Өнөөдөр үндэсний өгөх өдөр
Монголчууд бид Үндэсний Өгөх Өдөртэй цөөхөн үндэстний нэг. Хэсэг залуус өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй хэмээн санал нэгдэн, Үндэсний Өгөх Өдөр-ийг зарлан тунхагласнаас хойш даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Энэ жил тэдгээр залуус үйл ажиллагаагаа өргөтгөн, улс даяар өргөн цар хүрээтэй ажил хийхээр санаачлага гаргаж, АНУ-ын хүүхдийн нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” хэмээх дэлхийн олон оронд хэдэн сая хувиар хэвлэгдсэн номыг орчуулан Монголын Ерөнхий боловсролын сургуулиудад хандивлах гэж байна.
Өнгөрсөн Баасан гаригт зохион явуулсан “Өглөгч Мод” хандивын арга хэмжээнд 100 гаруй хүмүүс оролцож, нийтдээ 35 сая төгрөг хандивласан байна. Энэ үйлсэд МИАТ, УБТЗ, Номин ХХК, Мон Ад ХХК, Аянчин дэлгүүр, UP Music Production, Хүүхдийн төлөө үндэсний төв, GTs Advocates хуулийн фирм зэрэг олон байгууллага, хувь хүмүүс нэгдэж, мөнгө хандивлалаа. Энэ мөнгийг “Өглөгч Мод” номыг улсын чанартай бүх сургуулиудад тус бүр 10 ширхэг номыг эхний ээлжинд хүлээлгэн өгөх үйлсэд зарцуулах юм.
Өгөх Өдөр Хөдөлгөөнөөс энэ өдөр нийслэлийн 105-р дунд сургууль, Зайсан дахь Хүүхдийн засан хүмүүжүүлэх төв дээр “Өглөгч Мод” номын дээжээс хандивлаж, өгөхийн тухай хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлэхээс гадна УБ дахь Олон Улсын сургуулийн сурагчид өөрсдийн цуглуулсан хувцас, ном, хичээлийн хэрэгслээ 25-р тусгай дунд сургуулийн найз нартаа хандивлана. Мөн Наркологийн үндэсний төв дээр жүжигчин Б. Амарсайхан лекц уншиж, “Бодлын Хулгайч” киног үзүүлнэ.
Өгөх Өдрийн хүрээнд Монголын Хүмүүнлэгийн Ирээдүй ОУБ-аас санаачлан Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 4826 айлд нийт 86 сая төгрөгийн өртөг бүхий 48 260 модны суулгацыг тариалах, 10 цэцэрлэгт 1400 өндгөн цэцгийг үнэгүй хандивлах аяныг өрнүүлэх гэж байна. Эдгээр арга хэмжээнд Ухааны Ундраа Менежментын Академи, Монголын Залуучуудын Холбоо, ЧД Засаг даргын тамгын газар зэрэг байгууллага, хувь хүмүүс сайн дураараа оролцоно.
URL: