Монголын түүхгүйгээр дэлхийн түүх оршихгүй
Их хааны мэндэлсэн өдрийг тодорхойлж “Монгол бахархалын өдөр”-ийг санаачлахад өөрийн зүгээс их хувь нэмэр оруулж, амьдралынхаа 20 гаруй жилийг Чингис хааныг судлахад зориулсан эрхэм болох Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Х.Шагдартай уулзаж ярилцлаа.
-Чингис хаан болоод монголын эх түүхийн талаар…
-Д.Бат-Эрдэнэ сайд “Цэргийн түүх гэдэг Монголын түүх юм. Эх орны түүх бүхэлдээ цэргийн түүх” гэж хэлсэн. Ингэж хэлсэнд би их баяртай байгаа. Тийм болохоор монгол хүний түүхийг монгол хүн л бичнэ. Би нэг зүйлд зарим хүмүүстэй санал нэгддэггүй. Учир нь Их хааны түүхийн талаар бичигдсэн гадаадын олон ном, товхимол гарч байна. Тэдгээр номонд дурдаж байгаа зарим баримтуудыг уншаад шоолох ч энүүхэнд санагдах үе байдаг. Харин бид эх түүхээ гадаад хэлээр сурталчлах ёстой. Их хааны тухайд би тэр хүнийг хүн биш гэж хэлнэ. Яагаад гэвэл тэр тэнгэрээс газарт буусан тэнгэрийн хүү. Учир нь тэр байгаль дэлхий, ертөнцийн хуулийг ашиглаж чаддаг байсан. Тухайлбал, хятадын элчингийн бичсэн тэмдэглэлд монголчууд “зад”-ын арга хэрэглэж байсан талаар тэмдэглэсэн байдаг. Энэ нь оюун сэтгэхүйгээрээ байгалийн үзэгдлийг бий болгох чадвар юм. Тэгэхээр манай өвөг дээдэс 800 жилийн өмнө сансар, тэнгэртэй харьцаж байсныг харуулж байна.
-Тэгвэл бөө байсан гэж ойлгож болох уу?
-Нөгөө утгаараа тэгж ойлгож болно. Гэхдээ одоогийн бөө гэж харж болохгүй. Одоо чинь бөөг бараг сургуулиар бэлдчихдэг болсон байна шүү дээ. Гэтэл миний хэлж байгаа зүйл бол төрмөл оюун санааны талаар юм. Харин орчин үед шинжлэх ухаан өндөр хөгжиж байгалийн үзэгдлийг зарим талаар захирах болсон. Үүнийг Л.Түдэв өөрийн нийтлэлдээ дэлгэрэнгүй баримттай бичсэн байдаг. Өндөр хөгжилтэй орнууд байгалийн гамшгийг удирдаж, ингэснээрээ эдийн засгийн ашигтай нөхцөл бүрдүүлж байна гэж үзсэн.
-Тэгвэл саяхан нээлтээ хийж, орчуулагдсан Жон Мэн зохиолчийн номыг юу гэж боддог вэ?
-Тэр номыг уншиж үзэхэд үнэхээр сайн бичигдсэн нь мэдэгдсэн. Их хааны талаарх бичсэн номнууддаа би санаагаа батлахын тулд баримт, ишлэлийг их сонгож оруулдаг. Ингэснээр уншигчийг уйдаадаг бол Жон Мэний “Чингис хааны манлайллын нууц” нэртэй ном уншигчдад “үлгэр” шиг уран сайхны төсөөллөөр утга санааг хүргэснээрээ давуу болсон. Гэхдээ баримтын хувьд алдаатай зүйлс байгааг үгүйсгэхгүй.
-Хамгийн сүүлд гарсан Их хааны судалгааны талаар танилцуулна уу?
-Дэлхийн судлаачид сүүлийн үед Чингис хааныг аугаа ховсдогч талаас тайлбарлах боллоо. Тэдний үзэж буйгаар Их хаан хүмүүсийг “паник”-т оруулдаг. Өөрөөр хэлбэл Чингис хаан нэг төрлийн энерги цацдаг. Тухайн энергид автсан хүмүүс үг дуугүй бууж өгдөг. Эсвэл самууран, ой ухаан нь саатдаг гэж тодорхойлсон. Үнэний ортой байж магадгүй. Яаж сая хүрэхгүй монголчууд 60 сая хүнтэй Хятад, 40 сая хүнтэй Зүрчид, 20 сая хүнтэй лалын орнуудыг эзлэн түрэмгийлж чадав. Тиймээс энэ таамаглал нь үүний нууцын нэг тайлал ч байж мэдэх юм. Өөр нэгэн шинээр илрээд байгаа баримт нь Чингис хаан Чан Чун Бумбатай уулзсан гэх тэмдэглэл. Энэ баримт дээр Чингис хаан Чан Чун Бумбаас хэрхэн мөнх амьдарч болох вэ? хэмээн асуусан байдаг. Уг тэмдэглэлийг дахин судалж үзвээс улс, гүрнээ хэрхэн мөнх оршоох талаар тандаж асуусан болж таараад байгаа.
-Чингис хааны чухам юугаар монгол үндэстэн бахархах ёстой вэ?
-Чингис хаан бол монгол үндэстнийг бүрэлдүүлж чадсан хүн. Өнөөдрийн байдлаар Буриад, Татаар, Халимаг, Уйгур гээд олон угсаатан, ястнууд байх ч бид бүхэн монгол туургатан гэдгээрээ нэгддэг. Энэ туургатан ард түмэнг дэлхийн тавцанд Чингис хаан мандуулсан. Тийм учраас үүгээр Монгол туургатан бахархах хэрэгтэй. Хэрвээ Чингис хаан байгаагүй бол хоёр хөрш улс өдий зэрэгтэй оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй. Олон зуун жил тулга тойрсон хэрүүлээр бие биенээ алж, хядаж байсан нөхдүүдийг төрийн дор нэгдүүлсэн. Москваг тойруулж улс босгоод, Бээжинг тойруулж төрийн захиргааг бий болгосон. Харин өнөөдөр ичихгүй зарим орос хүмүүс Чингис хаан гэж байгаагүй тэр чинь манай Ярослав гэдэг хаан байсан хэмээж байна. Монголыг 1921 оноос Хятадын харьяаллаас гарсан гэж бичсэн 30 гаруй ном орост хэвлэгдсэн байгаа. Би үүнд маш их харамсдаг.
-Ер нь Ази, Европын зарим орнууд одоог болтол Их хааныг өөрийнх гэж тодорхойлдог…
-Их хааныг бид өмчилж болохгүй. Тэр бол дэлхийн хүн. Шинжлэх ухаан гэдэг нотолгоо дээр суурилдаг. Тийм болохоор ямартай ч Чингис хааны төрсөн нутгийг судалгаа, баталгааны үндэслэлтэйгээр Монгол оронд мэндэлсэн болохыг тодорхойлсон. Энэ бол бидний хөдөлшгүй үнэн. Их хааныг өөриймшүүлэхийг оролдож буй тэдгээр хүмүүст би буруу өгөхгүй. Бид бол дэлхийн газар зүйн зураглалыг нээсэн улс. Тэртээ Хүннү, Сүннүгийн үеэс Берингийн хоолойгоор давж хаалттай байсан тив, эх газрыг олж нүүдэллэсэн ард түмэн. Бидний цус хэдэн мянган жилийн тэртээгээс дэлхий даяар тархсан. Монгол гени, монгол цус одоогийн байдлаар дэлхийд 14 сая орчим байна. Үүний сацуу судлаад үзэхэд манай эрдэмтэд Индиан үндэстний хэлээс 230 гаруй монгол үг илрүүлээд байна. Алс хол Латин Америкийн орнуудын уугуул индианчуудын хэлээс ч монгол үг гарсан. Тиймээс бид дэлхийн иргэд. Харин нэг харамсч явдаг зүйл маань өнөөдөр дэлхий америк соёлын даяаршлаар “өвчилж” байна. Бид чинь өвөг дээдсийнхээ хэдэн мянган жил цусаараа бичиж үлдээсэн аугаа цэргийн түүхтэй улс. Яагаад гадны орон гэхээр бид хуулах ёстой гэж би үүний эсрэг байдаг.
-Чингис хааныг судалснаараа хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, шинжлэх ухаанд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж болно гэж зарим хүмүүс үзэх болсон?
-Сайн хүний нэрийг гурав худалддаг гэдэг шиг Их хааны нэрийг худалдаж, сагсуурч байгаа хүмүүс зөндөө байна. Үүний нэг жишээ гэвэл Н.Давааням гэдэг нөхөр. Би түүнийг Чингис хааны талаар над шиг 20 гаруй жил амьдралаа зориулж судалсан гэж хэлж чадахгүй. Аливаа зүйл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаан дээр тулгуурлах ёстой. Хэн дуртай нь амныхаа зоргоор бусдын өмнөөс үндэслэлгүй юм ярьж болохгүй.
-Их хааны нэртэй янз бүрийн бүтээгдэхүүн ихээр гарах болсон шүү!
-Би үүнд их эмзэглэдэг. Ялангуяа архин дээр. Яахав дэлхийн зарим улсууд алдартай удирдагч, ерөнхийлөгчөөрөө сархдаа нэрлэдэг. Тухайлбал Францад Напалеон нэртэй дарс байдаг. Гэхдээ бид өөр ёс суртахуунтай ард түмэн. Тэр Напалеон юу юм! Жавахарлал Неру нэгэнтээ Чингис хааны хажууд Напалеон бол хүүхэд гэсэн байдаг шүү дээ. Тиймээс бид, ялангуяа залуу үе Их хаанаа дээдлэн нандигнаж явах учиртай. Америкууд төрийнхөө далбааны зурагтай дотоож хийдэг. Харин бидэнд тийм ёс суртахуун байхгүй. Залуу хойч үед маань тийм сэтгэлгээ бүү суугаасай гэж хэлэхийг боддог ч хэлдэг ч.
-Чингис хааны дэлхийн цэргийн урлагт байгуулсан гавьяаг Та юу гэж боддог вэ?
-Төв Азийн эрс тэс уур амьсгалтай энэ газар хэдэн мянган жил овог, аймгууд нүүдэллэн зорчиж, олзлолдон булаалдаж байсан. Тиймээс монголчуудын цэргийн урлаг олон мянган жилийн улбаатай. Цэргийн байлдах урлаг гэдэг бол яаж ялалт авах вэ гэсэн ухаан. Миний олж мэдсэнээр дэлхийн цэргийн урлагийн 16 дүрэм байдаг. Үүн дээр Франц гурав, Англи нэг дүрэм нэмдэг. Эдгээр зарчимд судалгаа хийж Чингис хааны байлдааны урлагтай тохирох эсэхийг үзсэн. Судалгааны дүнд бүгд тохирч байсан. Суу заль, ов мэх гээд бүгд Их хаанд байсан. Тэр байтугай цэргийн урлагт цээрлэх зүйл байхгүй гээд монголчууд хэлчихсэн. Энэ яг л бокстой адил. Олон хуурмаг хөдөлгөөн хийж дайснаа мэхэлсний дараа эцсийн шулуун цохилт хийдэгтэй адил. Тиймээс бидний өвөг дээдэс байлдах урлагийг хүн төрөлхтөнд байгаагүйгээр хөгжүүлж чадсан. Багаар ихийг ялахын ухааныг монголоос өөр төгс эзэмшиж чадсан түүхтэй орон хаана ч байхгүй.
-Чингис хаан гээд цээжээ дэлдээд байх нь зөв үү?
-Бид омогшуу, бадрангуй явах эрхтэй ард түмэн. Мэдээж хэрэгтэй үед даруу төлөв байх шаардлагатай. Гэхдээ би үндэсний омогшлийн талаар ярьж байгаа учир ийн хэлж байгаа юм. Бид тэнгэр заяат ард түмэн учраас хүн болгоны цусанд омогшингуй үзэл байдаг. Харин хятад хүнд алаг дарам газар, худаг байхад л хангалттай. Түүгээрээ ч сэтгэлгээний цар хүрээ нь хашаандаа багтана. Харин монгол хүн уулын орой дээрээс наран төгсөх газар хүртэл холын бараа хардаг. Хүн ямар аж ахуйд өснө, түүндээ л зохицсон хүн болдог. Ан, гөрөө хийж, адуу малтай ноцолдож, хөл орох цагаасаа морин дэл дээр өсдөг ард түмэн хэзээ ч даруу байдаггүй. Үүнийг түүх гэрчилдэг. Тариачин, нүүдэлчин хүн хоёрын ялгаа тэнгэр газар шиг өөр гээд түүхийн хуудаснаа тодоос тод биччихсэн байгаа. Тиймээс биднийг нүүдлийн соёлоо сонгодгоор нь хадгалж чадсан нэг ч улс үлдсэнгүй. Тиймээс мянган цагаан хонины дундаас сондгойрч байгаа энэхэн соёлоо хойч үе маань үргэлжүүлэн авч явах ёстой.
-Чингис хаан гэдэг нэрний тухайд?
-Гадна, дотны олон эрдэмтэн, судлаачид энэ нэрийн тухайд түмэн таамаг дэвшүүлдэг. Зарим нь чулуутай холбоно, зарим нь домгийн талаас тайлбарлана. Миний хувьд тэдгээр таамаглалуудаас арай талтай байдаг нь Чингис гэдэг үгийн Чин-г чин үнэнч байхийн илэрхийлэл үг гэдэг талаас судалсныг дэмждэг. Ард түмнээс Та үнэнч, шударга, чин зоригтой байгаарай гэж өгсөн цол. Түүгээрээ ч монгол үндэстэнг нэгтгэж, өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг болж байгаа. Зарим хүмүүс Чингис хааныг Чингис гэж дуудах юм. Энэ бол буруу юм. 1186 онд Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжилж, Хамаг Монгол улсын хаан болгосон. Иймд Чингис хаан гэх үг хоёулаа цолыг илэрхийлж байгаа. Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнийг далай аварга гэж орхигдуулан дууддаггүй шүү дээ.
-Их хааны хөргийн талаар юу гэж хэлэх вэ?
-1227 онд Хубилай хаан 11 настай байхдаа зуруулсан зураг. 11 настай хүүхэд чинь өвөөгөө мэднэ биз дээ, тийм учраас үнэн. Түүгээр ч барахгүй Хубилай хаан өвөөгийнхөө угаалгын өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн гурван гэж бичиж, зарлигдсан байдаг. Монгол ёсонд хүүхдийг төрснөөс гурав дахь хоногт нь угаадаг. Энэ заншлын дагуу он цагийн хэлхээсийг хөөж Их хааны төрсөн өдрийг 11 дүгээр сарын 14 гэж тогтоосон байгаа.
-Ярианыхаа төгсгөлд Та Их хааны мэндэлсэн өдөрт зориулж юу хэлэхсэн бол?
-Миний найз судлаачийн хэлсэн үг байдаг. Монголын түүхгүйгээр дэлхийн түүх оршихгүй, дэлхийн түүхгүйгээр монголын түүхийг бичиж болно. Ингэж хэлэх гавьяаг Чингис хаан бидэнд өгсөн. Тиймээс Их хааныхаа хийморь дор омогшин бахархаж явья. Биднийг газар дор байгаа алт хөгжүүлэхгүй. Биднийг өвөг дээдсийнхээ ариун түүхээр бахархаж “Би монгол хүн” гэдэг үзлээр хэнээс ч дутахгүй гэх бардам сэтгэл өвөртлөн хөдөлмөрлөх сэтгэлтэй иргэд хөгжүүлнэ, зүгээр сууж огтхон ч болохгүй. Ингэсэн цагт угаас тэнгэр заяат ард түмэн дорхноо босоод ирнэ.
Ярилцсан Танд баярлалаа цаашдын судалгааны ажилд тань амжилт хүсье!
Ярилцсан М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо”
URL: