Би уушгиа хайрлаж байна, харин та
Саяхан УИХ-аар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нь аль 2005 онд батлагдаж байсан хууль. Гэхдээ хэрэгжихгүй, хэрэгжилтийг нь хянахгүй байсаар өдийг хүрэв. Ашгүй Их хуралд олон эмэгтэй гишүүн гарч ирснээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, биднийгээ нэг гялайлгаж байна.
Өмнө нь тус хуульд олон нийтийн газар тамхи татахыг хориглосон тодорхой заалт байгаагүй. Дунд сургуулийн эргэн тойронд 100 метр дотор тамхи зарахыг хориглоно гэсэн хөнгөн заалт байсан. Тэгвэл энэ удаад олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглосон.
Мөн дунд сургуулийн ойролцоо 500 метрт тамхи зарахыг хориглолоо. Хууль ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Улаанбаатарын залуус бид өвөлдөө утаагаар амьсгална. Нэг тохилог газар ороод аяга хоол идэх, шар айраг уух, бүжиглэх гэсэн ч тамхины утаагаар амьсгална. Утаагаар амьсгалах ял авсан хэрэгтэн шиг л амьдарч байна. Тиймээс ядаж хоол идэхдээ тамхины утаа амьсгалахгүй болж байгаадаа баяртай байна.
Уг нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бол хэрэгтэй байлаа. Сүүлийн 20 жил манай улсад тамхидалт газар авч, дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татдаг гэсэн судалгаа хүртэл гарчихлаа. Насанд хүрэгсдийн 42, хүүхдүүдийн 54 хувь нь гэртээ дам тамхидалтад өртөж байна. Ялангуяа 15-24 насны өсвөр үе, залуучуудын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь өөрөө аюулын харанга дэлдэж эхэлсэн. Тамхидалт болон дам тамхидалттай холбоотой зүрх судасны өвчин, түүнээс болж нас барсан хүний тоо гээд хамааралтай баримтуудыг дурьдаад байвал барагдахгүй.
Тиймээс тамхины хяналтын тухай хуулийг чангалах цаг нь аль хэдийн болсон. Гэхдээ яаж хянах вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Манайд хууль хэрэгждэггүй байдал газар авсан. Ер нь хуультай орон уу, дүрэм журам хэнд үйлчлээд байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Хэдийгээр утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж, агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд тамхи татахыг хориглосон зохицуулалтуудыг тусгасан ч биелэлтийг нь хэрхэн хянах вэ.
Энэ асуудал үнэхээр хүнд. Уг нь хууль зөрчсөн иргэнийг 50 мянга, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг нь хураах тухай заал хуульд бий. Бас л хүн айж болохоор л торгуулийн арга хэмжээ.
Гэтэл орцонд, нийтийн цэцэрлэгт хүрээлэнд тамхи татаж байгаа хүнийг хэн барих юм. Яаж илрүүлж, торгож, хуулийн хэрэгжилтийг хянах юм бэ гэдгийг л гайхаад байна. Тийм зохицуулалт, хуулийг биелүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол бид хэн нэгний татсан тамхины утаагаар дам хордож, өвчилсөөр байх болох нь.
Би л хувьд уушгиа хайрлаж байна. Та ч хайрлаж байгаа байх. Тэгэхээр ард иргэд нэг нэгнийгээ хянадаг тогтолцоог журамлаж өгөх хэрэгтэй юм биш үү. Тэгэхгүй бол тамхичид нь бааранд баагиулж, түүнийг нь хянах хүнгүй хэвээрээ л байх юм шиг санагдаад, хэцүү байна. Тамхичидтай тэмцэх гэж байгаа бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох хэрэгтэй байна шүү дээ.
Н.Пунцагболд
URL: