Акт шаардлага, өндөржүүлсэн бэлэн байдлыг үл тоосон “Гангар инвест”-ын балаг
Баянзүрх дүүргийн XIX хороонд орон сууцны зориулалттай 16 давхар барилгыг барьж буй Гангар инвест компанийн удирдлагууд хууль тогтоомжийг үл тоодог болохыг өнгөрсөн долоо хоногт болсон осол харууллаа.
Ингэж хэлэхийн учир нь НМХГ-аас барилгын компаниудын удирдлагуудад зориулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулахад барилгын компанийн удирдлагууд бүгд ирж сүүлийн үед осол гэмтэл гарч байгаа нь хувь хүний харицлагаас илүүтэй хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой гэж байжээ.
Гэтэл энэ сургалтад “Гангар инвест” компанийн захирал өөрөө ирэлгүй хөдөлмөр хамгааллын инженерээ явуулсан байж. Энэхүү сургалт энэ сарын 19-25-нд болсон бөгөөд маргааш нь Гангар инвест компанийн барилга дээр аймшигт осол гарч нэг хүн нас барьж нэг хүн маш хүнд гэмтсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Д.Төгссайханы хэлж буйгаар гангар инвест компаниын барилга дээр өмнө жижиг ослууд гарч байсан.
Гэхдээ энэ компанийн удирдлагууд үнэхээр хайнга байна. НМХГ-аас өмнө нь удаа дараа акт, шаардлага өгч байсан ч ойшоодоггүй юм. Энэ мэтээр ач холбогдол өгөхгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангахгүй, мэргэжлийн бус хүмүүсийг авч ажиллуулсаар осол гаргаж, хүний амь эрсдэхэд хүргэлээ. Энэ харамсалтай ослын шалтгаан нь ердөө мэргэжлийн бус хүн өндөрт ажиллуулснаас үүдсэн гэж болно гэсэн юм. Өнгөрсөн сард удаа гарсан ослын улмаас барилгын салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж сургалт, заавар зөвлөгөө байнга өгснөөр барилгын компанийн удирдлагууд харьцангуй хариулагатай байх болсон байна.
Харин энэ бүхний цаана хайнга хандаж байсан тус компанийн барилга дээр ийнхүү осол гарч хоёр алаг үр өнчирөн үлдэж байна. Нас барсан 25 настай залуу орно нутгаас шилжиж ирсэн хоёр хүүхэдтэй байж. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Д.Баянбат мөн хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр нь группт байдаг учир гэр бүлээ авч явдаг байж. Хэдийгээр энэ залуу амьд үлдлээ ч өрөөсөн гаргүй, ослоос үүдсэн эмгэгтэй болж үлдэнэ. Ингэснээр энэ айлын ахуй амьдрал хүндхэн байдалд орно гэсэн үг. Осол өртөн эмчлүүлж байгаа Д.Баянбатын эгч Б.Баясгалангийн хэлж буйгаар компанийнх нь удирдлагууд орон сууцныхаа дулааныг авахаар болж ажилчдаа уртасгасан цагаар ажиллццлах болсон. Ингэхдээ өөрсдийнхөө ашиг орлогыг л бодсоноос ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаараагүй.
Үүний нэг жишээ нь талбайн инженер нь уурлаад цахилгааныхаа утсыг хураа¬ж аваад явчихсан. Нэгэнт утасгасан цагаар ажиллаж хугацаанд нь ажлаа дуусгах үүрэгтэй байсан болохоор ажилчид нь нэг утас олж тат¬сан. Хөдөл¬мө¬рийн аюулгүй байдлыг хан¬гаж, гэрэл цахилгаан, шаард¬лагатай материалаар хангаж өгөөгүй нь эндээ харагдаж байна. Ийм атлаа “Гангар инвест” компанийн инженер залуу хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахдаа “Одоо дүрмээ барьж ажил¬ладаг компани гэж байхгүй шүү дээ. Бүгд адилхан зөрчил гаргаж байгаа” хэмээн биеэ өмөөрч, танай хүн өөрөө анхааралгүй ажилласан байна гэх утгын юм ярьж бурууг бусад руу чихэхийг оролдсон байна. Гангар инвест компанийн хувьд барилгын салбарт ажилласан туршлагаараа тэргүүлэгч. Олон ч шагналын эзэн болж байсан.
Гэвч энэ бүхний цаана эгэл жирийн ажилчдынхаа эрх ашгийг орхигдуулж, зөвхөн ашиг орлогоо харж байгааг нь энэ удаагийн осол харуулж байна. Өмнө нь жижиг ослууд гарч НМХГ-аас акт, шаардлага өгч байхад анхаараад ажилчдынхаа төлөө жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол өнөөдөр нэгнээ алдсан, нэгийгээ үхэл амьдралын дэнсэн дээр харж суугаа энэ айл өрхийн амьдрал аж жаргалтай л үргэлжлэх байлаа.
www.times.mn
URL: