилганы талбай дээр нийлсэн. Тэр нь фото зураг бичлэгээс гарчихсан байгаа. Тэнгэрийн хүч гэдэг зүйл байдаг юмаа гэдгийг хүмүүсийн нүдэн дээр харуулаа.Тэнд ямар ч тусгай дуран авиа, бэлгийн мэлмий хэрэггүй. Зүгээр л хоёр нүдэнд нь харуулаад өглөө.

Энийг хийсний ач холбогдол юу вэ? Энэ нь Монголчуудад ямар үр ашигтай вэ?

Тахилгад оролцсон хүмүүс бол яг тэнгэрийн холбоос үүсээд, тэнгэрийн хүч бууж байхад тэр олон тэнгэрүүд бууж ирж байхад өөрсдийгөө тэнгэрт таниулж байгаа юм. Би Монгол үндэстний ийм иргэн байна, мөн өөрийнхөө хувийн болон улс үндэстнийхээ төлөө гэсэн бүх залбирал, хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлэл, зорилгоо тэнгэрт мэдүүлж чадаж байгаа юм. Тэгснийхээ хариуд тэр өөрийнхөө бие цогцосод, оюун санаандаа тэнгэрийн хүчийг хурааж авч байгаа юм. Энийг аваагүй нэг ч хүн байхгүй. Хэрвээ гурав юм уу долоо хоногийн зүүд зөнгөө захисан бол энэ дотор заавал өгөгдөл мэдээлэл ирдэг. Тэгэхээр энийг хүн өөрийн мэдэлгүйгээр авч байдаг юм. Тухайн хүний оюуны хөгжлөөс шалтгаалж зарим нэг нь мэдэрдэг. Тэгээд заавал өнөөдөр маргааш биш, хэсэг хугацааны дараа авсан юм нь заавал өөрт нь мэдрэгдэж илэрдэг. Энэ тахилга анх удаа хийгдлээ. Олон давтагдаад хийгдээд ирэхээр 90-н оноос хойш энэ бөө мөргөл сэргэснээс хойш Монголд олон уул овооны тахилга хийгдээд, олон тахилга хийгдсэний үр дүнд байгаль эх дэлхий сэргэж байна. Энийг хүн болгон хүлээн зөвшөөрч байна. Яг энэн шиг энэ тахилга олон хийгдээд ирэхээр Монгол үндэстэн минь арван жил хийгдсэний эцэст хүчээ авч эхэлнэ.

Сүүлийн үед иймэрхүү тахилга, шашны зан үйлд оролцох өөрөө бас бизнес болчихсон, тэнд оролцсон хүмүүс тэдэн төгрөг төлөх ёстой, тийм төлбөртэй гэж ярьдаг. Таны энэ тахилгад оролцсон хүмүүс хэдэн төгрөг төлсөн бэ?

Нэг ч төгрөг төлөөгүй. Оролцсон хүмүүс тахилгын үед өөрсдөө цагаан идээ, сүү, цайтайгаа ирсэн. Манай академ эрсдэл хүлээгээд тэр бүх зардлыг гаргаад  суугаагүй. Манайх төрийн бус байгууллага, миний хэдэн ном, лекцний орлогоор л санхүүждэг. Энэ тахилгыг хийхийн тулд би компаниудаас мөнгө зээлж хийсэн. Гэхдээ энэ тахилгад оролцож байгаа хүмүүсийг би өргөх цагаан идээ, шар тос, сүүгээ арай илүү аваад ирэх болов уу гэж бодсон. Монголчууд ямар харам болчихсон юм бэ? дэндүү бага юм авчирсан. Би бодохдоо дараагийн тахилгад ард түмэнд найдалтгүй юм байна, өөрөө дахиад зээл тавьснаараа тавиад тэр бүх юмыг нь тэнгэрт хүргэх жамаар нь өөрөө бүрдүүдж хийх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчихээд сууж байна.

Та тэгээд заавал эдийн засгийн хувьд үр өгөөжгүй, энэ их хүч хөдөлмөрийг зориулж хийхийн гол учир юу вэ?

Тэнгэрийн улаач болохын утга учир энэнд л байдаг. Сэтэрхий зүү, сиймхий самбааны хариуд ч бүх үйлийг хийх ёстой гэсэн тангараг тавьдаг. Би тэнгэрийн улаач болсон. Дээр нь миний онго тэнгэрүүд энийг л хийх гэж мөнх тэнгэрт тангараг тавиад бууж ирсэн. Энийг л хийх ёстой. Ингэж л газар тэнгэрийг холбож, газар тэнгэрийн хүчийг Молгол үндэстэн дээр хаяж л  энэ Монгол сэргэнэ. Түүнээс энэ засгийн ордонд сууж байгаа хэдэн саарал тархитай, саарал бодолтой харийханыг дуурайгаад харийханы дохио зангаагаар хөдлөж байгаа хүмүүсийн бодлогоор манай улс өөрчлөгдөж засагдахгүй. Харин ч улам дордож байна шүү дээ. Тэгвэл Монгол гэдэг чинь маш том тэнгэр газрыг холбосон энэ тахилгат зан үйлээрээ сэргэж байсан.

Та бөө болчихсон уу? таныг тахилгын үеэр бөөлсөн гэсэн. Мөн “Бөөгийн тухай мэдлэгүүд” гэсэн лекц тавина гэж сонссон. Энэ талаараа яриач?

Бололгүй яахав. Эхлээд хүн тархиараа бөө болох ёстой юм. Дараа нь бие цогцос, зан үйл бүх юмаараа бөө болох ёстой. Энэ бол айж ичээд нууж хаах зүйл биш. Харин ч бахархах зүйл. Би бөө болсноороо онго тэнгэрүүдээрээ дамжуулж, 13-р зуунаас хойш тасарсан энэ том тэнгэрийн тахилга, энэний мэдээлэл бүх юмыг аваад тэрний хүчээр энэ тахилгыг хийлээ. Энэ бол бахархах зүйл, надаас өөр хэн ч ийм том тахилга хийгээгүй. Монголын бөө нарыг тойрсон сайн муу нийгэмд газар авч яригдаад байгаа учраас энэнд хариу өгөх гэж Монголын бөө гэж хэн юм бэ? Ямар хүч чадалтай юм бэ? Юу хийдэг юм бэ?гэдгийг эхлээд Монголчууддаа харуулъя, дараа нь төр засагтаа харуулъя, эцэст нь дэлхийн бөө нарт харуулъя, тэгээд энэ хүмүүс юу хэлэхийг сонсоё гэсэн үүднээс “Бөөгийн тухай мэдлэгүүд” гэсэн сэдвийг сонгон лекц уншихаар болсон. Лекц энэ сарын 18-нд 14.00 цагт UB паласын их танхимд зохион байгуулахаар болсон. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.

Бидэнд сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Ч. Батцэцэг


WWW.UNEN.MN


URL:

Сэтгэгдэл бичих