“Чинхуа МАК” байгаль орчны талаар өнөөг хүртэл ажил хийгээгүй

мнөговь амйгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бадарчтай ярилцсанаа хүргэе.

-Өмнөговь аймаг экологийн сүйрэлд өртөж байна гээд л гадуур янз бүрээр яригдах юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй энэ нөхцөлд цөлжилтөөс авахуулаад бэрхшээл их гарч байна уу?

-Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь цөлжилтийн байдалд байна. Яг эрчимтэй цөлжсөн нь 20, 30 хувьтай байгаа.
Өнөөдөр Гурвантэс, Ноён, Сэврэй сумын заагаас наашаа яваад нийтдээ 200 км газарт ургамлын бүрхэвч доройтолд орчихсон, байгалийн сэргэлт муутай болсон. Алдарт Хонгорын голын элс одоогийн байдлаар 40-50 км газарт нүүсэн байна.
Өнгөрсөн 2011 онд Монгол Улсын Засгийн газар Өмнөговь аймагт хуралдсан шүү дээ. Энэ хуралдаан яг цөлжилт болж буй газар болсон. Тухайлбал Баяндалай сумын Төхөмийн голоос авахуулаад Наран баг хүртэлх зайд одоогоос 20 гаруй жилийн өмнө ургамалтай, айл амьтантай байлаа. Өдгөө элсэнд автагдсан нутаг болсон.
Монголын ганц эх оронч гол гэгддэг Онгийн гол тасраад 20 гаруй жил болчихлоо. Түүгээр тэжээгддэг Улаан нуур маань тойром шаг болчихсон байна. Тийм чийглэг орчинд байсан газар нутаг ийм болчихоор цөлжилт эрчимтэй явагддаг шиг байгаа юм. Дээр нь элстэй сум 10 гаруй байна. Энэ бол Өмнөговь аймгийн ерөнхий ойлголт.
-Цөлжилтийг дагаад байгалийн баялаг, нөөцөд сөргөөр нөлөөлөх үзэгдэл гарч байна уу?
-Мэдээж байгалийн нөөц гэдэг асуудал бий. Ургамал, амьтан гээд л. Өнөөдөр л гэхэд Баян-Овоо, Хүрмэн, Номгон, Гурвантэсийн сумаар байнга сүрэглэж явдаг хулан адуу Халбын говь руу орж ирэхтэй, үгүйтэй байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Эргэлийн зоо хавиар Хулангууд давхилддаг болсон. Маш өргөн уудам нутгаар нутагшдаг байсан хулан адуу маань өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүдээс Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомт хүртэлх 500-аадхан км өргөнтэй зурваст  нутаглаж байна.
-Усны нөөц улам л хүнд болж байгаа гэж сонсогдсон?
-Манай Өмнөговь аймаг гадаргын ус цөөтэй. Гүний усаар ундаалдаг. 1970-1980 онд 500 гаруй булаг шанд байсан бол одоо 200 гаруй нь байна.
-Цөлжөөд зогсохгүй ургамал, амьтан нь хүртэл үгүйрчихээр ямар хэрэг байх билээ. Голцуу уул уурхайн сөрөг үйл ажиллагаатай л холбоотой биз дээ?
-Ганц уул уурхайгаас шалтгаалахгүй. 1972 онд ган болж, 1973 онд их хэмжээний зуд болсноос болоод Өмнөговь аймгийн ард түмэн Дунговь, цаашаа Баянхонгор аймгуудыг дамжиж нүүсэн. Энэ цагаас хойш найм, есөн сумыг хамарсан ган, зудын давтамж тасраагүй.
Гурвантэс суманд л гэхэд 20, 30 жил нутаг руугаа орж ирээгүй хүмүүс зөндөө байсан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ган, зуд гэх мэтчилэн байгалийн гамшиг цөлжилт, эрсдэлийг хүчтэй бий болгосон. Нөгөөтэйгүүр ийм байгалийн хүнд нөхцөлтэй болсон хойно Өмнөговь аймагт уул уурхайн төслүүд ялангуяа 2000 оноос хойш хүчтэй өрнөж эхэлсэн. Уул уурхай нь уур амьсгалын өөрчлөлтөөс гадна томоохон цөлжилтийг бий болгож эхэлсэн гэх үү дээ.
Нэг үгээр хэлбэл уур амьсгалын нөлөөлөл нэгдүгээрт нөлөөлсөн. Хоёрдугаарт хүмүүсийн идэвхитэй үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хор хөнөөлтэй байдал бий болсон.
-Та бүхнийг шаардлага тавихаар хүлээж авдаггүй, байгальд хортой ажил хийсээр байгаа ямар компанийг нэрлэж болох вэ?
- Би төрийн хүний хувьд хамаагүй дуугармааргүй байна.
-Тэр тусмаа та болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг хэлэх ёстой шүү дээ?
-За тэгвэл баруун тийшээ үйл ажиллагаа явуулдаг “Чинхуа МАК”-ийг би хамгийн түрүүнд дурдмаар байна. Энэ компани байгаль орчны талаар өнөөг хүртэл нарийн ажил хийгээгүй. Баахан байшин барилаа, зам тавилаа л гэдэг. Гэтэл өнөөдөр маш олон асуудал байна шүү дээ.
Би жил болгон очиж асуудал тавихаар кэмп дээр нь суудаг нэг нөхөр том дэвтэр дээр тэмдэглэж авахаас өөр зүйл хийдэггүй. Аргаа барахдаа би “Чи гурван жил бичлээ. Одоо болиоч дээ. Чи мэдэлгүй юм бол мэддэг хүнээ уулзуул. Тэр хятадуудаа дуудаад ир” гэж хэлдэг юм.
“Оюу толгой”-н хувьд муу ч гэж хэлэхгүй, сайн ч гэж хэлэхгүй. Санаа нь байгаад сарвалзаад байгаа юм нь ч бий. Яг очоод харвал “Оюу толгой”, “Энержи Ресурс” хоёр дээр нөхөн  сэргээгдсэн ажлууд харагддаг юм. Нэг ёсондоо хариуцлага үүрч чадаж байгаа.
Хэл ам татлаад байдаг “Саус Гобс Сэндс” эхэндээ овоо нөхөн сэргээлт хийгээд байсан ч сүүлийн үед таг болсон.
-Хайгуулын компаниуд бас их хохирол учруулна биз?
-Тийм. Хамгийн аюултай зүйлийг хийж байгаа газрууд бол энэ хайгуулын компаниуд. Хэнд ч захирагддаггүй.
-Тийм үү. Тухайлбал ямар компани байна вэ?
-Яг нэрлэвэл 300, 400-гаад компани байгаа учраас нэрлэхэд хэцүү байна. Тэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөтэй байх ёстой. Тэр төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах ёстой. Барьцаа хөрөнгөнийх нь 50 хувийг сумын Засаг дарга халаасалж байгаад нөхөн сэргээлт хийхээр буцаагаад өгөх ёстой. Гэтэл энэ асуудал үнэхээр хяналтгүй байна.
Хайгуулын ажил хийж байгаа нь энэ гээд л том том техникүүдтэй газар нутгуудаар явж, тэр байтугай малчдын худаг усыг ухаж тонгочдог.
-Арай хэтэрхий юм аа. Шаардлага тавихаар хүлээж авахгүй юу?
-Хүлээж авахгүй. Ардаа нууц ноёнтонгуудтай. Тэднийхээ хэлснээр ажилладаг юм.
Сая би Гурвантэст үйл ажиллагаа явуулж байсан “Зэлэм”, “Жавхлант” орд гэдэг ашиглалтын лицензтэй компанийнхантай очиж уулзсан. Орон нутгийнхан ашиглуулахгүй гээд тэмцэл хийгээд үйл ажиллагааг нь зогсоочихоод байгаа юм билээ. Би ч гэсэн тэрийг ашиглуулаад, ухуулна гэхэд хайран л харагдаж байсан. Тэртэй тэргүй Өмнөговь аймагт уул уурхай цөөдөөд байгаа биш дээ.
-Ер нь танайхан ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг юм бэ. Устгадаг нь олон, хяналт, шаардлага тавьдаг нь цөөн байх?
- Өмнөговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалыг аваад би гурав дахь жилдээ ажиллаж байна. Анх ажил авахад надад бодогдсон зүйл нь байгаль орчныг хамгаалах нь энэ албаны хэдэн хүмүүсийн хийх ажил биш юм. Яагаад гэвэл байгалиас хишиг хүртдэггүй, байгальтай харьцдаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Байгаль орчны чиглэлээр үүрэг хүлээсэн бүрэлдэхүүн гэвэл Тусгай хамгаалалтын хоёр захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар гээд нийтдээ 60, 70-аад хүнтэй бүрэлдэхүүн бий. Гэхдээ Өмнөговь аймгийн нэг хүнд 0,4 га газар нутаг оногддог өргөн тал нутагтай. Тэгвэл 165 мянган хавтгай дөрвөлжин газар нутгийг 70 хүнд хувааж үзэхээр нэг хүн нь 300-аад км газрыг хамгаална, харгалзана гэсэн үг. Харин устгадаг хүмүүс нь олон мянга байгаа шүү дээ.
-Өмнөговь аймгийн байгаль орчны нөхцөл байдлын талаар ерөнхий ойлголт өгсөнд баярлалаа. Харин хөгжил, бүтээн байгуулалтын талаар хувьдаа ямар бодолтой явдаг вэ. Удахгүй орон нутгийн сонгууль ч болж, Засгийг удирдаж байсан хүмүүст дүн тавина шүү дээ. Улстөржихгүйгээр хариулаач?
-Би өөрөө МАН-ын угшилтай л даа. Мэдээж төр бариад ажиллах хэцүү. Би аймгийн бодлогын хэлтсийн даргаар найман жил ажилласан. Бас ч уурхайгаа ашиглачихна гэсэн бодолтой дарга байсан ч ингэтлээ задгайрчихна гэж бодоогүй.
Бүтээн байгуулалт, хөгжлийн хувьд Өмнөговь үнэхээр мөнгөтэй аймаг болохоор хөгжиж байна. 25 тэрбум төгрөгийг хүн болгонд өгч болсон юм чинь бүтээн байгуулалт, зам харгуй барихад амархан байлгүй дээ.Сүүлийн жилүүдэд зам харгуй сайн баригдаж, үнэхээр сайн хөгжиж байгааг үгүйсгэхгүй.
Намайг анх 2000 онд бодлогын хөгжлийн даргаар ирэхэд аймаг 20-хон хувиа өөрөөсөө санхүүжүүлдэг, 80 хувиа улсаас авдаг байлаа. Одоо улсад 100 гаруй тэрбум төгрөгийн татаас өгчихөөд илүү гарснаар нь аймгаа хөгжүүлж байна.

http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=6735


URL:

Сэтгэгдэл бичих