Су.Батболд: Тэд МАН-ын бүлэггүйгээр төсвөө баталъя гэсэн зорилготой байна
УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж байна. Монголын нутгийн удирдлагын холбооны Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаад ямар байр суурьтай байна вэ?
-Орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулахыг би анхнаасаа дэмжээгүй. Иргэдийн төлөөлөгчийн хурлын байгууллага гэдэг Үндсэн хуульд зааснаар иргэдийн төлөөллийн байгууллага юм. Үүнд улс төрийн намуудын тогтолцоог аль болох багасгах буюу зохистой түвшинд байлгах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан.
Харамсалтай нь энэ хуулиар улс төрийн намуудын тогтолцоог хуульчилж өгөөд, орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагыг улс төрийн намууд нэрээ дэвшүүлж, хүмүүсээ суулгадаг байгууллага болгох алхам хийлээ. Бид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг иргэдийн дуу хоолой болж, засаг захиргааны байгууллагуудад шаардлага тавьдаг, бодлого чиглэлээ хэрэгжүүлдэг байх зорилт тавьж байсан. Энэ талаас нь харахад учир дутагдалтай хууль батлагдсан.
Нэгэнтээ хууль батлагдаад хэрэгжиж байгаа учраас ийм сонгууль явагдах байх. Ер нь иргэдийн дунд Иргэдийн төлөөллийн байгууллага хэтэрхий улстөржиж байна, намуудын тэмцэл явагдаж байна гэж шүүмжилдэг байсан. Энэ нь илүүтэй лавширна гэдэгт итгэлтэй байна. Хэзээ нэгэн цагт энэ байдал арилж, Үндсэн хуулийнхаа зарчимд нийцэх учиртай юм.
-Сонгуульд иргэдийн оролцоо ямар байх бол?
-Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахаар нэлээд арга хэмжээ авч байгаа юм шиг байна лээ. Жишээлбэл, сурагчдын амралтыг хойшлуулаад, эцэг эх нь хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх өдрийг нь сонгуулийн өдөртэй тааруулж байгаа юм билээ. Ер нь өвөл сонгууль явуулах нь хүнд хүчир асуудал. Дараагийн долоо хоногоос хүндэрч эхэлнэ гэж байна. Сонгууль явуулахад зам даваа хаагдах зэрэг хүндрэл учирна гэж байна.
-Засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та дэмжиж байна уу? Засаг даргыг аймаг, сум, багийн иргэдийн төлөөллөөс сонгох нь зөв үү?
-Засаг дарга бол Үндсэн хуульд зааснаараа Засгийн газрын төлөөлөгч маягаар ажилладаг зарчимтай. Засаг дарга нар нэг зарчмаар сонгогддог байвал зүйтэй юм. Нэг хэсэг нь иргэдээсээ сонгогдоод нөгөө хэсэг нь томилогддог, нөгөө хэсэг нь хурлаас гээд олон янзаар сонгогддог болчихвол төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг байдал нь алдагдана. Үндсэн хуулийн зарчмаар Засаг дарга нь төрийн төлөөлөл байгаад өөрөө удирдах ёсны байгууллага нь иргэдийн төлөөлөл байх хэрэгтэй. Энэ зарчим алдагдах гээд байгаа юм. Тийм учраас Засаг даргаа шууд иргэдээсээ сонгоно, дээрээс томилно гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй.
-Орон нутгийг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Чиг үүргийн хуваарилалтыг сайжруулах хэрэгтэй. Олон ч жил ярьж байна даа. Орон нутагт эрх мэдэл дутагдаж байна. Гурван эрх мэдлийг өгөхөд хангалттай. Боловсон хүчний, санхүүгийн эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Энэ эрх мэдлүүдийг өгөөгүй цагт орон нутаг хөгжихгүй. Бусад улс орны туршлагыг харахад чиг үүргийн хуваарилалт сайн байдаг. Манай улсын хувьд Ерөнхий сайдаас эхлээд багийн Засаг дарга хүртлээ бүгдийг хариуцаад байгаа юм.
Баг, сум, аймаг, засаг нь юу юугаа хариуцаж авах вэ гэдгээ маш сайн хуваарилж өгвөл эрх мэдэл тодорхой болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь нийгэм, эдийн засгийн тогтолцуур байна гэсэн нь бүрэлдэхгүй байгаа юм. Хэтэрхий жижигхэн засаг захиргааны нэгж, тэнд орлого олох боломж байхгүй. Тиймээс засаг, захиргааны оновчтой бүтцийг бий болгосон цагт орон нутгийн бие даасан байдал бүрэн утгаараа хэрэгжинэ.
-Орон нутгийн эрх мэдлийг сайжруулах чиглэлээр төсөв ямар зүйл тусгагдсан бол?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Үүний хүрээнд ажил хийгдэнэ.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ төсвийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ирэх оны төсвийн төсөл дээр манай намын бүлгийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсвийн тухайд иргэдэд хандсан зүйл алга. Төрийн албан хаагчдад юм уу эсвэл халамжийнханд чиглэсэн бодлого алга. Нийгмийн хамгааллын асуудал орхигдож, яамдын сайд, эрх мэдэлтнүүдэд их хэмжээний хөрөнгийг тодорхой задаргаагүйгээр тавьсан байна.
Энэ нь иргэдэд хандаагүй дарга нарын эрх ашгийг харгалзсан байна. Өнгөрсөн жил маш олон бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн байгаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад бүгдийг нь зогсоосон. Энэ ажлуудыг гүйцээж хийх хэрэгтэй. Захиргааны зардлыг багасгана гэж байгаа ч маш ихээр нэмэгдсэн байна лээ. Хэдийгээр агентлагуудыг татан буулгасан ч төсөв нэмэгдсэн байна.
-Яагаад задаргаа хийгдээгүй юм бол?
-Ямар ч хяналтгүйгээр зарцуулах гэсэн санаа байгаа байх.
-Ерөнхий сайдын тухайд шинэчлэлийн том том бодлогуудаа хэрэгжүүлэхэд чиглүүлнэ гэж тайлбарлаж байсан?
-Үүнийг Ерөнхий сайд хийгээд байх шаардлагагүй. Аймаг орон нутаг нь өөрсдөө хийчих ажил шүү дээ. Ерөнхий сайд аймгуудад очоод зах бариад байх шаардлагагүй. Харин шинэчлэлийн өөр бодлого барьж байгаа бол болно.
-Хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг яаж саармагжуулах вэ?
-Хүмүүсийн амьдрах орчныг бүрдүүлж, үйлдвэр үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Тэр л хамгийн чухал. Аймгуудад зах барьж байхын оронд Дулааны станцыг шинэчлэх хэрэгтэй. Тэнд дэд бүтцийг нь бүрдүүлчихвэл Улаангомоос Улаанбаатар руу нүүдэллэхгүй шүү дээ. Бүх аймгуудад зах барихын оронд дулааны станцыг нь шинэчилбэл жинхэнэ бодлого хэрэгжинэ.
-Төсвийн асуудлыг хэлэлцэхэд танай нам бүлэг байгуулагдаагүй учраас оролцоогүй байна. Санал оруулсан уу?
-Тийм ээ, бид төсвийн хэлэлцүүлэгт оролцохгүй, гэхдээ саналаа явуулсан. Тэд ч гэсэн манай намын бүлгийг байгуулахгүйгээр, төсвөө баталъя гэсэн зорилготой байна.
-Төсвийн шинэчилсэн хуулиар 11 дүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсвийг батлах гэж байгаа нь цаг хугацааны хувьд шахуу байна гэсэн шүүмжлэл гарч байна. Үнэхээр энэ хугацаанд төсвийг түүхийрүүлэхгүй баталж амжих уу?
-Энэ бол шахуу цаг хугацаа. Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ирэх оны төсвөө бүтэн жилийн турш хэлэлцдэг. Манайх хоёр сар хэлэлцээд төсвөө баталдаг байсан бол одоо 45 хоног хэлэлцээд баталж байгаа нь шахуу юм. Энэ нь сайн үр дүн биш.
Н.Энхбат
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: