“Танай улсад Азийн хамгийн амжилттай яваа хоёр групп хөрөнгө оруулж эхэллээ”
-Сонгуулийн өмнө батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хөрөнгө оруулагчид тэр дундаа уул уурхайн салбарынханд ойлгомжгүй байдлыг бий болгосон гэж яригдаж байгаа. Шинэ Засгийн газар тус хуульд өөрчлөлт оруулах эсэх нь тодорхойгүй байгаа өнөө үед Та уг хуулийн талаарх саналаа хуваалцахгүй юу?
Матт: Хууль хэрхэн хэрэгжихийг л харж сууна даа. Монгол улс Хөрөнгө оруулалтын зөвлөлтэй болох нь чухал байна. Монгол шиг стратегийн ач холбогдолтой нөөцүүдээ хамгаалахыг зорьдог улс орнууд зөвлөлтэй байдаг. Түүний нэг жишээ нь Австрали. Зөвлөлтэй болох нь чухал ч хэрэгжилтийг нь хэрхэн хангах вэ гэдэг асуудал түүнээс илүү чухал. Аливаа нэг зөвшөөрөл, лиценз олгохын тулд зургаан сар, нэг жил эсвэл түүнээс ч урт хугацаанд шийдвэрээ гаргахгүй уддаг хүнд сурталтнуудтай болох нь Монгол улсын хувьд хүсэх зүйл биш. Бүх ажил хэрэг тэр хэмжээнд сунжирна л гэсэн үг. Харин энэ улс орны эдийн засгийн хурдацтай хөгжил, үндэсний эрх ашгийг хүндэтгэн ажлаа явуулбал томоохон эерэг нөлөөлөл байх болов уу.
-Хөрөнгө оруулагчдын олонх нь тань шиг бодолтой байгаа гэж Та бодож байна уу ?
-Монгол улс бол сонголтуудын нэг. “Гаррисон капитал” нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг компани. Хэрэв хөрөнгө оруулалтын хууль ашиггүй нөхцөл байдал үүсгэвэл өөр аль нэг улсад хөрөнгө оруулалтын илүү таатай орчинг харж эхлэх нь дамжиггүй. Бусад хөрөнгө оруулагчдын хувьд санаа бодол нэгтэй байгаа байх. Бидэнд тоглоомын талбай тэгшхэн байх нь таалагддаг. Тоглолтын дундаас дүрэм нь өөрчлөгдөөд байхыг хүсэхгүй. Би Монголд ирж ажиллаад гурван жил гаруй болж байна. Бид чамлахааргүй ч амжилтыг үзүүлсэн. Тиймээс “Гаррисон” Монголд удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Бизнесийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боллоо. Одоогоор бид үндсэн болон үндсэн биш 1000 гаруй ажилтантай. Ажил хэрэг бүтэмжтэй сайн яваа. Түүндээ ч урамшиж байгаа. Гэвч дахин шинээр хууль гарч ирээд эсвэл өөрчлөгдөж биднийг тухгүйтүүлээд байхыг хүсэхгүй байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг экспортыг дэмжсэн салбарын эдийн засгийн аюулгүй байдалд халдсан хэрэг гэж хатуухан шүүмжлэх хүн ч байдаг. Энэ хууль тухайлбал, танай компанийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байна вэ. Энэ хуулийн талаарх салбарынхны бодол юу байдаг вэ?
Т.Лхагвадорж: Ер нь бол манай салбарынхны хувьд дээр хэлсэнчлэн хөрөнгө оруулалтын Зөвлөлтэй байх нь зөв гэж олонх нь үзэж байгаа. Түүнийг хэрэгжүүлэх механизм нь ил тод, асуудлыг үнэн зөв шуурхай шийддэг систем хэрэгтэй байна. Одоогийнх шиг журам нь ч батлагдаагүй бүрхэг, ойлгомжгүй хуулийг хүн болгон дур дураараа орчуулна шүү дээ. Ингэхээр мессеж хөрөнгө оруулагчдад ямар ч байдлаар очиж болно. Ерөөсөө 49 хувийн хөрөнгө оруулалт хийж болох агаад түүнээс илүү хөрөнгө оруулалтын боломж байхгүй юм байна гэж ойлгох юм бол энэ үнэхээр асуудал. Асуудлыг хэд хоногт яаж шийдэх вэ гэсэн нарийн зохицуулалт бүхий тодорхой механизм байх л хэрэгтэй.
-Та Австралид Зөвлөлөөрөө дамжуулан хуулийн хэрэгжилтээ хянадаг тухай хэллээ. Тэгвэл энэ хоёр орны Хөрөнгө оруулалтын тухай хууль юугаараа ялгаатай вэ?
Матт: Би хуулийн мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ Австралид тодорхой мөнгөн дүнгээс /200 сая ам.доллар гэж бодож байна/ давсан хөрөнгө оруулалт хийж буй гадаадын аж ахуйн нэгж 15 хувиас дээш өмчлөлийн эрх авах хүсэлтэй байгаа бол Хөрөнгө оруулалтын зөвлөл зөвшөөрөл өгөх ёстой байдаг. Тухайн зөвшөөрлийг олгох ажил зургаан сар бус 30 хоногт л үргэлжилдэг. Монгол 49 хувиас дээш гэж үздэг бол тэнд 15 хувиар тогтоодог.
Нэг том ялгаа нь ажил хэрэг явуулах хурд юм. Энэ бүх асуудлыг шуурхай шийдвэрлэж байх нь чухал. Томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс асуудлыг одоо шийдвэрлэгдэх үү эсвэл зургаан сар хүлээх ёстой юу гэдгийг тодорхой мэдэх хүсэлтэй байдаг. Товчхондоо, хэрэгжилтийн талд гол учир нь байгаа юм. Хоёрдугаарт, өмчлөлийн асуудал байна. Австралид стратегийн ач холбогдол бүхий зарим нөөцийн тухайд зөвлөл “Үгүй ээ, бид энэ зөвшөөрлийг олгохгүй” гэж хэлэх тохиолдол байдаг ч энэ нь ховор. Зөвшөөрөл өгөөгүй нөөц Австралийн аж ахуй нэгжийн гарт хадгалагдаж байх ёстой. Бид тухайн стратегийн ач холбогдолтой нөөцийг Хятад эсвэл Английн компани эзэмшээсэй гэж хүсэхгүй. Зөвлөлөөс Австрали улсын хувьд тухайн нөөц үнэхээр эдийн засгийн өндөр ач холбогдолтой нөөц мөн үү үгүй юу гэдгийг сайтар нягталсны эцэст шийдвэрээ гаргадаг.
Бусад тохиолдолд асуудал маш шуурхай шийдвэрлэгддэг. Австралид тодорхой нэг салбарын нөөц хөрөнгийн гадаад өмчлөл 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зүйл огт байдаггүй. Ингээд ажил бүтэхгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс хөрөнгө оруулахаа зогсоочихдог.
-Монголын уул уурхайн салбарын бодлого зохицуулалтыг Та хэрхэн дүгнэдэг вэ?
-Таалагдах, таалагдахгүй зүйл хоёулаа байгаа. Уул уурхайн салбар нь тэргүүлэх ач холбогдолтой орны хувьд лицензтэй холбоотой тогтолцоонд олон зүйлийг хийх шаардлагатай байдаг. Тухайлбал, манайх шиг компанийн хувьд шинээр хайгуулын лиценз авах боломжгүй. Энэ нь Монголд цаашид шинэ бүтээн байгуулалт, хайгуул явагдахгүй л гэсэн үг. Угаас зөвшөөрөл авангуутаа олборлоод эхэлнэ гэж байхгүй. Лиценз авсан ч олборлолт хийхээс өмнө олон жилийн хайгуулын ажил хийх шаардлагатай байдаг.
Одоо хуучин лицензийн ихэнхийнх нь хугацаа дуусч байгаа. Монголын газрын зураг дээр 2005 оноос өдийг хүртэлх хугацаанд олгосон лицензийг харвал тоо нь эрс буурсан байгааг харж болно. Би үүнийг Монгол улсын хувьд ашигтай нөхцөл байдал гэж бодохгүй байна. Энэ бол улсын хэмжээнд ихээхэн хохиролтой асуудал.
Лхагвадорж: Хайгуулын шатандаа явж буй төслүүд бүгд уул уурхайн олборлолт болж хувирдаг гэж ойлгож огт болохгүй. Орд газар оллоо ч энэ нь олборлолт эхлэх хэмжээний эдийн засгийн үр ашигтай байна гэсэн үг биш. Олборлолтын шатанд хүрэхийн тулд наана нь тухайн төсөл эдийн засгийн үнэ цэнэтэй байж чадах эсэхийг үнэлж дүгнэсэн зах зээл, шинж чанар болон агууламжийн судалгаа, үнэлэлт гэх мэт маш олон ажлыг хийх хэрэгтэй байдаг. Бүтэн есөн жилийг хайгуулд зориулсан ч эцэст нь олборлолт хийх боломжгүйг олж тогтоох нь ч бий. Магадгүй, 20 эсвэл 50 жилийн дараа геологи, зах зээл болон байгаль орчны нөхцөл байдлаас үүдэн шинэ төсөл хайх шаардлага ч гарч ирж болно. Эцэст нь, тухайн оронд шинээр төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоход бүгд орхиод явдаг. Учир нь тэнд үлдэнэ гэдэг дэндүү эрсдэлтэй асуудал.
Засгийн газар тийм их зүйл хийгээд байх шаардлагагүй гэж би боддог. Тэдний зүгээс зөвхөн бодлого чиглэлээ тодорхой болгож, хэрэгжилтийг нь хангаад явахад л болно. Аливаа бодлогыг танилцуулснаас хойш тав, арван жилийн дараа үр нөлөө нь гардаг болохоос тэр дороо үр дүнгээ өгөөд эхэлнэ гэж байхгүй.
-Олон хөрөнгө оруулагч Европын өрийн хямрал, Хятадын эдийн засгийн удаашрал Монголыг дайрах вий гэдгээс ихээхэн болгоомжилж байх шиг байна. Та бүхний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн давж гарах талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
Матт: Бид алзахгүй ээ, эрдэс баялгийн салбарын нэг хэсэг нь уналт, өсөлт юм. Бүх насаараа энэ салбарт зүтгэж байгаа хүний хувьд өгсөж уруудах үе олон байдгийг хэлэх байна. Уруудах үед нь бизнес төлөвлөгөөндөө ялимгүй өөрчлөлт оруулаад л үйл ажиллагаагаа хэвийн аваад явах хэрэгтэй. Бусад хүмүүс сандарч мэгдэж байхад таны хувьд эзэмшлээ ихэсгэж болох юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр зараад байвал, Та худалдаж авч байх хэрэгтэй. Аливаа зүйлд арай өөрөөр илүү ухаалаг хандаж, оролдоод үзэхэд гэмгүй.
Нөхцөл байдал таагүй үед хэрэв бусад хүмүүс бизнесийн үйл ажиллагаагаа хумьж, ажилтнуудаа цомхотгож эхэлбэл чамд чадвартай боловсон хүчин олж авах сайхан боломж гарч ирлээ гэсэн үг. Мэдлэг, туршлагатай мэргэжилтэн Монгол улсын хувьд томоохон асуудал болсоор байна. Монгол жижиг улс. Тиймээс тэр хэмжээнд боловсрол маш чухал үүрэгтэй. Иймд цөвүүн цаг чадварлаг боловсон хүчнээ зузаатгах тохиромжтой үе болж бас болдог. Цаг солигдож нөхцөл байдал дээрдэхэд хавьгүй илүү таатай байр суурин дээр очсон байх болно.
-Нүүрсний экспортын зогсонги байдлыг зарим хүн Хятад улс өөрийн хүчтэй нөлөөллөө өсгөх гэсэн оролдлого эсвэл Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлэх гэсэн бас нэг мэх байх магадлалтай хэмээн хардаж байна. Тэгвэл таны хувьд энэ тухайд юу хэлэх вэ ?
-Хятадын эдийн засгийн удаашралд сүртэй ач холбогдол өгсөн зүйл надад алга. Миний бодлоор Хятадын өмнө маш том өсөлт бий. Тиймээс энэ удаагийн нөхцөл байдал ч тэр магадгүй тус улсын гаргадаг олон жижиг тоглолтуудын л нэг байх. Тухайлбал, төмрийн хүдрийн үнэ 140 ам.доллараас 85 болтлоо буурсан ч одоо эргээд 105 ам.доллар болчихсон явж байна. /2012.09.19/ Хүн бүр л “Өө, Хятадын эдийн засаг удааширч байгаа учраас тэр” гэцгээж байсан. Гэвч зэсийн үнэд өөрчлөлт орсон зүйл байхгүй л байна шүү дээ. Зэсийн үнэ эдийн засгийн саармагжилтийг харуулахад харьцангуй нөлөө бүхий үзүүлэлт.
Эргээд 2009 оныг харвал тэр үед зэсийн үнэ дөрвөн ам. доллараас 1.30 ам доллар хүртэл навс унаж байсан. Тэр үе бол үнэхээр дэлхийг хамарсан эдийн засгийн бууралт байв. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал миний санааг огт зовоохгүй байна.
-Нүүрсний зах зээл дэх таагүй байдал хэр удаан үргэлжилнэ гэж таамаглаж байна вэ?
-Үүнийг би түр зуурын бууралт гэж харж байгаа. Шинэ он гэхэд нүүрсний үнэ сэргэж эхлэхийг бид харна. Энд нэг зүйл тодорхой. Дэлхийн хүмүүс удаан хугацаанд нүүрс шатааж амьдрах нь илэрхий.
Лхагвадорж: -Монгол экспортын боломжит бусад зах зээлд хүрэхийн тулд Орос, Хятад гэсэн хоёр орноор дамжихаас өөр аргагүй. Манай хойт хөрш өөрөө нүүрсний тийм том хэрэглэгч биш. Харин Хятад, Солонгос болон Япон улс нь томоохон зах зээлтэй орон.
Дээрх орнуудад ашигтай зах зээл байгаа ба тэр дундаа коксжих нүүрсний хувьд ихээхэн боломж байгаа.
Матт: Хятадын хувьд хэдийгээр том гүрэн ч зарим хэсгийнх нь хөгжил удаашралтай байхад нөгөө хэсгийнх нь хөгжил маш хурдацтай явж байх жишээтэй. Сайн ажвал тус улсын Монголтой хил залгаа мужуудын хөгжил харьцангуй сайн байгаа. Тэдний хувьд хамгийн өндөр өсөлт, хэрэглээтэй байгаа юм.
-“Хүннү коал”, “Харанга ресурс”, “Вояжер ресурс” гэх мэт компанийг менежментийг авч яваа удирдлагын хувьд “Гаррисон капитал”-ын хариуцлагатай уул уурхайн тал дээр баримталдаг бодлого юу вэ?
Лхагвадорж: Олон хүн хариуцлагатай уул уурхайн талаар ярьдаг. Манай компаниудын ихэнх нь хөрөнгийн зах дээр бүртгэлтэй байдаг учир бид зөвхөн уул уурхайн, олборлолтын хувьд бус хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг давхар авч явдаг.
Биднийг компанийнхаа үйл ажиллагаанд хариуцлагагүй үйлдэл хийгээд суухыг хөрөнгө оруулагчид харахыг хүсэхгүй шүү дээ. Бид үйл ажиллагааныхаа тайланг улирал болон жилээр дэлхий дахинд нээлттэй танилцуулдаг. Бидний тухай мэдээлэл авахыг хүссэн хэн ч манай цахим хуудсанд ороод авчихаж болно. Компанийн зүгээс ямарваа нэг буруу зүйл хийж байгаа талаар хөрөнгө оруулагчид хардлага төрлөө гэхэд шууд асууж хариултаа авах боломжтой байдаг. Хөрөнгө оруулагч том, жижиг ямар байх нь хамаагүй тэд асуух, мэдэх эрхтэй.
Матт: Бид энэ салбарт олон жил байлаа. Цаашид ч удаан хугацаанд байх болно. Тиймээс нэр хүндээ сэвтүүлэх зүйл хийхийг хүсдэггүй. Бидний маш их болгоомжилдог зүйл бол тэр.
-“Хүннү коал”-ын амжилт, “Банпу”-тай хийсэн хэлцэл гэх мэт өнгөрсөн жил гаргасан амжилтыг тань бид харсан. Тэгвэл “Гаррисон капитал” компанийн дараагийн том алхам юу вэ?
-Хэдийгээр “Банпу” компани хамгийн том хувьцаа эзэмшигч ч гэлээ Жорж/Лхагвадорж/ бид хоёр “Хүннү коал”-ын үйл ажиллагаанд ихээхэн оролцоотой хэвээр байгаа. Бид “Банпу” компанийг нүүрсний бизнесээ гайхалтай амжилтад хүргээсэй хэмээн хүсэж байгаа учир одоо ч тусалж хамтран ажилладаг. Ингэснээр бид цаашид “Харанга ресурс”-ын төмрийн хүдэр, “Вояжер”-ийн зэс болон шинээр эхлүүлж буй газрын тосны “Вольф петролиум” компанийнхаа үйл ажиллагаанд анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болж ирж байгаа. Бид Монгол улсад удаан хугацаанд ажиллаж, амьдарна. Тийм учраас дээрх чиглэлүүд дээр удаан хугацааны зорилго тавин ажиллаж байна.
Лхагвадорж: -Азийн нүүрсний тэргүүлэгч компанийг Монголд оруулж ирсэн “Хүннү коал” компанийн амжилт зөвхөн бидний хувьд чухал бус улсын хэмжээнд томоохон ач холбогдолтой үйл явдал юм. Хэдийгээр “Банпу” компани Монголын хувьд тийм олонд танигдсан компани биш ч Индонез, Австрали, Хятад гэх мэт оронд хөрөнгө оруулалт хийдэг нэр хүндтэй томоохон уул уурхайн компани гэдгээрээ олон улсын тавцанд алдартай билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдад тэр дундаа томоохон хөрөнгө оруулагчид энэ нь Монголд хөрөнгө оруулж болно гэсэн дохио болж байгаа хэрэг. Энэ бол Монголын хувьд том амжилт.
Матт: -Азийн тэргүүлэгч конгломерат үйлдвэрлэгч компани болох “Липпо” группыг бид төмрийн хүдрийн бизнестээ татан оролцуулж чадсан. Тэдний хувьд манай төмрийн хүдрийн бизнесийн томоохон хувьцаа эзэмшигчээр орж ирж байгаа. Энэ нь Монголын хувьд бас нэг том амжилт. Танай улсад Азийн хамгийн амжилттай яваа хоёр групп хөрөнгө оруулж эхэллээ. Энэ бол тод дохио. Одоо бүгд л наашаа хараад хэрэв “Банпу”, “Липпо” хоёр хөрөнгө оруулж байгаа юм бол Монгол улс хөрөнгө оруулахад таатай газар байж таарна гэж бодож суугаа.
Лхагвадорж: Манай компанийн гол амжилт бол Монгол менежментээ хадгалсаар байгаад оршино. Гадаадынхныг оруулж ирж, юу хийхээ заалгахаас илүүтэй гадаадын хөрөнгийн зах дээр монгол компани хувьцаа гаргаж, хөрөнгө татан ажиллах нь асуудалгүй, зөв арга юм гэдгийг бидний үйл ажиллагаа харуулж байгаа болов уу гэж бодож байна.
-Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөллүүдийн хувьд уул уурхайн хөгжилд тулгуурласан Монгол улсын хөгжлийн хандлагыг хэрхэн харж, таамаглаж байна вэ?
Матт: Итгэмээргүй сайхан боломж байгаа гэж хэлмээр байна. Үүндээ би итгэл төгс байна. Монгол хүмүүс хөдөлмөрч дээр нь өндөр боловсролтой. Тэд улс орноо өсөн дэвжихийг харахыг хүсэж байгаа. Ашигт малтмалын салбар дөнгөж эхлэл үедээ явж байна. Гэсэн ч хаалганы чинь цаана бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэргүүлэгч гүрэн сууж байна. Монгол улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг байх ёстой. Тэнд хүрэхэд тийм ч хол биш байх болов уу гэдэгт итгэж бас хүсэж байна.
Лхагвадорж: Монгол улсад чинээлэг үндэстэн болох боломж бүрэн бий. Гэвч танд уул уурхайн салбарт анхаарал хандуулахаас гадна эрүүл, боловсролтой хүмүүст байнгын анхаарал тавьж ажиллах хангалттай тэвчээр байх нь зүйтэй. Учир нь тэдгээр хүмүүс улс орны хамгийн үнэт баялаг байдаг. Улс орны тэргүүлэх зорилго энэ байгаасай гэж хүсэж байна.
Матт: Одоо бол нөгөө л Оюутолгой, Тавантолгойн тухай яриад байдаг. Үүний оронд Оюутолгой, Тавантолгойн дараа бидэнд ямар шинэ боломж, гарцууд байгаа бол гэдгийг харж эхлэх хэрэгтэй. Одоо байгаагаасаа хэр ихийг авч болох талаар бодохын оронд үүний дараа яах вэ, ямар боломж байгаа вэ гэдгийг харж эхлэх нь зүйтэй. Илүү их нөөц боломж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
mongolianeconomy
URL: