Б.Амархүү загвар өмсөгчийг сонгов

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжиг­чин Б.Амархүү “сүй тавьжээ”. Тэрбээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтын тайзан дээр дуулахдаа баруун гарынхаа ядам хуруунд бөгж зүүсэн байсныг гярхай фэнүүд нь тун ч амархан ажигласан байна.

Дуучин залууг сэмхэн харж явдаг бүсгүйчүүд “Сүйн бөгж зүүчихэж. Хэнтэй гэрлэх гэж байгаа юм бол” хэмээн шивэр авир хийлцэж байв. Гэтэл тоглолтын дараа дуучин Б.Амархүүг нэгэн бүсгүй үүдэн дээр тосч, олны нүдэн дээр сугадан оджээ. Дуучин залууг тоссон бүсгүй нь загвар өмсөгч О.Ариунзул байсан нь олны анхаарлыг бүр ч ихээр татсан байна.

“Big fish” кинонд загвар өмсөгч бүс­гүйтэй хамтран тоглосныхоо дараа Б.Амархүү “О.Ариунзул миний сонголт биш” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан. Гэвч хэдхэн сарын дараа ийнхүү тун ч дотно байдалтай олны нүдэнд өртөхөд нь зарим хартай нэгэн нь “Голсон юм голд орно гэгчээр Б.Амархүүгийн эцсийн сонголт нь О.Ариунзул л байж дээ” хэмээн тэрүүхэндээ мушилзжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих