Д.Цахилгаан, Д.Билэгт нар Энхтайван найрамдлын ордныг “Юнико”-д заржээ

Энхтайван найрамдлын ордны хашаан дотор, урд талд нь энэхүү 17 давхар шилэн барилгыг сүндэрлүүлжээ. Ийнхүү тус ордон нар үзэхээ байж, ар талаасаа л ийнхүү харагдах болсон байна.

    Монголын Энхтайван, найрамдлын төлөө холбоо / МЭНТХ/-ны дэд ерөнхийлэгч Д.Цогзолмаа, МонголШведийн нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат нар “Энхтайван найрамдлын ордны барилгыг ЭНТХ-ны ерөнхийлөгч Д.Цахилгаан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт болон Удирдах зөвлөлийн зарим гишүүн хууль бусаар худалдсан” хэмээн өчигдөр мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, Д.Билэгт Энхтайван найрамдлын ордны барилгыг “ЮНИКО” ХХК-д нэр тэрбум төгрөгөөр худалджээ. Гэтэл тус ордны үнэлгээг хийлгэхэд хоёр тэрбум гэж гарсан юм байна.
    Тэрбээр одоогийн байдлаар нэг тэрбумаас 700 орчим сая төгрөгийг нь авч өөрийнхөө дансанд байршуулсан бөгөөд түүнээсээ 80-90 сая төгрөгийн үнэтэй машин худалдаж авсан гэнэ. Үүнийгээ “Байгууллагын өмч” гэх хэдий ч хувьдаа эзэмшдэг ажээ. Уг нь МЭНТХ-ны дүрэмд “Энхтайван найрамдлын ордон нь ЭНТХ-ны үндсэн өмч мөн” гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, МЭНТ-г бүрдүүлдэг буюу гадаад орнуудтай найрамдах 36 нийгэмлэг, байгууллагын дундын өмч гэсэн үг юм байна. Тиймээс МЭНТХ-ны гишүүн 10 гаруй нийгэмлэг энэ ордныг худалдсан нь хууль бус гэж үзэн Д.Билэгтийг шүүхэд өгсөн байна.
    Гэтэл тэрбээр хууль, хяналтын байгууллагыг өөрийн талд татсан гэдгийг Р.Батмөнх хэлж байв. Мөн түүний хэлснээр “ЮНИКО” ХХК-иас авсан мөнгөөрөө гадаад явж, өөрийн юм шиг үрэн таран хийж байгаа аж. Энэ тухай өөрт нь хэлэхэд “Тэр мөнгийг захиран зарцуулах эрх нь надад байгаа. Дахиад ч гадаад явна” хэмээн загнадаг гэнэ. Үүний зэрэгцээ тус ордныг худалдаж авсан “ЮНИКО” компани байраа суллаж өгөхийг шаардаж байгаа аж. Гэрээнд зааснаар бол өнгөрсөн нэгдүгээр сард суллаж өгөх ёстой байжээ. Гэтэл Д.Билэгтийн ачаар 50 гаруй жилийн түүхтэй МЭТНХ гэдэг нэр хүндтэй байгууллага өөрийн гэсэн орон байргүй болж, гудамжинд гарахдаа тулаад байгаа учир зогсолтгүй тэмцэхээ мэдэгдэж байна.
    Анх энэ ордныг худалдах шийдвэр гаргахдаа гишүүн холбооддоо тодорхой хэмжээний хувь хүртээнэ гэж байжээ. Ингэхдээ Д.Билэгт өөрийн нэг нийгэмлэгээс гадна бас нэг нийгэмлэг байгуулан гишүүн болгосон байна. Энэ нь хоёр нийгэмлэгийн нэрээр илүү мөнгө завших гэсэн бусармаг арга гэнэ Мөн Энхтайван найрамдлын ордны удирдлагууд сүүлийн 30 жилд барилгад нэг ч засвар хийгээгүй ажээ. Харин Д.Билэгт ашиглах хугацаа дууссан мэтээр гишүүддээ ойлгуулж байгаад худалдаж ашиг олж байгаа хэмээн тэд хэлж байлаа.
ГАЗРАА БАЙРААР СОЛИНО ГЭЖ ГИШҮҮДДЭЭ ХЭЛЖ БАЙЖЭЭ
    Мөн Д.Билэгт Д.Цахигаан нар ЭНТХ-ны мэдлийн газрыг бусдад худалдсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр энэхүү ордны өмнөх талбайд “Peace tower” нэртэй 17 давхар “Сандэй” группийн худалдаа, үйлчилгээний тансаг зэрэглэлийн цогцолбор сүндэрлэж, удахгүй ашиглалтад орохоор зэхэж байгаа аж. Гурван жилийн өмнө энэ барилгын суурийг тавьж эхлэхэд нь холбооны гишүүн байгууллагууд, ойр орчмын оршин суугчид газар чөлөөлөхийг шаардаж байжээ. Гэтэл тухайн үедээ Д.Билэгт “Бид газраа байраар наймаалцаж байна” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр “Сандэй”-д газраа өгснийхөө хариуд 1-5 давхрыг нь эзэмших ёстой байж.
    Түүгээр ч зогсохгүй Удирдах зөвлөлийнхөн энэ барилгыг Энхтайван найрамдлын ордны өргөтгөл, хуучин барилгатай хүзүүвчээр холбоно. Ингэснээр гишүүн байгууллагууд тус бүр өрөөтэй болно хэмээн ярьж байсан гэнэ. Харин өнөөдрийн байдлаар энэ барилгаас ердөө ганцхан давхарыг Энхтайван найрамдлын холбооны мэдэлд өгөхөөр тохирсон байгаа аж. Хэрэв эхлээд ярьж байсан таван давхар өргөтгөл нь үнэн бол МЭНТХ-ны эзэмших дөрвөн давхрыг завшсан байж магадгүй аж.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР НЬ Ж.ГҮРРАГЧАА СОНГОГДСОНЫГ ХУУЛЬ БУС ГЭСЭН БАЙНА
    МЭНТХ-ны дүрмийн дагуу Удирдах зөвлөл хоёр жил тутамд хуралдах ёстой ч ерөнхий чуулган нь тодорхой бус шалтгаанаар 2005 оноос хойш тасарсан байна. Тиймээс Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жилийн нүүр үзэж байгаа аж. Харин ерөнхий чуулганыг хуралдуулах тухай санал тавьсан Найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг Д.Билэгт “Шүүхийн шийдвэр гартал хурал хийнэ гэж байхгүй” гэж дүрэмдэн загнаж, бараг хөөн гаргадаг аж. Учир нь газар, барилгын наймааны асуудал нь бүрэн шийдэгдээгүй байхад чуулган хуралдвал өөрөө ажлаасаа чөлөөлөгдөнө гэхээс айсан гэдгийг Д.Цогзолмаа хэлж байлаа.
    Д.Цахилгаан, Д.Билэгт нар ерөнхий чуулганыг хуралдуулахгүй байгаа учраас өнгөрсөн тавдугаар сарын 17-нд гишүүн 36 байгууллагаас 24 нь оролцож ээлжит бус чуулган хуралдуулжээ. Энэ хуралд мөн удирдах зөвлөлийн 11 хүнийг Д.Билэгт ятгаад ирүүлээгүй аж. Гэсэн ч ээлжит бус чуулганыг гишүүдийн олонхи нь ирсэн учраас хийсэн байна. Тэд энэхүү хурлаараа МЭНТХ-ны ерөнхийлөгчөөр Ж.Гүррагчааг сонгожээ. Харин Д.Билэгт үүнийг эсэргүүцэж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байна.
    Өмнөх газрын маргаантай асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад хууль бусаар, миний оролцоогүйгээр ээлжит бус чуулган хуралдуулж намайг чөлөөлсөн хэмээн гомдол гаргасан ажээ. Ингээд шүүх хурал есдүгээр сарын 13-нд болсон бөгөөд шүүхээс ээлжит бус чуулганаар гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Ж.Гүррагчааг хууль бусаар сонгогдсон гэж үзжээ. Түүгээр ч зогсохгүй дэд ерөнхийлөгч Д.Цогзолмааг бүрэн эрхийнх нь хугацаа дууссан учраас үүрэгт ажлаасаа автоматаар чөлөөлөгдөх ёстой хэмээн Удирдах зөвлөлөөс хассан гэнэ.
ЭНХТАЙВАН НАЙРАМДЛЫН ОРДНЫ ӨРӨӨНҮҮД МӨӨГӨНЦӨРДЖЭЭ
    Ингээд хэвлэлийн хурал дууссны дараа Д.Цогзолмааг дагаж яваад Энхтайван найрамдлын ордноор очлоо. 30 жил урсгал засвар хийгээгүй учраас үүдний довжоо хагарч, ханзарсан харагдана. Дотогш ороход таазны өнгө нь хууларч халтартаж байв. Энэ ордонд өрөө тасалгаа эзэмшиж байсан холбооны гишүүн нийгэмлэг байгууллагуудаас Д.Билэгт дарга эрх мэдлээ ашиглан түрээсийн төлбөр нэхэж дарамтлан аргагүй байдалд оруулж хөөн гаргасан гэнэ. Харин суларсан 30 гаруй өрөөг гаднын байгууллага. хүмүүст түрээслүүлэн ил, далд хоёр гэрээ байгуулж дундаас нь сар тутам их хэмжээний мөнгө завшдаг тухай яриа гишүүдийн дунд гарч байдаг аж.
    Одоогийн байдлаар Д.Цахилгаан гадаад явсан, Д.Билэгт гадуур ажилтай гээд эзгүй байлаа. Тэд хоёр давхарт байрладаг юм байна. Харин Д.Цогзолмаа гурван давхрын нэг өрөөнд байрладаг бөгөөд тааз нь бүхэлдээ мөөгөнцөрдсөн байв. Өнгөний шохойтой хэсэг нь хөгцөрч муудаад, далбайтал унжжээ. Тиймээс Д.Цогзолмаа хурлын болон өөрийн ширээн дээрээ сонин битүү дэвссэн байв. Түүнээс гадна 250 хүний суудалтай заал байсан нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Одоогийн байдлаар олон улсын холбогдолтой үйл ажиллагаа явуулахдаа Оросын шинжлэх ухааны “ЮНИКО” компаниас “Байраа сулла, засвар хиймээр байна” гэсэн шаардлага үе үе ирж байгаад ажилчид эмзэглэж байв.
    Д.Билэгт өмнө нь Д.Цогзолмаад “Тэтгэвэрт гарахдаа баяжаад гарна” гэж хэлж байсан гэнэ. Энэ хатуу зорилгыг урдаа тавьж, үсээ халцарч, зүсээ гундтал эрүүл мэндээ золиослон энэ байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа боломжтой болгоноос хумслан мэрж идсээр хөөрхөн “цулайж” байгаа эр гэв. Мөн тэрээр албан контортоо архиддаг, ажил төрөл цалгардуулдаг тухай дутагдлыг нь хэлж шүүмжилсэн хүн бүрийг мөрдөн мөшгиж, айлган, сурдүүлж, ажил албанаас нь халж, ажлаас халагдах өргөдлийг өөрөөр нь албадан бичүүлдэг гэнэ.
Д.БИЛЭГТ: ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТЭД ЦАЦАЖ БАЙНА
Ингээд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Д.Билэгттэй утсаар холбогдлоо. Харин тэрбээр худлаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаад харамсч байгаа аж. Тиймээс удахгүй хэвлэлийн хурал хийнэ гэв. Газраа зарж хариуд нь таван давхар байр авна гэж өмнө нь ярьж байгаагүй. Тэд санаанаасаа зохиож байгаа. Манайх улсаас мөнгө хардаггүй учраас газар эзэмшигчийн түрээсээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн юм. Мөн олон жил болж хуучирсан байраа зарж, сайжруулах гэснээс хувьдаа завшаагүй ажээ. Үүнээс илүү мэдээлэл өгөөгүй бөгөөд хэвлэлийн хурлаараа бүх асуудлын тодорхой танилцуулах юм байна.
М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих