Мансуурсан оюутнууд сургуулиасаа хөөгджээ
Мансууруулах эм хэрэглэсэн нь тогтоогдсон ХААИС-ийн нэгдүгээр курсийн зургаан оюутан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сургуулиасаа хөөгджээ. Энэ талаар ХААИС-ийн Инженерийн сургуулийн захирал Г.Энхбаяраас тодрууллаа.
-Мансуурах эм хэрэглэсэн оюутнууд цагдаад шалгагдсаныхаа дараа хичээлдээ явж байсан уу?
-Цагдаад шалгагдсанаасаа хойш яваагүй. Бааранд орж нэг, нэг пиво захиалж уугаад гарахдаа нэлээд мансуурсан байдалтай байхаар нь тухайн баарны ажилчид цагдаа дуудаж өгсөн байна лээ. Цагдаагийнхан очиход бүгдээрээ мансуурсан байдалтай байсан гэсэн. Тэгээд мансууруулах бодис хэрэглэснийг нь тогтоосон юм билээ. Манай сургуулийн захиргаанд цагдаагийн газраас танай оюутнууд мансууруулах эм хэрэглэсэн гэсэн бичиг ирүүлсэн юм билээ. Угаасаа манай сургуулийн дотоод журамд ийм зөрчил гаргасан оюутнуудыг сургуулиас нь хөөнө гээд заачихсан байгаа. Тэр журмын дагуу л сургуулиас нь хөөсөн. Эцэг, эхийнх нь зүгээс сургуулиас нь хөөхгүй байж болоогүй юм уу гэсэн хүсэлт тавьж байгаа. Бид бусад хүүхдэд сургамж болгох үүднээс ийм шийдвэр гаргасан.
-Цахилгаан хангамжийн инженерийн ангийн С-3 бүлгийн хүүхдүүд гэж сонссон, үнэн үү?
-Ямар ч байсан нэг ангийн оюутнууд.
-Яг ямар төрлийн эм байсан юм бол, уусан пивотойгоо хольж уусан юм болов уу. Бас мансуурах бодис үнэртсэн гэх мэдээлэл байна?
-Хэргийг шалгаж байгаа болохоор энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Эхлээд мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэдээлэл сургуулийн захиргаанд ирсэн юм шиг байна лээ. Сүүлд нь л согтууруулах ундаатайгаа мансууруулах эм хольж уусан гэсэн мэдүүлэг өгсөн юм билээ.
-Тэд хоригдож байгаа юу?
-Үгүй, гадуур байцаагдаж байгаа.
Ц.БААСАНСҮРЭН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: