Д.Болормаа: “Гоёл” наадамд би оролцдоггүй. Агентлагийнхаа охидыг ч оруулдаггүй

Анх 1988 онд диско баарны зааланд зохиогдож байсан “Гоёл” наадам өнөө жил 21 дэх удаагаа зохиогдоно. Жил бүрийн арванхоёрдугаар сард болдог наадмын ерөнхий зохион байгуулагч нь “Монголын дизайнеруудын холбоо”. Уг нь загвар зохион бүтээгчдээ алдаршуулах, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой зохиогдож байсан. Гэвч олон нийт “Гоёл” наадмын шилдэг дизайнер хэн байв гэдгээс илүү тухайн жилийн топ моделиор хэний ивээлд байдаг, ямар бүсгүй шалгарч вэ гэдгийг чих тавин чагнах болсон нь нууц биш.

“Гоёл” наадам 2000 оноос эхлэн оролцож буй загвар өмсөгчдөөсөө топ модель шалгаруулах болсон билээ. Анхны топоор Э.Одгэрэл шалгарч байв. Тэрээр 1990 онд “Монголын сайхан бүсгүй” буюу “Монголын мисс” шалгаруулах улсын уралдааны “Мөнгөн эрдэнэ”-ийн эзэн болж байсан билээ. Түүний араас Д.Болормаа, Д.Цолмон, Х.Ундраа, Т.Баярзул, Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Г.Алимаа, О.Уянга, Ч.Уранбилэг, Э.Сэлэнгэ нарын топууд төрөн гарсан. Гэвч шинэ топыг хэл ам дагадаг нь уламжлал мэт болжээ. Ингэж хардахаас ч аргагүй. Топ моделийн эзнийг тодруулахдаа ямар шалгууртай байдгийг мэдэх хүн бараг үгүй. Үзэгч олон ч гэсэн “Ц.Мянганбаяртай дотно харьцаатай, эсвэл загварын тайзнаас буухгүй улиг болсон загвар өмсөгчдөдөө уг шагналыг өгдөг” хэмээн ярьдаг. Шинэ залуу загвар өмсөгчид топ моделиор шалгарч яагаад болохгүй гэж. Ямар нэгэн дорвитой амжилт үзүүлээгүй, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож үзээгүй хэрнээ загварын тайзнаас буудаггүй “хөгшин” моделиуд л топ гэсэн цол авах ёстой гэж үү. Гэтэл олон улсын чанартай, бүр дэлхийн хэмжээнд зохиогддог наадамд залуу загвар өмсөгчид амжилт үзүүлээд л ирдэг шүү дээ. Тэд нарт дэлхийн тайз хатуурхаагүй хэрнээ “Гоёл” наадам яагаад нүүрээ буруулж байна вэ.

2006 оны топ моделиор Д.Пүрэвсүрэн тодорсон. Тэрээр “Монголын дизайнеруудын холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Мянганбаяртай гэр бүл болж байсан нь уг шагналыг авахад нөлөөлсөн гэх хүмүүс бий. Гэсэн хэдий ч Д.Пүрэвсүрэн топ моделийн алдар нэрийг өнөөг хүртэл өндөрт өргөж яваа. Хүмүүс ч түүнд ам сайтай байдаг. Харин түүнээс хоёр жилийн дараа буюу 2008 оны топ моделиор Г.Алимаа гэх бүсгүй шалгарсан. Тэрээр 10 жил загвар өмсөж байж энэхүү нэр хүндтэй алдрын эзэн болсон. Гэвч Ц.Мянганбаярын нарийн бичиг хийж байхдаа топ модель болсонд нь дургүйцэх хүн олон байлаа. Тэгээд ч наадам зохиогдохоос өмнө “Энэ жил тэр топ модель болно” гэдгийг хүмүүс урьдчилаад таачихдаг. Харин өнгөрсөн жил “Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олны танил болсон Б.Гэрэлчулууныг топ болно гэж таамаглаж байсан ч чадаагүй. Харин тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би заавал ч үгүй топ модель болно” хэмээн ам гарч байсан билээ.

Харин хэдхэн хоногийн өмнө Одгэрэл “Гоёл” наадам утгаа алдсан. Тиймээс Д.Болормаа бид хоёр оролцохоо больсон” гэж ярьсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан.

“Гоёл” наадмын талаар ямархуу бодолтой байдгийг нь сонсохоор хэд хэдэн топ модельтой холбогдов. Ихэнх нь одоо оролцохоо больсон учраас ямар нэгэн зүйл яримааргүй байна гэж байв. “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа “Би Гоёл” наадамд оролццоггүй. Оролцохоо болиод удаж байна. Агентлагийнхаа охидыг ч оруулдаггүй. Ингэх шалтаг шалтгаан ч бий. Нэгэнт оролцохоо больсон болохоор олон юм яриад яахав дээ. Хүмүүс угаасаа ямархуу түвшинд болдгийг нь мэдэж байгаа хойно” гэсэн юм. Харин мисс Ч.Содтуяа “Хүмүүс “Гоёл” наадмыг ямар хэмжээнд зохион байгуулагдаж байгааг мэдэж байгаа. Жилээс жилд муудаад байгаа л гэж ярьдаг. Миний хувьд өөрөө оролцдоггүй болохоор мэдэхгүй юм. Хамгийн сүүлд хэзээний “Гоёл”-д оролцсоноо ч мартаж. Харин манай агентлагийн загвар өмсөгчид жил бүр оролцож байгаа. Тэгээд ч хэн дуртай нь энэ наадамд ордоггүй. Наадмын өмнө загвар өмсөгчид болон дизайнеруудын дунд шалгаруулалт явагддаг. Үүнд тэнцсэн хүмүүс оролцоно” гэлээ.

С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих