Төрөөс “PC”-г эрхлүүлсээр байх уу?

Буу эсвэл барби гэх үгний хооронд асар том зөрүү бий. Харин эдгээр үгсийг хүн гэх ойлголт дээр тусган харвал та төвөггүйхэн эрэгтэй эсвэл эмэгтэй гэх хүйсийн ялгааг олж харна. Харин яагаад эрэгтэй хүүхэд буунд, эмэгтэй нь барбинд дуртай байдаг юм бол. Хувь хүний үзэл бодол, ертөнцийг харах өнцгөөс шалтгаалан хариулт нь хэдэн мянгаар хувирч болно. Гэхдээ хариулт хайхаас урьдаж, тоглоом тоглосноор гарч болох үр дүнгийн тухай тогтож бодье.

Ээж нар ярьдаг даа. Хүүхэд өсөж томрох сайхаан, гэхдээ энд тэнд хэрэг төвөгт орооцолдчих вий гэхээс их айх юм гэцгээдэг. Жаахан оройтоход цаг манж, утас чагнаад л орчлонгийн хамаг муу муухайг төсөөлөөд л хүүхдээ хүлээн суудаг. Тэр сэтгэл нь харин өнөөгийн нийгмийн жинхэнэ тусгал гэвэл санал зөрөх нэгэн үгүй биз ээ. Тэгвэл яагаад өнөөгийн нийгэм тийм аймшигтай болчихсон юм бол. Монгол гэх нэг ухагдахуунд багтаж, нэг түүхээс мэндэлсэн атлаа нэгнээ оюун санаа болоод бие махбодиор нь хохироох зэрэмдэг сэтгэл хаанаас төрдөг юм бол. Энэ бүхний хариултын нэгээхэн хэсэг “тоглоом” гэж бодож байна. Харин та усан буу гартаа барьж жаргалтай инээж байгаа хүүхдийг төсөөл дөө. Хэдийгээр усан буу боловч үр дүн нь сөрөг байж болно. Учир нь хүүхдэд өөрийнх нь хүссэн ч биелүүлж чадахгүй байгаа тийм орон зай ямагт байдаг. Харин тэр нь бусдыг эрхшээлдээ оруулж өөрийгөө хүчтэй мэтээр төсөөлөх бодол юм. Цаашлаад уг бодлоо хэрэгжүүлэхээр зүтгэж ч байж болно. Харин та үүнийг нь гүйцэлдүүлж өгдөг. Хүссэн тоглоомыг нь авч өгсөнөөр шүү дээ. Тэр жолооч болохыг хүссэн бол тоглоомон машин худалдаж авахуулаад жолооч болж болно. Харин хүн хохироохыг хүссэн бол буу авахуулдаг. Ямар ч асуудалгүй бас ямар ч эргэлзээгүйгээр шүү дээ. Хүүхэд учраас буудалцаж “тоглох” нь энгийн үзэгдэл боловч хүний тархи маш нарийн зохион байгуулалттай байдагт гол учир оршино. Энэ нь гарт нь буу байгаа бол өөрийгөө хүчтэй гэж мэдрэх тийм сэтгэл хөдлөлийг төрүүлдэг явдал юм.

Харин сүүлийн үед тоглоомон буу шагайж онилдог хөдөөний хүүхэд ч нэн ховордож. Харин бүр бодит мэт буудаж, цус урсгаж, сумаа цэнэглэж, аллагынхаа тоогоор дээгүүрт бичигдэх гэж улайрдаг болж. Энэ нь бидний хэлдэгээр техник, технологи, интернэтийн хурдацтай цахим ертөнцийн хөгжил юм. Харин Монголд энэ хөгжлийг нь  интернэт, “пс” гэх газрын тоогоор үнэлвэл бараг л дэлхийд тэргүүн эгнээнд бичигдэх нь холгүй болж. Үнэндээ бол  дээрх газруудыг аллагын гэж тодотгож болно. Ороод үзээрэй үнэхээр тэнд аллага явагдаж байгаа. Буудаж хороож, орилж хашгирч, нэгнийгээ хараан зүхэх нь зүгээр л тэдгээр газруудын дотоод имидж. Харин цагаан захтнууд түүнийг нь соёлын төлбөрт үйлчилгээ гэдэг юм билээ. Ямар сайхан хэлээ вэ. Үнэхээр уярмаар сонсогдож байгаа биз. Тэгэхээр та бидний хүүхдүүд соёлын төлбөрт үйлчилгээ аваад Шархадны эмнэлэгт хэвтэж, хонуут өнжүүтээр хэсэн тэнэдэг байх нь. Нэрнээсээ эхлээд л ийм сайхан юм чинь хүн татагдахгүй гээд ч яахав дээ.

Соёлын шок гарч амжаагүй эхэн үедээ эдгээр газар ямар ч хараа хяналтгүй оршин тогтнож байсан нь зүүдэндээ бууддаг хүүхдүүдийн тоог эрс нэмсэн. Тухайн үед өнөөх төр засаг нь соёлын төлбөрт үйлчилгээгээ хумих шийдвэр гаргаж л байлаа. Харин одоо аажим аажмаар улам л их соёлжоод байх болж. Энэ нь ч нүднээ илт харагдаж байна. Хоёр алхаад л нэг интернэт тоглоомын газар, паб, ресторантай болж дээ.

Харин өчигдөр БШУЯ-наас Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран “Хүүхдийг интернетийн аюулаас хамгаалах” аян гээчийг зохион байгуулав. Нийслэлийн 16 дугаар сургуулийн өсвөрийн цагдаа, СБД-ийн цагдаагийн хэлтэсийн ахлах байцаагч мөн хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага иржээ. Гэсэн ч шүлсээ савруулан хашигчих “соёлын төлбөрт үйлчилгээ” үзүүлдэг эзэнд хөөгдөн гарснаар уг аяны эхний өдөр өндөрлөв. Залгичих шахам том ангайж ярьсан түүний үйл ажиллагаа явуулдаг газрын нэр нь “Champions”. Аваргууд гэсэн үг л дээ. Тэрбээр дээрэнгүй өнгөөр бидэнтэй харьцахдаа “Та нар хэн юм. Үйл ажиллагаа тасалдуулаад, хамаг хүн үргээгээд хаячихлаа” гээд цааш хашгичсан. Зүй нь түүнийхээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа газарт саад учруулах эрх хэн нэгэнд байхгүй гэнэ. Гэхдээ тэнд цүнхээ даахгүй бяцхан жаал  сурамгай нь аргагүй буудаж чаддаг юм билээ. Хүн орж ирсэнийг нь ч анзаарах сөхөөгүй дэлгэц ширтээд, чихэвч зүүхдээ түүгээрээ буун дуугаа сонсож байсан. Харин эл газрын үйлчлүүлэгчдийг бид үргээгээгүй шүү. Зүгээр л хүүхдүүд “пс” тоглоом тоглох нь буруу зүйл гэдгийг мэддэг болсон хэрэг. Телевизийн дуранд нь өртвөл аав ээж загнана гэх нэгэн ч байв. Тийм болохоор тэд аллага үйлддэг тоглоомоо нууцаар тоглодог байх нь. Энэ нь донтох гэсэнтэй агаар нэгэн буй.  Арай том болсон нь оросоор харааж одоо бүр эд нар чинь тоглуулахгүй нь ээ ч гэж байна лээ. Үнэнийг хэлэхэд тэдгээр үгс зүрх зүсэм байсан. Олон хэвлэл дээрээс нь цагдаа хүртэл байхад өөрсдөө ч ойлгохгүй орос монгол хараалаа нийлүүлж жишим ч үгүй тоглосоор байх юм.

Харин төрийн зүгээс санамж бичиг өгөөд л өнгөрөөж байгаа нь эмэгнэлтэй. Тэр бичигт уран гоё үгээр “…Цахим тоглоомын газар нь 18 нас хүрээгүй иргэнд зуны улиралд 21.00 цаг, өвлийн улиралд 19.00 цаг хүртэл үйлчлэх, нэг удаа тоглохдоо хоёр цагаас хэтрэхгүй байхаар…” гэж заажээ. Гэтэл компьютер тоглоом тоголсоноор эхний 10-30 минут амжилтын мэдрэмжийг мэдэрч чаддаг боловч дээрх хугацаанаас илүү минут тоглох үед уг мэдрэмжийг өгөхөө байдаг байна. Энэ үеэс эхлээд компьютер тоглоом тоглох нь зүгээр нэгэн хэлбэрийн рефлекс хэлбэрт шилжиж зарим үед ямар ч утгагүй мэт санагдуулдаг аж. Улмаар өөрийгөө хянаж зогсоох чадваргүй байгаагаас тоглохоо үргэлжлүүлсээр  л байдаг. Энэ нь тархи ба бие нь хүчтэй ядралтыг мэдрэх үед сая нэг зогсдог.  Үүний дараа маш их өлсөж, ядарснаа мэддэг ба  үс тослогтож, арьс таталдаж, ам хуурайшиж хатан, эвгүй үнэртэй болсон байдаг аж. Ийн явдал олон удаа давтагдахад хүн мэдрэлийн ядаргаанд орж, утга учиргүй тоглохоо үргэлжлүүлсээр л байдаг байна. Харин хүний тархинд хадгалагдсан тухайн дүрснүүд зүүдлэгдэж, энгийн сэрүүн үед ч гэсэн харагддаг болж үүнээсээ айж цочин шизофрений хэлбэрт ордог байна. Хүүхэд залуус тоглоомонд хэт донтсоноос болж мэдрэлийн ядаргаанд орсон үедээ анхаарал нь төвлөрөхөө байж, ажил амьдрал, хичээл сурлагаа умартаж,  мартамхай уймраа болох гэх мэт шинжүүд илэрч амьдралаас таашаал авахаа больж архи, тамхинд мөн идэвхтэй орж эхэлдэг нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

Б.ШИРНЭН

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих