Ерөнхийлөгч АН-ынханд “барьцаалагджээ”
Ардчилсан Ерөнхийлөгчийн үг АН-ынхны хувьд хэдийнэ үнэгүйдэх болсныг хэн хүнгүй мэдэх болж. Төрийн тэргүүн ч дуугүй байх болсон нь үүнийгээ хүлээн зөвшөөрөв бололтой юм. Улс төрд үүссэн хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд Төрийн тэргүүн өөрийн биеэр УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
Хуулийн төсөл батлагдвал МАН-ын УИХ дахь бүлэг албан ёсоор баталгаажина. Ингэж сонгуулиас хойш дөрөв орчим сарын дараа тэд албан ёсоор бүлгийн зохион байгуулалтаар ажиллах эрх зүйн үндэслэл бүрдэх байв. Харамсалтай нь, АН-ынхан ирэх оны төсвийн төслийг баталтал ах намынхны бүлгийн асуудлыг эцэслэхгүй бололтой.
Хэрэв УИХ төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол хуулиараа огцрох заалттай. Иймд хүний өөрийн намынханд “түүхий”-гээрээ шүүмжлүүлэх болсон төсвийн төслөө батлуулж авсынхаа дараа дээрх асуудлыг хэлэлцэнэ гэдгээ шулуухан хэлчих шиг. Тэдний энэ үйлдэлд эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч ямар хариу хийх бол гэдэг нь эл хүрээнийхний төдийгүй ард түмний анхаарлыг татаад байна.
Гэхдээ ардчилсан Ерөнхийлөгч ямар ч арга хэмжээ авахгүй гээд хэлэхэд хэтийдэхгүй бололтой дог шүү. Дам яриагаар Ерөнхийлөгч маань АН-тай аргамжсан “Алтан гадас”-ынханд “барьцаалагдсан” гэнэ. Ирэх жил Ерөнхийлөгчид нэрээ дахин дэвшүүлэхийн тулд намын дарга Н.Алтанхуягийн араас нь ч, өврөөс нь ч үнсээд яваа юм байх. Ингэхгүй бол хотын дарга Э.Бат-Үүлийг 2013 оны сонгуулийн гол эзнээр тодруулах яриа хэдийнэ тархаад буй.
Улсын баатрыг хотын дарга болгож, олны анхаарлыг татсан нь хэтийг харсан нүүдэл хэмээн ажиглагчид дүгнэдэг. Иймд эртнээс нүхээ малтахын тулд Н.Алтанхуягийн үг, үйлдэл бүрийг хөшигний ард чимээгүйхэн толгой дохин зөвшөөрөөд суудаг болсон сурагтай. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч байх хугацаан¬даа л намдаа өөрийгөө хэн болохоо харуулж, эрх ашгийнхаа хэлхээг хадгалж үлдэхгүй бол албанаасаа буусны дараа хэн болдгийг нь Н.Энхбаяр өөрийн намтраараа түүнд хэтэрхий эрт сануулга өгчихсөн.
Нэгэн цагт одоогийн МАХН-ын бүх лидерийг татан төвлөрүүлж, өөрийнх нь нэрийг сонсоод шар ус нь хурах мэт айлгаж чаддаг байсан Намбарын хүү өдгөө намдаа хэн ч биш болж хувирсан нь түүнийг дүгнэлт хийхэд ч хүргэсэн бололтой.
Сонгуулиас өмнө УИХ-ын гишүүн сайд болж давхар дээлтэй байж яавч болохгүй гэсэн хууль санаачилж байсан Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн хар зургийг огтхон ч өөрчлөөгүй. Өөрчил гэж хэлээд нэг ч болов удаа буцаасангүй. Ардын намынхныг загнаж байсан шигээ зандарсан ч үгүй. Уг нь оруулж ирэхээс нь өмнө сануулсан ч намын дарга түүний үгийг юман чинээ тоогоогүй юм даг.
Тиймээс л бараг бүх сайдыг УИХ-ын гишүүдээс томилсон. Энэ бүхнээс харахад аргагүй л барьцаанд байгаа юм шиг. Үнэндээ сонгуулийн дүнгээр АН олон болж, Засгийн эрхийг атгаснаас хойш ардчилсан Ерөнхийлөгч ард түмнийхээ өмнө цөөн гарч ирсэн. Тэр дундаа улс төрийн нөхцөл байдлын талаар ам нээхээс бүр ч цааргалдаг болсон гэлцдэг.
Улс төрийн нөхцөл байдал хурцдаж, МАН-ынхан чуулганы танхимыг буйдангаар хааж, ардчилсан Ерөнхийлөгчийг байр сууриа илэрхийлэхийг шаардах болсон нь аргагүй эрхэнд хуулийн төслийг санаачлахад хүргэсэн ч байж мэднэ. Хэрэв хурцадмал байдлыг намжаагаагүй бол төсөв хугацаандаа батлагдахгүй. Энэ нь эргээд олон сөрөг үр дагавар авчрахыг тэр сайтар мэдэж буй.
Гэхдээ Ерөнхийлөгч МАН-ын лидерүүд шаардлагыг хүлээн авч, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулсан нь Н.Алтанхуягийн санаа байвал… Олны үг ортой л гэлцдэг. Төрийн тэргүүн хийж чадах зүйлээ хийж, хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Бурууг түүнд нялзаах боломжгүй. Харин өнөөдрийн хэлээд байгаа хоёр шалтаг АН-ынхны эртний гаргалгаа бол арга бий гэж үү.
Одоогоор Н.Алтанхуягийг сөрөх хүчин АН-д байхгүй. Ам нээх бүртээ эсрэг дуугардаг байсан бүхэн албан тушаалаар амаа үдүүлчихсэн. Тиймээс ойрын хугацаанд энэ нам дотор бослого гарахгүй гэдэгт итгэж болохуйц. Иймд Ерөнхийлөгч ч гэсэн ирэх оны сонгуулийг бодож Н.Алтанхуягтай ам зөрөхгүй байхыг чармайх нь зүйн хэрэг. Ингэж байж намаасаа мандат өвөртөлж, дайснаа дарсан тэр дархан цолоо мандуулах боломж бүрдэнэ.
Үүний тулд одоогийн Ерөнхийлөгчийн байр сууринаас хандахаасаа илүүтэй АН-ын гишүүний хувиар намын даргадаа дольдигонох нь чухал биз. Гэхдээ хуулиа дээдлэх, шударга ёсыг амлаж гарч ирсэн, бүх ард түмний Ерөнхийлөгч маань, АН, “Алтан гадас”-ынхны Ерөнхийлөгч болчихвол ард түмэн яаж хүлээж авах бол. Энэ түүний хэлээд байсан Шударга л байх уриалгын жинхэнэ утга учир гэж үү.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: