Харийнхны эрх ашигт үйлчилж, Монголыг булшны орон болгохыг санаархагсдын нэрийг ил тод зарлах.
Эрх баригчдад хүргэх ил захидал
Төрийн түшээ таны энэ өдрийн мэндийг эрье!
Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрүүл энх оршихуйд заналхийлсэн цөмийн аюулын эсрэг хамтран тэмцэхийг уриалж Голомт- АHM xөдөлгөөнөөс танд энэхүү захидлыг илгээж байна.
Монголын газар нутаг дээр олон улсад ашигласан цөмийн түлшний хогийн цэг байгуулах нууц хэлэлцээр илчлэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн оны намар ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монголд гаднын цөмийн хаягдал булшлахгүй” хэмээн зарлаж, ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр хэлэлцэнэ гэсэн зарлиг гаргасан. Гэвч үнэндээ цөмийн бизнес эрхлэгч их гүрнүүдийн зохион байгуулсан хуйвалдаан хөшигний цаана явагдсаар байна. Арга нь нарийсч, шинэ багаар өнгөлсөн ч хөнөөлт цөмийн хаягдлыг Монголд булшлах механизм зогсолтгүй ажилласаар буйг дараах баримтууд гэрчилж байна.
1. Өнөөдөр Монголд цөмийн хаягдал булшлах дотоодын хууль эрх зүйн тогтолцоо бүрэлдэж, бэлтгэл ажил цэгцэрчээ. Тухайлбал, Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн Энергийн хуульд цөмийн хаягдал булшлах тухай заасан. Мөн 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол улсад цөмийн циклийг хөгжүүлнэ” гэсэн заалт шинээр оруулсан нь ч хүчин төгөлдөр хэвээр. “Цөмийн цикл” гэдэг гоёмсог үгний цаана уран олборлож, баяжуулан, АЦС-ын түлш үйлдвэрлэж, ашиглачхаад, эцэст нь ялгарсан цөмийн хаягдлыг эх нутагт минь булшлах харь гүрнүүдийн бохир санаархал нуугдаж байна.
Түүнчлэн энэ оны 7-р сард хуучин Засгийн Газраас “Монгол Улсад 2012-2017 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэгчид цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар олон тэрбумын хөрөнгө төлөвлөсөн бол 9 сард батлагдсан Засгийн Газрын 2012-2016 оны Үйл Ажиллагааны Хөтөлбөрт уран олборлох, боловсруулж шар нунтаг гаргах тухай тусгагдсан гээд олон баримт дурдаж болно.
2. Олон улсын тавцанд ч Монгол улсыг булшны орон болгох ажил алхам алхмаар урагшилсаар байна. Жишээ нь, Монгол улс 2011 онд Цөмийн эрчим хүчний Хамтын ажиллагааны Олон улсын Бүтэц буюу The International Framework for Nuclear Energy Cooperation (IFNEC) гэгч байгууллагад ажиглагчаар нэгдсэн. АНУ-ын Эрчим хүчний Яамны төрийн нарийн бичгийн дарга Бодманы санаачилсан тус байгууллага нь цөмийн хаягдал, цөмийн зэвсгээр хөөцөлдөх аюулыг багасгахад чиглэсэн гэгддэг. Ингэхдээ дэлхийн улс орнуудыг “цөмийн эрчим хүч ашиглагч орнууд” ба “цөмийн түлшээр хангагч орнууд” хэмээн ангилж, “хангагч” улсууд нь бусдыг баяжуулсан ураны түлшээр хангаж, ашигласан цөмийн түлшний хаягдлыг нь эргүүлэн авдаг бүтцийг бий болгох зорилготой.
Тус төсөл нь Олон Улсын Атомын Энергийн Газрын (ОУАЭГ) дэмжлэгтэй явагддаг бөгөөд цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээг дэмжихэд зориулан АНУ, ОУАЭГ-аас олон зуун сая долларын хөрөнгө амласан ч өнөөг хүртэл “түлш хангагч” болохыг зөвшөөрсөн орон байхгүй. IFNEC-ээс гаргаж буй бусдыг цөмийн түлшээр хангаад хаягдлыг нь буцааж авах санал бол “хангагч” улсдаа аюултай, бусдад ашигтай cанаачлага. Монголчууд бид үүнийг “хүний гараар могой бариулах” гэж онож нэрлэсэн билээ.
3. Дээрх cанаачлага нь манай улсад Монголын Цөмийн Санаачлага гэдэг нэртэйгээр хэрэгжиж байна. Энэхүү аймшигт төслийг үйл хэрэг болгоход цөмийн гүрнүүд болоод төрийн албанд шургалсан харийнхны гар хөл бологсод шамдсаар ирсэн. Тус санаачлагыг хүчирхэг гүрнүүд чухалчлан үздэгийн нэг нотолгоо нь Монгол улсын ерөнхийлөгчийг 2011 оны 6 сард АНУ-д айлчлахад гарсан Цагаан Ордны мэдэгдэл юм. Олон улсын цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ нь цөмийн технологи эзэмшсэн хөгжингүй гүрнүүдийн онцгой анхааралд байдаг нь учиртай. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх нь тэдэнд тал талын ашигтай. Үүнд нэгдүгээрт, Фукушимагийн ослын дараагаар цөмийн эрчим хүчний салбар эргэлт буцалтгүйгээр жаргах үедээ орсон. Иймд цөмийн томоохон гүрнүүд хоцрогдсон технологио амжиж бусдад худалдахаар яарч байна. Хоёрдугаарт, цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал, цөмийн хаягдлын хадгалалт зэрэг дэлхий дахины шийдэж чадаагүй ноцтой асуудлуудыг цөөн хэдэн буурай орныг золигт гарган шийдвэрлэх боломж бий болно.
Жишээ нь, өнөөдөр АНУ нь Арабын Нэгдсэн Эмират, Солонгос, Монголтой хамтран цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ хэрэгжүүлэхээр зэхэж байна. Америкчууд цөмийн технологи нийлүүлэх 123 гэгч гэрээ байгуулахдаа Арабуудыг уран баяжуулах, ашигласан цөмийн түлш дахин боловсруулж, плутон ялгахыг хоригложээ. Ингэснээр цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс сэргийлж байгаа аж. Арабууд цөмийн реакторуудаа Солонгосчуудаар бариулж, түлшээ Монголоос авах гэрээ хийгээд байгаа. Энэ оны 8 сарын 15-нд Арабын Эмиратад ураны түлш нийлүүлэх 500 сая ам. долларын гэрээ байгуулсан Францын Арева корпораци Монголын ураныг эрчимтэйгээр олборлоод эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор бол Америк технологиор Солонгосчуудын барьсан Арабын АЦС-ыг Монголын уранаар Солонгост хийсэн цөмийн түлшээр хангаж эцэст нь гарах цөмийн хаягдлыг Монголчууд нутагтаа эргүүлэн авч булшлах юм байна. Монголчуудад цөмийн хаягдал дахин боловсруулж зэвсэг үйлдвэрлэх техник, технологи, боловсон хүчин, арга туршлага болоод геополитикийн боломж байхгүй болохоор цөмийн зэвсгээр хөөцөлдөнө гэсэн аюулгүй. IFNEC нэрийн дор цөмийн гүрнүүд ашиг орлого олж, цөмийн аюулгүй байхын тулд Монголчуудыг золиослох төлөвлөгөө хэрэгжиж байна.
Давтан хэлэхэд, өнөөдөр манай гариг дээр цөмийн түлш зээлдүүлж, бусдын гай зовлонг авахыг зөвшөөрсөн ганц ч улс байдаггүй. Ганцхан цөмийн технологиор дэлхийд тэргүүлэгч ОХУ л Иран зэрэг орнуудад технологио зарж, АЦС байгуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, цөмийн түлшээр хангаад хаягдлыг нь буцааж авдаг цогц үйлчилгээ үзүүлдэг боловч тэдний хувьд ашгийг ч олно, хариуцлагыг ч үүрнэ гэдэг зарчимд суурилснаараа дээрхээс ялгаатай юм.
“Уран олборлосон улс нь хаягдлаа буцааж авдаг стандарт байдаг” гэж жишим ч үгүй ярьж суудaг улс төрчид хэний эрх ашигт үйлчилдэг вэ? Цөмийн технологи бүтээж, наймаалсан Америк эзэд, АЦС барьсан Солонгосчууд, уран ухсан Францчууд, эрчим хүчийг нь ашигласан Арабын ард түмэн биш, харин уран олборлосон Монголчууд хэдэн зуун мянган жил үхлийн цацрагаар шарах хаягдлыг эргүүлж авна гэдэг хүнлэг, шударга, ардчилсан ёс мөн үү?!
4. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 1 фунт буюу 454 грамм ураны үнэ 50 долларaaс доош байхад гаднын компаниуд Монголд уран олборлож, шар нунтаг гаргасаар байна. Уг нь бол ураны үнэ $65-аас доош нөхцөлд уран олборлох нь алдагдалтай тул олборлодоггүй эдийн засгийн тооцоотой юм. Харин Монголд байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрддөггүй болохоор харийнхан Монголын баялгийг асар хямдаар зөөж, ард иргэдийг нь аюулд учруулсаар байна.
Нэг фунт ураны шар нунтгийн зах зээлийн үнэ 48.5 ам доллар гэвэл 1 тонн уран 106, 828 доллар болно. Манай улсын тогтоогдоод байгаа ураны нийт нөөц 75 мянган тонн гэж үзвэл нийт үнэ нь 8.6 тэрбум доллар болох юм. Үүнээс олборлолт, нөхөн сэргээлт, боловсруулалт, тээвэрлэлт гэх мэт зардлыг тооцвол ашиг нь хавьгүй багасна. Тэгвэл цөмийн хаягдал буцааж аваад булшлахад ямар зардал гардаг вэ? АНУ-ын Невада мужийн Якка ууланд барьж байсан цөмийн хаягдлын байгууламжийн үнэлгээ 100 гаруй тэрбум доллар болж байсан гэдэг. Харийн иргэд гэрэлтэй, бас цөмийн аюулгүй байхын тулд Монголчууд бид газар нутаг, ус мөрнөө сэргэхгүй болтол нь бохирдуулж, хүн ардаа хордуулах нь ашигтай, ирээдүйтэй бодлого мөн үү?!
Харийнханд уранаа ухуулж буйн үр дагаврын талаар ганцхан жишээ татъя. 2012 оны 8 сарын эхээр манай Анти Нуклеар бүлгээс Дорнод аймагт хийсэн судалгаагаар “Хан Ресyрсис” компанийн хайгуулын талбайд ил задгай орхисон хаягдал шорооноос 1 цагт 5.8 микрозиверт цацраг ялгарч буй нь тогтоогдсон. Гэтэл дэлхийн улс орнуудад мөрдөгддөг стандартаар бол хүн, амьтан, ургамлын хувьд байгалийн гаралтай эх сурвалжуудаас бүтэн жилдээ авах нийт цацрагийн хэвийн хэмжээ нь 1000-2000 микрозивертээс илүүгүй байх ёстой аж. Тус хэмжээ нь нэмэгдэхэд хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. АНУ-ын Шинжлэх Ухааны Академиас жилд авах цацрагийн хэмжээ 1000 микрозивертээр нэмэгдэхэд хорт хавдраар өвчлөх магадлал 10,000 хүн тутамд 1-ээр, хорт хавдраар нас барах магадлал 17,500 хүн тутамд 1-ээр нэмэгддэг гэж мэдэгджээ. Нэн ялангуяа хүүхдүүд аюулт өвчинд нэрвэгдэх нь насанд хүрэгсдээс 3-4 дахин өндөр байдаг байна. Гэвч энэ тооцоо бол анагаах ухаан, оношилгоо хөгжсөн Америкт хийгдсэн ба Монголд хорт хавдраар нас барагсдын тоо хавьгүй өндөр гарах нь мэдээж.
Тэгвэл Мардайн уурхайн шороон овоолгоос өдөртөө 139.2 микрозиверт, сардаа 4176 микрозиверт, жилдээ 50112 микрозиверт цацраг ялгарч буй нь хорт хавдраар өвчлөх эрсдэл даруй 50 дахин өндөр байх боломжтойг харуулж байна. Уурхайн ажилчин хүн овоолгын ойролцоо өдөртөө 8 цаг байхаар тооцож үзэхэд жилдээ 16700 микрозивертийн цацрагт шарагдах тооцоо байна. Түүнчлэн дан ганц ураны уурхайн овоолго төдийгүй нутгийн өвс ургамал ч цацрагт хордсон нь хэмжилтээр тогтоогдсон. Осол болсон Японд цацрагийн хэмжээ цагт 0.6 микрозиверт хүрвэл онцгой байдал зарладаг туршлагатай байхад Дорнодын таана мангираас цагт 1.1 микрозиверт цацраг ялгарч байгааг хэвийн гэж үзэх үү?!
Цаашилбал, ураныг газрын гүнд хүхрээр уусгах аргаар олборлосны улмаас гүний ус цацраг идэвхт бодис, хүнд металлаар бохирдож, гол мөрнийг бохирдуулж буй явдал ч бий. Дорнодынхон Мардайн хуучин барилгаас блок татаж, орон сууц, хүүхдийн цэцэрлэг барьж байна. Цацраг нь хүний биед хуримтлагддаг тул цацрагтай орчинд ажиллаж амьдарч, цацрагтай өвс ногоо, мах сүү хэрэглэж, цацрагтай усаар ундалж буй ард иргэдийн хувьд түгшүүр зарлахад ч багадмаар.
Гэвч цөмийн ашигласан түлш буюу хаягдал түлшний хор хөнөөл дээрхтэй зүйрлэшгүй аюултай. Монголд олборлосон уранаар үйлдвэрлэсэн түлшийг харь гүрний АЦС ашиглачхаад хаягдлыг нь Монголд буцаах өдөр хором хормоор ойртсоор. Монголын эрх ашгаас урвагчид “цөмийн хаягдлыг дахин боловсруулдаг” хэмээн молигодож аюулт хаягдлыг Монголд булшлахаар зэхэж байна. Жинхэнэдээ цөмийн хог хаягдал нь хүнийx, өөрийнх гэлтгүй, ижилхэн үхлийн хорыг хэдэн зуун мянга, сая жилээр уугиулдаг.
Бидэнд уранаа олборлож бусдын цөмийн түлшийг бэлдэж, үхлийн аюултай хаягдлыг нь нутагтаа хадгалах шаардлага үгүй. Монгол улс дэлхий нийтийн өмнөөс золиослогдох ёсгүй!
Монгол улсын ирээдүйд аюул нүүрлэсэн энэ цагт улс орныхоо хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхны төлөө зүтгэх тангараг өргөсөн танд дараах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгож байна:
1. Цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх энхийн үйлсийг дэмжиж байна гэсэн нэр дор хэрэгжүүлж буй Монголын Цөмийн Санаачлага зэрэг харийн цөмийн хаягдлыг Монголд булшлах зорилготой төсөл, санаачлaгуудыг таслан зогсоох.
2. Харийнхны эрх ашигт үйлчилж, Монголыг булшны орон болгохыг санаархагсдын нэрийг ил тод зарлах.
3. Монгол улс, үндэстний аюулгүй байдалд заналхийлсэн цөмийн холбогдолтой заалт агуулсан хууль, бодлого, баримтлалуудыг хүчингүй болгох
4. Цөмийн Энергийн Газрыг татан буулгаж, Цацрагийн Хяналтын Газрыг байгуулах.
5. Цөмийн асуудлаарх хэвлэл мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах. Нийт ард иргэдэд, нэн ялангуяа уран олборлож буй нутгийнханд цацрагийн аюулын тухай үнэн зөв мэдээлэл түгээх, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах.
6. Монголд уран олборлох явдлыг хориглох, олгосон лицензүүдийг цуцлах. Ураны эрэл хайгуул, олборлолт хийсэн газруудад нөхөн сэргээлт хийж, цацрагийн хэмжилт судалгаа явуулж, орон нутгийн хүн ардын эрүүл мэндэд үнэлгээ өгч, байнгын хяналтанд авах.
7. Хоцрогдсон АЦС биш эрчим хүч үйлдвэрлэх жинхэнээсээ байгальд ээлтэй нар, салхины болон бусад шинэ төрлийн эх сурвалжуудыг судалж, ирээдүйгээ харсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Эх орон, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө гэсэн сэтгэлтэй эх оронч хүн бүр биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна. Бид таны захидлын хариуг олон нийтэд мэдээлэх болно.
Хүндэтгэсэн,
ГОЛОМТ – ANM Хөдөлгөөн
URL: