Л.Гансүх сайдаас эхтэй буруу жишиг…
БОАЖ-ын сайд Л.Гансүх сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарыг шүүхэд өгөөд жил гаруй хугацааг үдээд байгаа. Уг нь шүүхээс хэргийг гурван удаа хэрэгсэхгүй болгосон ч “дээрээс” заавал хэрэг болго гэсэн үүрэг өгдөөд байдаг тухай өчигдөр А.Баатархуяг, Г.Уянга нар хэвлэлийнхэнд хандахдаа онцоллоо. Иймээс тэд Л.Гансүх сайдыг Авлигатай тэмцэх газарт өгөөд байгаа гэнэ. Мөн Л.Гансүх сайд А.Баатархуяг, Г.Уянга нартай холбоотой хэргийнхээ талаар тусгайлан төлбөрт нэвтрүүлэг бэлтгэн энэ сарын 7-8-ны өдрүүдэд МҮОНРТ болон “Боловсрол”, “Шууд” телевизүүдээр олон давталттай цацуулсан билээ.
МҮОНРТ нь аль нэг талыг барихгүй ажиллах хуультай, УИХ-ын харьяа байгууллага учраас энэ нэвтрүүлгийг яагаад гаргасан талаар нь А.Баатархуяг асууж лавласан гэнэ. Тэгэхэд МҮОНРТ-ийн удирдлага “Сайдаас нэг захиалгат нэвтрүүлэг явуулъя л гэсэн. Тэгэхээр нь программд оруулаад зоочихсон. Ийм улс төрийн шинж чанартай нэвтрүүлэг байна гэж бодоогүй” гэсэн дэндүү хариуцлагагүй хариулт өгсөн байна. Л.Гансүх сайдын дээрх нэвтрүүлгээ цацуулсан үнэ хөлсийг л бодоод үзэхэд ойролцоогоор 10 гаруй сая төгрөг гарсан болж таарах гээд байгаа юм. Иймээс тэд Л.Гансүх сайдын сүүлийн найман жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөхийг Авлигатай тэмцэх газраас хүссэн байна. Мөн нууцын зэрэглэлд байх ёстой хавтаст хэргийг шийдэгдэхээс нь өмнө задруулсан учраас Баянгол дүүргийн цагдаагийн газрыг ч Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар А.Баатархуяг, Г.Уянга нар өгөөд байгаа гэсэн.
Эл нэвтрүүлэгтээ мөн манай сонины өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан материалыг дурдан, бичсэн сэтгүүлч М.Мөнхчимэгийг өөрөөсөө уучлалт гуйсан хэмээн ташаа мэдээлсэнд бид харамсаж байна. Манай сонины зүгээс ямар нэгэн залруулга гаргаагүй бөгөөд сэтгүүлч М.Мөнхчимэг ч уучлалт гуйгаагүй гэдгийг мэдэгдэх байна. Иймээс улстөрчдийн болохгүй бүхнийг илчлэхийн төлөө, шударга үнэний төлөө явдаг сэтгүүлчдийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйлдэл цаашдаа жишиг болон тогтохоос сэргийлэх цаг нэгэнт болжээ.
URL: