КАМЕРОН МАКРЕЙ:ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ЁСГҮЙ ГЭЖ БИД БАЙНГА ҮЗСЭЭР ИРСЭН
“Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей өнгөрсөн сарын 30-ны өдөр Хонконгт болсон “Монголд хөрөнгө оруулах нь” чуулга уулзалтад оролцох үеэрээ Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байгаагаа дахин мэдэгджээ.
“Саяхан Засгийн газрын зүгээс Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэлэлцээ хийх хүсэлт ирүүлсэн ч Рио Тинто компани татгалзсан хариу өгсөн. Үүнээс хойш Засгийн газар гэрээг хүчингүй болгохыг зориогүй, зарим нэг өөрчлөлт хийхийг хүсч байна гэж мэдэгдэх болсон.
Энэ гэрээ бол Оюу Толгой төслийн суурь үндэслэл, өөрчлөх ёсгүй гэж бид байнга үзэж ирсэн бөгөөд үүнийгээ саяхан дахин илэрхийлсэн. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бүх талуудын үүрэг хариуцлага болон хүртэх ашиг тусыг тэнцвэртэйгээр тусгасан. Эдийн засгийн өсөлт хөгжил цаашдаа үргэлжлэн, тогтвортой байх нь Монгол Улсын Засгийн газар болон олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал асуудал. Бид бүгдээрээ Монгол Улсын эдийн засгийг өсч хөгжиж, төрөлжин, бүх монголчуудын хувьд хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг бий болгохийг хүсч, зорьж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ “Засгийн газар төсөвт тулгараад байгаа ойрын үеийн бэрхшээлээ шийдэхийн тулд олон улсын санхүүжүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын туслалцааг хүлээн авна гэдэгт итгэж байна. Засгийн газрын өөрийн статистик баримтаас харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт одоогийн байдлаар буурч байгаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдад амалсан амлалтаа биелүүлнэ гэдэг баталгааг дахин хүсч байгаагийн илэрхийлэл. Монгол Улс өөрийн амлалтаа биелүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. Тэрбээр мөн Оюу Толгой төсөл нь 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш Монгол Улсын эдийн засгийн 25 хувийг бүрдүүлж, Засгийн газарт татвар, зээл болон бусад төлбөрийн хэлбэрээр 800 гаруй сая ам.долларыг төлөөд байгааг онцолсон байна.
Оюу Толгойд одоо ил уурхай үйл ажиллагаагаа эхэлж, баяжуулах үйлдвэрийг барьж дуусган ашиглахад оруулахад бэлэн болжээ. Анхны зэсийн баяжмалаа 2013 онд гаргахаар төлөвлөж байгаа. “Рио Тинто” компанийн маркетингийн алба Оюу Толгой уурхайн эхний гурван жил гаргах баяжмалын 75 хувийг олон улсын зах зээлийн үнээр Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд борлуулах гэрээ хийсэн байна.
Хэдийгээр сүүлийн саруудад зарим нэг ашигт малтмалын түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнэ савлагаа ихтэй байгаа ч зэсийн эрэлт хэрэгцээ их, цаашид ч энэ хэвээрээ байх төлөвтэй байгааг “Оюу Толгой” компанийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Ялангуяа Хятад улсын хотжих үйл явц зэс их хэрэглэдэг, дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагыг бий болгож байгаа аж. Арван хоёр жилийн дараа Хятадын зэсийн хэрэглээ өнөөдөртэй харьцуулахад 10 сая тонноор өсөх төлөвтэй байгаа юм байна.
Ноён Камерон МакРей үүнтэй холбогдуулан “Хятад болон Монгол Улсын хоорондын хоёр талын худалдааны харилцааг хөгжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн амжилтад нэн шаардлагатай юм. Монгол Улс, Хятад болон Орос улсын хооронд байрладаг газарзүйн байршлаа давуу болон сул тал гэж харж болох юм. Миний хувьд Монгол Улс, Хятадын эдийн засгийн хөгжил болон худалдаанаас ихээхэн ашиг олох төгс байршилтай гэж боддог” гэж Хонконг дахь хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
“Оюу Толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн төслийн талбайд 220 кв-ын цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, 3.2 км-ын урттай нисэх талбай бүхий олон улсын стандартын нисэх буудал, 100 км засмал зам зэргийг шинээр барьж байгуулсан байна. Ирээдүйд дэлхийн хэмжээний 5 том зэсийн уурхайн нэг болж, Ази тивд олборлосон зэсийн 24 хувийг нийлүүлнэ гэж төлөвлөжээ.
Тодруулга:
Оюу Толгой нь Монгол Улсын өмнөд хэсэг, Өмнөговь аймийн Ханбогд сумын нутагт буй дэлхийн хамгийн том ашиглалтад бэлтгэж буй алт, зэсийн орд. 2009 онд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Оюу Толгой” ХХК болон Рио Тинто компанийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар манай улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34 хувийг эзэмших болсон. Уурхайн үйл ажиллагаа энэ жил эхэлж байгаа бөгөөд цаашид жилд 450,000 тонн зэс, 330,000 унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Төслийг Рио Тинто 2010 оны 10 дугаар сараас удирдаж эхэлсэн, “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны 48,5 хувийг эзэмшигч. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд Монгол Улсын ДНБ гуравны нэгээр буюу 35 хувиар өсч, 2020 он гэхэд Монгол дахь бодит цалингийн дундаж хэмжээ Оюу Толгойг ашиглаагүй үетэй харьцуулбал 30 хувиар өснө гэж “Оюу Толгой” компаниас мэдэгдэж байгаа юм.
Ш.Батболд
URL: