Оюутолгойн үйл ажиллагаа иргэдийг өлсгөлөн зарлахад хүргэх

Өмнөговь аймгийн нутагт байрлах Оюутолгойн орд газрын эргэн тойронд байдал ямар байгаа талаар Монголын уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, “Говийн ургах нар” ТББ-ын тэргүүн Б.Буджаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойн ордын ойр орчмын айлыг хөөж байна гэсэн мэдээлэл тархах боллоо. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй юм бол?

-Оюутолгойн хуудуутай ажлуудын уршгаас нутгийн ард иргэд их зүдэрч байна. Тухайлбал, Уурхайн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөнд үйлдвэрлэлтийн явцад гарсан хог хаягдлыг хаях зориулалттай D гэдэг шинэ талбай байгуулсан. Энэ нь одоо ашиглаж буй A талбайтай дүйцэхүйц хэмжээтэй. Хамгийн гол нь энэ талбайд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ер хийгдээгүй.

Түүнчлэн уурхайн хаягдлаас хүн малд учрах аюул маш их байна. Наанадаж л, энэ нутагт хэдэн үеэрээ суурьшсан иргэд өөр газар орон бараадах боллоо. Мөн нүүхгүй гэсэн айлуудын “Худагийг хаана” гэж уурхайн захиргаа сүрдүүлэх болсон.

Энд үүсч буй бас нэг сэтгэл зовоосон асуудал бол нутгийн иргэдийн эрүүл мэнд. Уурхайд ямар ч химийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй. Мөн Өмнөговь аймгийн нутаг тэр чигээрээ тоосжилтын бүс болоод байна.

-Уурхайд ажиллаж байгаа нутгийн иргэдийн цалин ямар байна вэ?

-Монгол ажилчдын цалин хамаагүй бага шүү дээ. Сард дөнгөж л 200 мянгыг авах жишээтэй. Ханбогд сумаас ажилдаа явдаг хүмүүс 06.00-д ажлын унаандаа сууж, өдөржин хүнд нөхцөлд ажилчихаад 23.00 цагт гэртээ ирдэг. Газрын гүнд бүхэл бүтэн 12 цагийн турш ажиллахдаа хоолоо авч орж, тэндээ иддэг. Нэг үгээр хэлбэл, хоолоо хор болгож идэж байгаа юм.

-Өмнөговь аймгийн усны асуудал нэлээд анхаарал татах болсон. Энэ талаар?

-Өмнөговьд усны нөөц тун бага. Гэтэл Оюутолгойд Монголын Засгийн газрын бүрэн төлөөлөгчөөр ажилладаг Д.Батбаатар мэтийн хүмүүс канадуудад морь нохой мэт зүтгэн хүн чанаргүй, хууль бус ажил зохион байгуулсаар байна. Тухайлбал, хоногт 50 мянган тонн ус татах гүний хоолой тавих гэж байгаа талбайн нэг хэсэг нь Монголын компаниудын лицензтэй байлаа. Гайхалтай нь одоо Ханбогдын харьяанд байгаа уг талбайг Айвенхоугийн эзэд Д.Батбаатарыг ашиглан хууль бусаар өөрийн болгож авсан. Түүнчлэн Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан байхад дахин хурал зохион байгуулж дарамтлан сүрдүүлсээр уг талбайг Айвенхоугийн мэдэлд өгчихсөн.

-Энэ бүгдэд танай төрийн бус байгууллага болон, нутгийн иргэд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд болон манай төрийн бус байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий хүмүүстэй тэмцэнэ. Эхний ээлжинд тус сумын иргэд ирэх сараас өлсгөлөн суулт хийхээр төлөвлөөд байна.

Л.Алтанхишиг http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих