Монгол хүний амь нас ямар үнэтэй вэ?
НОХОЙ МЭТ ҮХЭХ МОНГОЛ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯА
Гурван сая хүрэхтэй үгүйтэй Монгол Улсын иргэд өдөр бүр золгүй байдлаар, эсвэл хэн нэгний буруутай үйлдлээс яг л нохой мэт үхэцгээж байна. Уг нь Үндсэн хуулиндаа Монгол хүн амьд явах эрхтэй гээд заачихсан байдаг. Гэтэл гарцаар гарч явсан хүүг согтуу жолооч дайраад алчихна, барилгын ажлын аюулгүй байдал
мөрдөгдөөгүйгээс ээжийнхээ гараас хөтлөн гэртээ харьж явсан охины амийг “залгичихна”. Сүүлдээ гэртээ хоолоо идээд сууж байгаа хүмүүсийг бөөнөөр нь согтуу жолооч хүйс тэмтэрчихдэг боллоо. Дээрээс нь “юмтай сумтай” нөхдүүд ч олширч гурван сая төгрөгийн төлөө гурван хүүхдийг өнчрүүлж байх жишээтэй. Энэ мэт дурдвал өдрөөр бус цагаар шахам хэн нэгний гарт амь насаа алдах иргэдийн нэрсийг урт дарааллаар жагсааж болно. Зөвхөн өнгөрсөн есдүгээр cap гарснаас хойш барилгаас унаж хэдэн ч хүн хорвоогийн мөнх бусыг үзэв дээ. Хамгийн гол нь хэн нэгэн буруутай этгээд, бүр цаашилбал төр засгийн буруу бодлогоос үүдэн амь нас нь хохирч байхад хохирсон иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй өнгөрдөг жишиг тогтчихож. Илүү лавшруулж тайлбарлахын тулд хэдэн жишээ татья. Эхнийх нь өнгөрсөн есдүгээр сарын гуравны өдөр Баянгол дүүрэгт кран нурсны улмаас ээж дүү хоёртойгоо хөтлөлцөөд гарцаар гарч явсан 12 настай охин амиа алдсан явдал.
Дараагийнх нь Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо буюу Тэнгис кино театрын хажууд баригдаж байсан барилгаас тулгуур төмөр унаж, их сургуулийн босгоор дөнгөж алхаад байсан залуугийн амийг авч одсон үйлдэл. Энэ талаар дээр доргүй л сенсацилсан даа. Гэхдээ нийгэмд тогтчихсон эмгэгийг сануулахын тулд талийгаачдын ясыг дахин өндөлзүүлж байгаадаа ар гэрийнхнээс нь хүлцэл өчье. Дээрх хэргийг сөхвөл хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй барилгын компани, хариуцлага алдсан ажилчид гээд ярих юм бол мэргэжлийн хяналтын байгууллага тэгээд эцэст нь төр засаг ч буруутай болж таарсан.
Хамгийн гол нь охины үхэлд дээрх байгууллагууд бүгд буруутай гэдгийг анхлан гаргаж тавьсан талийгаачдын ар гэрийнхний шархалсан зүрхний үгс үүнийг ил болгосон юм. Талийгаач Б.Есүгэн охины аав хэлэхдээ ” Миний охины амийг шүлэг тэрлэн магтаж байсан эх оронд нь бугшсан хүнд суртал, авлига авч одсон” хэмээн голыг нь олоод хэлчихсэн.Тиймээс Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотын дарга нь хүртэл гэнэт амь орсон мэт дуугарцгааж эхэлсэн юм. Гэхдээ авлига хүнд суртлын золиос болж үлдсэн талийгаач охины ар гэрийнхэнтэй ижил олон гэр бүл, цаашлаад золиослогдож мэдэх иргэдийнхээ эрх ашгийн төлөө бус хэдхэн өдрийн телевизийн сенсаци болоод үлдэх учиргүй.
Магадгүй жил бүрийн есдүгээр сарын гуравны өдрийг Есүгэн охины өдөр болголоо гэхэд Есүгэн охиныхтой ижил үхэл нийгмээс алга болно гэдэгт итгэх хүн цөөн байна. Есдүгээр сарын гуравны өдөр болсон процессоос хойш 49 хоног өнгөрсөн байхад хэн ч түүний үхлийг дурсаагүй, буруутныг тогтооход анхаарахгүй байсан учраас охины аав Б.Батсайхан хэвлэлийнхэнд хандаж, ингэснээр Ерөнхийлөгч тэргүүтэй эрхмүүд гэнэт сэрж хэвлэлээр охины араас гашуудаж буй дүр эсгэн талийгаачийн үхлийг сенсацилсан. Харин эгчийгээ нэхэх охиныхоо царайг харан зовох аавын сэтгэлийн гүн шарх одоо ч хэвээрээ. Магадгүй хэзээ ч арилахгүй байх. Талийгаач охины аав Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хүний эрхийн комиссын дарга нараас хүссэн зүйл нь юу байсныг сануулъя. Тэрээр Монгол хүний амь нас үнэгүйдэж, төр засаг нь ч үүнд анхаарахгүй байна гэдгийг хэлсэн. Мөн Монгол Улсыг бүрэн эрхийг төлөөлж байгаа аав хүнийхээ хувьд өчүүхэн миний зовлонг ойлгож, Монгол иргэнээ амьд явах бүрэн эрхтэй байх бололцоог гаргаж өгөхийг хүссэн.
Учир нь зам даган дээрээс хогоо шидлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон барилга баригдаж хэдхэн хоногийн зөрүүтэй хугацаанд хоёр амь нэгэн шалтгаанаар ертөнцөөс тасран одсон юм. Тэрээр охиныхоо зураг, зул хоёроор голоо зогоож байгаагаа ч мөн хэлсэн. Байхгүй болсон охиныг нь орлож болох зүйл нь түүний хувьд зураг, зул хоёр л байсан учраас тэр.
МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ХАНШ
Монгол хүн ямар үнэтэй вэ гэдэг асуулт үүнээс урган гарч ирж байна. Өөрөөр хэлбэл хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй ч далхийн аль ч улс оронд энэ мэт шалтгаанаар амиа алдагсдын амь насыг тодорхой жишгээр мөнгөн хэлбэрээр тогтоосон байдаг. Энэ нь хамгийн наанадаж тооцвол хэн нэгний амь насыг хохироосон этгээд оршуулгын зардлаас авахуулаад сэтгэл санааны хохирлыг мөнгөн төлбөрөөр олгох хэлбэр юм. Дэлхийн бүх улс орнуудад хохирогчдын хохирлын хэмжээг барагдуулдаг бөгөөд энэ нь хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэг нь. Харин хохирлыг барагдуулах энэ хэлбэр манай улсад хэрхэн хэрэгждэг вэ? Үүний тулд дахин хэдэн жишээ татъя. Б.Есүгэн охины ар гэрийнхний хувьд буруутай компанийн удирдлагуудтай уулзаагүй, уулзахыг ч хүсээгүй бөгөөд хохирлын хэмжээг ярихаасаа өмнө буруутныг үнэн зөвөөр тогтоолгож, хариуцлага хүлээлгэхийг урьтал болгож буйгаа хэлсэн.
Тэнгис кино театрын хажууд баригдаж байсан барилгаас унаж хүн гэмтээсэн байхад барилгын компанид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 250 мянган төгрөгийн торгууль тавьсан байсан. Тэгвэл эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирохын зэрэгцээ, хэвлий дэх үрээ зулбуулах хүртлээ зодуулсан нэгэн эмэгтэй бас байна. Энэ нь Баянгол дүүргийн Богд-Ар хороололд байрлах “Шайнинг” нэртэй хятад үсчний газрын үсчдэд холбогдох хэрэг. А гэгч эмэгтэй тус үсчний газраар үсээ будуулснаар үс нь хуйхнаасаа бүрэн салж, балмагдсан хохирогч эмэгтэй бухимдлаа илэрхийлж хятад үсчид түүнийг гөвшсөнөөр бие давхар гэдгээ мэдээгүй байсан эмэгтэй үр зулбасан. Түүнчлэн үсний будагнаас, өгсөн харшлаас үүдэн хохирогч хувийн эмнэлэгт хагас cap хэвтэж хоёр хөл дээрээ босохтойгоо болсон байгаа. Орчлонгийн нарыг үзэхээр хэвлийдээ бүрэлдээд байсан үр, хордлого, зодуурын улмаас одоог хүртэл ажилдаа орж чадаагүй байгаа эмэгтэйн санхүү, эд материалын хохирлыг хятад үсчид өгөх нь битгий хэл одоог хүртэл гэмгүй үсчний газар хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл дөрвөн айлын голомтыг самарсан сэтгэл сэрдхийлгэм хэрэг мөн өнгөрсөн есдүгээр сард гарсан юм. Хэргийн талаар эргэн сануулбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн малчин Б.Отгонтулгын гэрийг 72- 81 УНИ улсын дугаартай “Land rover” машины жолооч дайрч, дөрвөн хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан билээ. Амралтын өдрүүдээр талийгаачид ар гэрийнхэнтэйгээ хөдөө гэртээ очсон байсан юм. Баяндалай сумын Баян багт намаржиж байсан Б.Отгонтулгын гэрт очиж хоёр өдөр хадлан хадаж байгаад аймгийн төв рүү явахаар болж нэг гэртээ бөөгнөрч, хоол унд бэлдэцгээж байсан гэдэг. Тус газарт таван айл эгнэн буусан байсан. Гэтэл согтуу жолооч хурдтайгаар давхиж ирж баруун захаасаа хоёр дахь гэрийг шууд дайрч иргэн Н.Бадамлянхуацэцэг, түүний хүү 10 настай Буманбаяр, Даланзадгад сумын иргэн Б.Алтанзул, тэдэнтэй хамт аймаг руу хүүхдээ эргэхээр явах гэж байсан малчин эмэгтэй Д.Алимаа нарыг гэртэй нь хамж дайрч амь насыг нь хөнөөсөн юм. Гурван айлын эхнэрийн амийг авч одсон уг хэргийг үйлдсэн этгээд нь “Полирас” гэх уул уурхайн компанийн жолооч байсан бөгөөд машин замаа дайрсан гэр хүртэлх саад бартаа, тотгорыг саадгүй тойрсон, жолоо барьж явахдаа согтолтын зэрэг нь бага байсан зэрэг нь уг хэрэг санаатай байсан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа.
Одоогийн байдлаар хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. “Полирас” компанийн зүгээс талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын зардал гэж дөрвөн сая төгрөг өгсөн боловч түүнийгээ эргүүлэн авсан байдаг. Учир нь 5-13 насны таван хүүхэд төрсөн эхээсээ хагацаад амь наана там цаана байхад компанийн удирдлагууд дөрвөн сая төгрөгөөр дөрвөн хүний амь насыг үнэлсэн нь тэдэнд таалагдаагүй аж. Гэтэл компанийн удирдлага мөнгөнд дургүй юм бол буцаагаад авчихъя гээд өгсөн мөнгөө эргүүлэн авсан байдаг. Энэ мэт жишээг дурдвал үзэг цаас хүрэлцэхгүй тул ингээд зогсъё.
ЦААСАН ДЭЭР БУУГААД ХЭРЭГЖИЛГҮЙ АРХИВЛАГДСАН ХУУЛЬ
Харин манай улсад хохирогчийн нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулах хууль цаасан дээр буугаад хоёр жил болсон хэрнээ өдийг хүртэл хэн ч үүнийг гаргаж ирэлгүй хав дарсан байжээ. Энэ талаар “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв” ТББ-ийн тэргүүн Б.Цэрэндорж хэлэхдээ “Хууль зүйн яамны архиваас оллоо. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж бэлгэ тэмдэг төдийхнөөр ажлаа хийдэг байсан нь эндээс илт харагдаж байгаа болов уу. Учир нь гэмт хэргийн хохирогчдод нөхөн олговор олгох тусгай сан байгуулж, орон тооны бус сангийн Зөвлөл байгуулахаар өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 63 тоот тушаал гаргасан төдийхнөөр ажлаа хийсэн хэмээн оромдсон байна” гэж мэдэгдсэн юм.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаар тогтоолд бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн худалдаалах, хүчиндэх, эрүү шүүлт тулгах гэх зэрэг 12 зүйл заалт бүхий гэмт хэргийн тохиолдолд хохирогчид нөхөн олговор олгох тухай заасан байна. Эдгээр хуулийн заалтууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой ч өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг гаргаж ирээгүй байсан байна. Тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Нямдорж уг хуулийг хэрэгжүүлээгүй ч нэгэнт батлагдсан хуулийг шинэ Хууль зүйн яамны сайд болон дэд сайд үүнийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэж “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв” ТББ-ийн тэргүүн Б.Цэрэндорж үзэж байгаа учраас тэрбээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн уг хуулийг хүчин төгөлдөр мөрдүүлэх шаардлагатай хэмээн Хуульзүйн сайдад хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Уг хуультай холбоотойгоор 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлаар 300 гаруй залууг эрүүдэн шүүсэн. Энэ хэрэгт холбогдсон залуусыг цагаатгах асуудал нэг хэсэг яригдсан ч таг чиг өнгөрсөн юм. Тэдний амьдрал, ар гэрт учирсан хохирлыг тооцох аргагүй. Тиймээс төрөөс олгож буй нөхөн төлбөрийн хэмжээг нэмэхээс гадна бусад журмыг амьдралд хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хууль тогтоох байгууллага улстөржиж, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүйн тод жишээ нь энэ 132 дугаар тогтоол болж таарлаа” гэв.
Хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж батлагдсан ч өдийг хүртэл яамны архивт хадгалагдсан уг хуулиар бол гэр бүлийн гишүүнээ бусдын гарт харамсалтайгаар алдсан ар гэрийнхэнд нь Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нөхөн олгох учиртай гэнэ. Харамсалтай нь энэ тухай тогтоол, журам нь гараад хэрэгжихгүй хоёр он дамжчихаад байна. Хохирлыг нөхөн төлүүлэх тухай аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор өргөдөл гаргагч хүсэлтээ тавих ёстой байдаг байна. Гэтэл хууль нь батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрчихөж. Уг хуулийг батлах гэж төрөөс баахан татаас авсан этгээд хэрэгжээгүй хууль, иргэдийг хохироосон үйлдлийнхээ хариуг хүлээх тогтолцоо даанч алга байна.
Үүнээс гадна цаасан дээр буусан хэрэгжээгүй хуулийг нь аваад үзвэл Монгол хүнээ төр нь хэрхэн үнэлдэг вэ гэдгийг харж болохоор байгаа юм. Уг хуулинд “Хохирогчийн aр гэрийнхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр мөнгөн төлбөр олгоно гэжээ”. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140400 төгрөгийг үржүүлээд үзвэл Монгол хүний амь үсрээд 3-4 сая төгрөг болж таарах нь. АНУ мэтийн хүний эрхийг дээдэлдэг улсад энэ хэмжээний мөнгөөр нохойндоо хүзүүвч авч өгнө, эсвэл нас барсан нохойндоо хөшөө босгож дөнгөж магадгүй л юм.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: