“Манай намыг бодоорой” буюу З.Баянсэлэнгэ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэнээр улстөрчийн намтар нь эхэлж, эдүгээ УИХ-д тухалж суугаа эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ сүүлийн үед юм л бол “Манай намыг бодоорой” гэх болжээ.
Хувцаслалт, үс засалт тэр ч байтугай инээмсэглэх төрх байдалдаа ч бодит өөрчлөлт хийгээд байгаа З.Баянсэлэнгэ гишүүнийг НББСШУ-ы байнгын хорооны хэдэн гишүүн “гадаад үзэмж нь илт сайжирч, царай нь шингэрээд, улам л эмэгтэйлэг болж байгаа”-г нь сэмхэн ярилцаж, хөөрхөн сонждог гэлцэнэ.
НББСШУ-ы байнгын хорооны хуралдаанаар тэтгэвэрт гарч байгаа багш нарт олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийн асуудал хэлэлцэхэд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн баахан тоо баримт тоочиж, аргагүй л часхийсэн санхүүч гэдгээрээ асуудалд ханджээ. Гэтэл З.Баянсэлэнгэ дарга сүүлийн үед ихэд моодонд ороод байгаа ялимгүй аальгүй инээмсэглэлээрээ танхимын уур амьсгалыг зөөлрүүлж, “Даваасүрэн дарга аа, дарааллаараа яриарай” хэмээн намжирдаж, гайгүй эдийн засагчийг дуугүй болгочихож байсан.
Ер нь тэгээд УИХ-ын танхим, байнгын хороодын хуралдаан дээр баахан харчууд чанга дуугаралцаж байхаар З.Баянсэлэнгэ шиг дарга нартай болчихвол даргынхаа наалинхай нүдний ирмээнд хуйларсан эрчүүд аядуу зөөлөн болж, тэр хэрээр хууль батлах ажил урагшлах сайн талтай бус уу.
Өнгө зүс нь түмний нүдэн дээр илт сэргэж, сэргэлэн болжмор шиг л жиргэж яваа З.Баянсэлэнгэ дарга сүүлийн үед ямар нэг арга хэмжээнд оролцохдоо уулзаж учирсан хүмүүст “манай намыг бодоорой” гэх уншлага болсон гурван үгийг байнга дуулгах болсон гэнэ.
Наалинхай инээмсэглэл, гадаад үзэмжээрээ ордныг чимэх болсон З.Баянсэлэнгэ дарга НББСШУ-ны байнгын хорооны ажлаа амжуулах завсраа төрөлх намынхаа төлөө санаа тавихаа мартаагүй л яваа ажээ. УИХ-ын эрхэм гишүүн, эмэгтэй дарга байх нь ийм л ашигтай байдаг юм байна. Бас урваж шарвадаггүй туйлбартай үнэнч зан эмэгтэй хүнийг улам чимэглэдэг юм байна.
Аравдугаар сарын 27-нд болсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бусад нам, хөдөлгөөн, ард иргэдийн төлөөлөл оролцсон “Их хуралдай-4”-ийн үйл ажиллагаанд эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ эхнээс нь дуустал тун ч идэвхтэй оролцсон.
Хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын тус хуралдайд ирүүлсэн илгээлт бичгийг сонсож суухдаа урсан гарах нулимсаа тогтоон барьж дийлэхгүй мэгшиж суугаа З.Баянсэлэнгэ гишүүнийг харахад гудамжны тэмцэгчээс УИХ-ын эрхэм гишүүний өндөр сэнтийд залрах замыг нь тэгшлэн засч өгсөн ачит даргадаа хэн хүнээс илүү хайртай нь илт анзаарагдаж байсан юм.
“Их хуралдай”-н индэр дээрээс “Өнөөдөр МАХН нь Монголын хамгийн нөлөө бүхий улстөрийн намын нэг боллоо” хэмээн итгэл төгс мэдэгдэж зогссон УИХ-ын эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ яваандаа “Манай намыг бодоорой” гэх гурван үгээ мартах нь дамжиггүй. Харин тэр цаг үе нь хэзээ бол.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: