М.БАТБААТАР: БИ МОНГОЛ БАРИЛГАЧДЫН УР ЧАДВАРЫГ МУУ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ
-Ямар нэг компанийн харьяалалтай 27 мянган барилгачин бий-
Сүүлийн үед барилгын салбарт “хараал” туссан уу гэлтэй хөдөлмөр хамгаалал нь бүрэн хангагдаагүйгээс барилгачид амиа алдах болсон. Харин тэдний эрүүл мэнд, хөдөлмөр цаашлаад нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн тулд Монголын барилгачдын холбоо ажилладаг. Эл холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.
-Барилгын салбарыг эрчимтэй хөгжиж байна гэх ч үнэндээ мөнгө олох хэрэгсэл болсноос чанар, аюулгүй байдал орхигдсон гэдэг. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн осол их гарч байна гэх юм?
-Сүүлийн 10 жил эл салбарын хөгжлийг төр засаг, хөрөнгө мөнгөтэй нэгэн зоосны нүхээр хардаг сөрөг хандлага их болсон. Тиймээс ч мөнгөтэй нь барилга бариулдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд үүссэн. Үнэн хэрэгтээ хөгжөөд байгаа эл салбарт жинхэнэ барилга барьж буй гүйцэтгэгч байгууллагуудыг дэмжих бодлого алдагдсанаас ийм байдалд хүрсэн хэрэг. Угтаа барилга захиалагчийн цаана гүйцэтгэгч компани, барилгачин байдаг. Тэднийхээ эрх ашиг, нийгмийн асуудал, хөдөлмөр хамгааллыг орхисноос өнөөдөр үйлдвэрлэлийн осол их гарч байгаа юм.
-Өнөөдөр гэнэт барилгачид амиа алдаад байгаа бус өмнө нь байсан зүйл. Нууж дардаг байсан юм хэмээн ярих нь бий. Та ч гэсэн зоос олох гэсэн бизнесмэнүүдээс болж хохирч байна гэлээ. Өмнө нь, яагаад энэ талаар дуугарч байсангүй вэ?
-Энэ талаар би зөндөө л хэлдэг байсан. 2004 онд барилгын салбарын шувуу нь хүртэл буруу дэвж байна гэж хэлж байсан удаатай. Барилгын салбарт хөрөнгө оруулснаар дэмжиж байна гэсэн үг биш. Гол нь, хөрөнгөтэй нь мөнгөө гаргаад, ном дүрмээрээ хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэгч байгууллагаар барилгаа бариулах ёстой. Гэтэл өнөөдөр барилгын гүйцэтгэгч гэхээр хямдхан ажиллах хүч болсон ажилчдыг гэрээгээр ажиллуулдаг. Нэгэнт тэд цалин хөлсөө л бодсон гэрээ хийнэ үү гэхээс эрх ашгийг нь хамгаалах, хөдөлмөр хамгааллын хувцас олгуулах, нийгмийн даатгалыг нь төлдөг болох талаар анхаарлаа хандуулах ч үгүй. Ямар ч удирдлагагүй, аль нэг байгууллагад хамааралгүй болж, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ажлын мал, боол мэт ханддаг. Өөрөөр хэлбэл, хатуухан хэлэхэд, Монголын барилгын салбарынхан хүрз барьсан гуйлагчин хэвээр байна гэхэд буруудахгүй байх. Яагаад гэвэл, барилгачид ийм л байгаа.
-Өнөөдөр барилгын салбар хэдэн ажилтантай юм бэ. Тэдний эрх ашгийг хууль эрх зүйн орчноор хамгаалах бодлого яагаад 80 гаруй жилийн түүхтэй эл салбарт тавигдаагүй байна вэ?
-Албан бус тоогоор 60 гаруй мянган ажилчин бий гэдэг. Гэхдээ аль нэг компанийн харьяалалтай нь 27 мянган барилгачин бий. Тэдний ихэнх нь 45-60 нас хүрчихсэн. Хэзээ мөдгүй сөхрөөд ойчиход бэлэн болчихсон. Өнөөдөр Монголын барилгын салбарт би барилга бариулж байгаа хэмээн цээжээ дэлдэх олон захиалагч бий. Би барилга барьж байна гэсэн олон гүйцэтгэгч ч бий. Чи өнөөдөр яг хэдэн ажилчинтай вэ гэж асуухаар 200-300 хүн гэнэ. Тэднийхээ хэдийнх нь нийгмийн даатгалыг төлж, тогтмол цалинжуулж байна вэ гээд лавшруулахаар 20-30 хүн байна гэнэ дээ. Энэ талаар анхаарлаа ул суурьтай хандуулж, энэ салбарт шинэчлэл хийх шаардлагатай. Энэ хүрээнд БХБЯ, Хөдөлмөрийн яамтай хамтарч манай холбоо Барилга, хот байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын тухай хуульд барилгын салбарынхны асуудлыг ямар байдлаар тавьсныг эргэж харна. Тухайлбал, барилгад хөрөнгө оруулж буй захиалагч болон гүйцэтгэгч, барилга барьж буй ажилчдыг ямар төвшинд тавьсан юм бэ гэж… Өнөөдөр барилгын талбайд ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллыг нь бүрэн хангаагүйгээс осолд ордог. Ийм байдалд хүргэсэн гэм бурууг хэнээс хайх вэ. Өнөөгийн хууль эрх зүйн орчноор шийдэхээр барилгын гүйцэтгэгч байгууллагын захирал, инженер нь л цагдаа, шүүхийн хаалга татдаг. Тэгэхэд мөнгөө нарийлхад хямдхан хөлсөөр бариулж буй захиалагч ямар ч хариуцлага үүрдэггүй. Гүйцэтгэгчийнх нь ял мэт ханддаг. Тиймээс барилгын салбарын шинэчлэл буюу хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын үндэсний хэмжээний чуулган ирэх арванхоёрдугаар сард хийх гэж байна. Энэ үеэр бүх барилгын компанийн ажилчид өөрт тулгамдаж буй асуудлаа ярина даа.
-Гэхдээ ямар нэгэн компанид харьяалагдаад ч хөдөлмөр хамгаалал байтугай нийгмийнх нь асуудлыг шийдэж өгдөггүй болохоор гэрээгээр ажиллахыг илүүд үздэг байх. Тэгээд ч цалин нь арай өндөр?
-Ийм зүйл байдаг юм. Нэг байшинг бариулахын тулд захиалагч газраа олоод зураг төслийг нь хийлгээд барилгын компаниудын ажилчдыг гэрээгээр ажиллуулдаг. Энэ нь, тэдэнд ашигтай. Сарын цалинг нь бэлнээр өгөхдөө нийгмийн даатгал төлөхгүй. Гэрээгээр ажиллаж байгаа учраас унаж амиа алдвал хуулийн хариуцлага хүлээхгүй. Ерөөсөө өөрт нь ямар ч хариуцлага ногдохгүй. Харин тухайн ажилчин үйлдвэрлэлийн ослын даатгал, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй. Нэг ёсондоо захиалагч тухайн барилгачны өнөөгийнх нь хүнд байдлыг далимдуулж байна гэсэн үг. Ийм гэрээгээр ажиллаад үйлдвэрлэлийн осолд өртөж тахир дутуу болсон олон залуу байгаа шүү дээ. Ер нь, хүний ажиллах орчин, хөдөлмөр хамгааллыг нь бүрдүүлээд өгвөл хэн ч ажиллана шүү дээ. Түүнээс барилгынхны цалин багадаа орохгүй байх. Ядаж, хөдөлмөр хамгааллын зардлыг захиалагч байгууллагууд 60 хувь, 40 хувийг нь гүйцэтгэгч, 10 хувийг нь ажилчин өөрөө гаргадаг тогтолцоо бий болгох шаардлагатай. Зардлыг нь тухайн төсөвт өртөг дотор суулгаж шинэчилмээр байна. Нөгөөтэйгүүр, эл салбарт цалин хөлсний нормыг шинэчлэх шаардлагатай. Өнөөдөр барилгачин хүн зүгээр сая төгрөг авчихаад сэтгэл ханамжтай байх ёстой юм уу. Угтаа цалинд нь бүх үйлчилгээ багтах ёстой. Суурь үнэлгээ муугаас 100 сая төгрөгийн барилгаа барихын тулд 90 саяыг нь материал, 10 саяыг нь хөдөлмөр хамгаалал, цалинд зарцуулдаг болох ёстой юм.
-Тэгэхээр үнэлгээ бага байдаг гэсэн үг үү?
-Барилгын салбарын суурь үнэлэгээний систем хуучраад 60, 70 оныхоос ахиж чадаагүй. Үнэ бүрдүүлэлтийн систем хуучирчихсан. Үүнийг БХБЯ, Монголын барилгачдын холбоо шинэ шатанд гаргана. Өнөөдөр ам.метрийг нь сая 800 мянгаар зарж байгаа орон сууцны үндсэн өртөг нь 630 мянга шүү дээ. Энэ их ашиг барилгын салбарыг зоосны нүхээр харсан хүний халаас руу ордог. Ядахдаа 20 хувь нь барилга барьж байгаа хүний хөдөлмөр хамгаалалд зарцуулах ёстой. Зөвхөн ашгаа бодсоноос өнөөдөр барилгачин хүний аюулгүй байдал байтугай хажуугаар нь гарсан жирийн иргэнд хүртэл халгаатай байна шүү дээ.
-Ерөөсөө л эрх зүйн орчин муугаас ийм байдалд хүрсэн юм биш үү. Эл зардлыг нь төсөвлөлөө гэхэд бас хэн нэгний халаас руу орохгүй гэсэн баталгаа байхгүй мэт?
-Нэмэгдэл, төлөвлөгөөт, нийгмийн даатгал гэх зэрэг бүх зардал ном ёсоороо барилгынхаа төсөвт 20-30 хувиар тавигдсан байх ёстой. Материалын зардал, цалин мөнгө, хөдөлмөр хамгаалал нь ойлгомжтой байвал хэн ч дураараа зарцуулахгүй. Тэр зардлыг хэн ч авахгүй, барилгын компанийн захирал ч дураараа жийп аваад уначихдаггүй л байх хэрэгтэй. Одоо суурь үнэлгээ нь муу учраас тендерт ороод 50 саяар захиалга авна. Хамаг юмаа хасаад орохоор ажилчдадаа яаж хамгаалалтын малгай авч өгөх вэ. Ажилчдаа компанидаа барихын тулд худалдахаас аргагүйд хүрдэг. Ядахдаа, цалинг нь таслахгүй гэж бусдад өгч ажиллуулж өгчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр суурь үнэлгээ нь бодит болохоор өвөл ажил нь зогсоохоор ядаж доод төвшингөөр цалинжуулдаг байх ёстой. Тэр бүхэн нь төсөвт өртөгт бодогдвол ийм байдал үүсэхгүй.
-Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр барилгын ажлыг зогсооход олон барилгын компани зөвшөөрөлгүй барилга барьж байснаас гадна олон барилгачин харьяалалгүй юм байна гэдэг нь ажиглагдсан л даа. Дээр хэлсэнчлэн эл салбарт ажиллагсадын 60 мянган ажилчны 27 нь л аль нэг компанид харьяалалтай гэдэг нь ч үүнийг нотлох шиг?
-Хэн нэгэн компани, байгууллагад харьяалалгүй бие даан ажилладаг 5000-6000 барилгачин байх шиг. Гэхдээ мэргэжлийн барилгачин. Байгууллага нь байнга цалинжуулж чадахгүй болохоор алдчихсан. Өнөөдөр “Жигүүр гранд”-ын барилга дээр ажиллаж байгаад дараа нь “Эко”, “Цаст” констракшн руу нүүдэллээд явдаг тийм хүмүүс байна. Гайгүй айхтар нь компани байгуулан захирлаараа дамжуулан харилцдаг нэг хэсэг бий. Тэгэхээр захиралтай, компанитай харьяалалтай болгох хэрэгтэй. Барилгачид ч гэсэн өнөөдрөө биш маргаашаа л харах учиртай юм.
-Барилгын салбарт тулгамдсан олон асуудал бий. Түүний нэг нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд дутагдаж буй боловсон хүчнийг МСҮТ-өөр дамжуулан бэлтгээд ч эрэлтийг хангаж чадахгүй гэх юм?
-Жил болгон 7000-8000 хүүхэд МСҮТ-ийг төгсдөг. Гэхдээ номын дууг нь сонссон гээд барилгачин болохгүй шүү дээ. Хүйтэн, нойтонд ажиллахаар эхнээсээ шантардаг болохоор жинхэнэ ажилчин болгох дэд хөтөлбөр БХБЯ, МБХ хамтран боловсруулан гаргаж байна. Тэгэхдээ төгсөнгүүт нь эхний хоёр жилийн цалинг улсаас өгдөг болгох. Тэгэхээр тухайн компани цалинтайгаа ирж байгаа хүнийг дадлагажуулж жинхэнэ монгол барилгачин болгох зорилготой. Нөгөөтэйгүүр, нийслэлээс гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгоно гэж байгаа. Тэгвэл гэр хороололд МСҮТ-ийг байгуулж, нэг айлын 1-2 хүүхдийг өвөл барилгачин болгох сургалтад хамруулах ёстой юм. Ингэвэл газраа өгөөч орон сууц барих гэсэн юм гэж гуйж явснаас мэргэжлийг нь эзэмшсэн хүүхдийг өөрөө амины байшингаа барь гэвэл дор нь босгоно. Нэгэнт зээл аваад барьсан хүн чинь өрөөлийн барилгын компанид ажиллаж өрөө төлнө шүү дээ.
-Тэгвэл монгол барилгачдын хоолыг булааж байна гэгддэг хятад ажилчдын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хятад ажилчид яагаад хурдан барилга барьдаг вэ гэхээр мэргэжилтэй, бараг худалч хүнд 24 цагаар ажиллаж байна. Гэр орноосоо хол байгаа болохоор хурдан барихаас гадна дэг журам сайтай. Миний сонссоноор нэг гадаад ажилчнаас бараг 220 мянган төгрөгийн хураамж авдаг гэсэн. Энэ мөнгөөр монгол ажилчнаа сургаж, хөдөлмөр эрхлэлтийн сан тэжээгдэж байна. Муу хэлж болохгүй. Ойрын таван жилд гадаад ажилчны орон зай бий. Өнөөдөр хөгжиж буй салбар болохоор гадаад ажилчдын шаардлага байгааг үгүйсгэхгүй. Ямартай ч, хятад ажилчдыг албан ёсоор оруулж ирэх ёстой. Турк, Хятад, Хойд Солонгос. Тэгэхдээ чи өөрийнхөө оронд хоёр монголыг сургана гэсэн сургагч багш хүнийг авах ёстой. Өөрөөр хэлбэл,таван хятад ажилчин орж ирвэл 2-3 нь сургагч ажилчин байх хэрэгтэй. Бүр компаниараа орж ирсэн ч болно. Тэрэнд нь монгол инженер, ажилчдыг ажиллуулъя. Харин монгол барилгачдын тухайд цалин муугаас тогтвортой ажиллахгүй байна. Дээр нь, удирдлагагүй, сургаж дадлагажуулдаг уламжлал алдагдсан. Ажлын бүтээмж бага байхаар ямар үр дүн харагдах нь ойлгомжтой.
-Барилгын чанар муу байгаа нь ур чадвар муутай барилгачдаас болж байна ч гэх юм. Үүнтэй санал нийлэх үү?
-Монгол барилгачдын ур чадвар муу гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл, сүүлийн үед барилгын салбарын зуурмагийн үйлдвэрийн цутгалт, цахилгаан, сантехникийн ажилтан гадаадаас авсан гэж би сонсоогүй. Өрлөгчин, засварчин дандаа дотоодынх. Тиймээс муу гэж хэлж чадахгүй. Хамгийн гол нь, хүчийг нь зөв хуваарилж, цалин хөлсийг нь өгч, өвөл зунгүй ажилтай байлгаж, хөдөлмөр хамгааллыг сайн бүрдүүлж өгвөл манай монгол барилгачид гадаадынхнаас дутаад байх зүйлгүй. Өнөөдөр манай барилгын салбарын нэг өрлөгчин сая 500 мянган төгрөгийн цалинтай. Тэр хүнийг албан ёсны барилгачин болгоод сарын 300 мянга төлөх орон сууцны зээлд хамруулбал шүгэлдээд л орно биз дээ. Тиймээс барилгачин өөрийнхөө барьсан орон сууцандаа амьдрах ёстой. Нийгмийн халамж, эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэл олон барилгачин аль нэг компани, байгууллагын харьяалалтай болж, МСҮТ-ийг төгсөгчид ч мэргэжлээрээ ажиллахыг илүүд үзнэ байх гэж бодож байна.
АРДЧИЛАЛ
URL: