ЦАТГАЛАН ХҮМҮҮСИЙН ЦАГ НӨХЦӨӨДӨГ ГАЗАР БИШ БОЛЖЭЭ

Юм өөрчлөгджээ.  Бас ч үгүй  юм өөрчлөгдөх шинжтэй болоод явчихлаа…
Тиймээ,  өөрчлөлт шинэчлэл бол зөвхөн өнөөгийн Mонголчуудын дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ёстой зарчим биш,  бүр цаад утгаараа  Мөнх Тэнгэрийн Хууль билээ.

Орчлон ертөнц энэхүү Мөнх Тэнгэрийн хуулинд захирагддаг.  Орчлонгийн бүх юмс энэ хуулийн дор… ,
Өөрчлөлт шинэчлэлтээс хүссэн ч, хүсээгүй ч нуугдах, зайлсхийх  арга байхгүй…
Монголд “шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаад овоо зүйлийг амжуулж эхлээд байгаад сэтгэл их өндөр байна аа. Өнгөрсөн 22 жилийн 18 -д нь Их Хурал, Засгийн газарыг байгуулж явсан МАН-ынханыг хүмүүс өрөвдөж байгаагаа ний нуугүй илэрхийлж  байна.

Гэвч МАН-ын xэд маань аанай л диваан дээр тэрий хадан хэвтсээр хэд хоногийг ардаа хийхшивдээ… “Xаашаа харж үхнээ?!” гэдэг шиг тэднийг одоо хаашаа харж яаж хэвтэцгээхийг Мөнх Тэнгэр л мэдэх буйзаа.
Тэд ч олон жил Их Хурлын танхимд унтсандоо хөөрхийс. Цалин нь нэмэгдэж, царай нь цагаарч, цатгалдсан олонхи  Их Хурлын танхимд цаг нөхцөөж суудаг байлаа.

Сонин уншиж, утсаар ярьж, хааяа телевизийн камерлуу нүднийхээ булангаар хяламхийсэншээг…

Хууль хэлэлцэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг.  Нэг л иx цадчихсан, сэтгэл санаа нь ханасан, “хүчээ авчихсан” хүмүүс… Зорьсон, зовж байж хүрсэн тэр газараа хүрчихээд сая л нэг нуруу нь  тэнийсэн байдалтай харагддаг байвшүү! “Одоо намайг эндээс хэн ч хөдөлгөхгүй!” гэсэн дотоод тамир нь уугих  агаад, цээж тэнэгэр, ихэмсэг оршихуйн оргилд тухлан суух тэр хүмүүс үгээ хэлэхдээ янцаглана, дүлнэ, ямар сэдвээр , ямар хуулийн төсөл хэлэлцэж байгааг анхаараагүй тул хадуурдаг байлаа., “Эрүүл мэндийн хууль хэлэлцэж байна” хэмээн Их Хурлын даргыг хэлэхэд цочсондоо эрдэс баялагийн лицензийн тухай “дэмийрнэ”.

Баталсан хууль нь баахан засвар хийх шаардлагатай, түргэн түүхий, Монголын амьдралд хэрэгжих боломжгүй хам хум хуулбарууд. Санаа тавиагүй, салан задгай байдалд батлагдсан тул сар жилээр хоцорсон бас хоцрогдсон хуулиуд болж орхино.. Тэгээд түүнийг нь хэрэгжүүлэх боломжгүй тул хууль сахиулах ёстой байгууллагууд нь өөрийнхөө үзэмжээр мөрдүүлдэг байвдаа.

Цатгалан хүмүүсийн засаглалын үед иймэрхүү л явж ирсэн гэдгийг монголчууд бүгд мэднэ. Ард түмэн үүнийг нь хэлсээр байв. Гудамнаас ч, Их Хурлын танхимаас ч сануулсан,.. хэлсэн…гэтэл  мань МАН-ын хэд үгээ зөөн байж, дүлэн байж хэд гурван үг хэлмэр болоод л утсаараа ярина, шалдан хүүхэнтэй сонин эргүүлнэ, шар толгойтой хөөрөг эргэлдүүлнэ. Өөрийнхөө Пи Ар-ын түвшинг шар сониноос эрнэ. Хууль хэлцэгдэж л байдаг. Хурлын дарга тэнд юм хэлж л байдаг. “Хурган дарга” -  Их Хурлын зарим гишүүд маань чатласаар, текстсээр, жиргэсээр… галт тэрэг хүлээх зуураа юухан хээхэнээр зугаацаж суугаа улс шиг загнана.

Хэлж ярьж байгаа зүйлээ батлахчаан болохдоо “Америкт тийм байдаггүй юм!” эсвэл “ийм байдаг”,  “Германд бол огт өөр” гэх мэтээр мэдэмхийрнэ. Хуулийг Монголд зориулж боловсруулсан болохыг таг мартана. Ийнхүү цаг хугацаа явсаар цатгалан хүмүүс улам цадаж, цатгалдаж, хэхэрч, хийгээн гадагшилуулж суусаар одоо харин Ай пад,

Ай фонтой болцгоожээ. Хаяа тэднийг мэдээгээр харжээ байхад, интернетэд  холбогдсон бололтой Ноутбуук-нийхээ дэлгэцийг нойрмог нүдээр гөлөрч  суух агаад, зарим нь Айпадныхаа айконыг олж байгаа боловуу даа гэмээр долоовор хуруугаа гозойлгочихсон эрж эрж, харж харж  байснаа хааяа нэг тогших ч биш чичих ч биш аяглах  бөлгөө…

Хорин хоёр жилийн тэртээ Монгол оронд маань сэвэлзсэн өөрчлөлт шинэчлэлийн салхи энэ намарын чуулгантай хамт Их Хурлын танхимд дахин  орж ирэxдээ цагаа нөхцөөж ядах цатгалан хүмүүсийн тоог цөөлжээ гэж бодож суухуй дор энэ хэдэн мөрийг тэрлэвээ.

З. Эрдэнэбат


URL:

Сэтгэгдэл бичих