Монгол Улс 2484 км,квадрат нутгаа алдсан уу
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээг дэлхийн түгээмэл нэвтэрхий толь, лавлах бичгүүдэд 2 564 116 км2 хэмээн НҮБ-д бүртгэлтэй албан ёсны хэмжээнээс /2 566 500 км2/ 2383 км2-аар багасгаж оруулах болсон нь жилийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөгдсөөр ирсэн билээ. Хэзээ орсон нь үл мэдэгдэх энэ өөрчлөлтийн талаар хайхад тодорхой мэдээлэл олдсонгүй. Ямартай ч Wikipedia.org, mapsofworld.com болон бусад сайтад Монголыг 2 564 116 км2 нутагтай хэмээн бичсэн байна. Харамсалтай нь, манай Монголын сайтууд хүртэл дээрх мэдээллийг шууд хуулж тавьцгааж байгаа юм. Хил хамгаалах газрын хошууч Ц.Энхбат энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсыг албан ёсоор 2.566.600 км2 газар нутагтай гэж тодорхойлсон байдаг. Олон улсын сайтад янз бүрээр тэмдэглэсэн байх. Тиймээс тухайн сайт, олон улсын холбогдох байгууллагуудад албан бичгээр тодорхой тоо баримтыг хавсарган илгээж өөрчлүүлдэг” хэмээн өгүүлжээ. Гэвч манай хил хамгаалах байгууллага мэдээлэл авсан хэрнээ өөрчлүүлэх талаар юу ч хийсэнгүй. “2 564 116 км2” гэсэн тоо Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээг илэрхийлсээр байна. Албан ёсны эх сурвалжийн үгэнд итгээд сайтууд алдаа гаргах үе байдаг гээд өнгөрье. Гэтэл хил хязгаарын зурвасыг хүртэл багасгаж мэдээлнэ гэж байх уу. Ц.Энхбат хурандаа дээр дурьдсан хэвлэлд өгсөн тайлбартаа “Манай улсын хилийн нийт урт 8252.658 км” гэжээ. Гэтэл ихэнх мэдээлэлд Монгол Улсын хилийн уртыг 8158 км, үүний 3485 км нь Оросын Холбоот Улстай , 4673 км Хятад улстай залгана гэж бичсэн байна. Албан ёсны эх сурвалжийн өгсөн мэдээллээс 1000 шахам километрээр “сох дутаж” байгаа биз. Энэ сэдэв дээр хоёр хувилбар дэвшүүлэх гээд үзье. Нэгдүгээрт, үнэхээр л сайтууд худлаа мэдээлсэн, Монгол Улсын хил хязгаар бүрэн бүтнээрээ байгаа гэж. Энэ тохиолдолд дээр дурьдсанчлан, холбогдох байгууллагууд ташаа мэдээлэл цацаж байгаа гадна дотны сайтуудтай харьцах ёстой ч энэ үүргээ биелүүлсэнгүй. Хоёр дахь нь батлахад их хүнд. “Монгол Улс үнэхээр газар нутгаа алдчихсан” гэж. Эрх баригчид үнэхээр газар нутгаа БНХАУ-д тавьж туучихаад мэдээллийг нууцалж байгаа юм биш биз. Монгол Улс хамгийн сүүлд 2003 онд БНХАУ-тай хилээ шинэчилсэн. Бид өмнө нь урд хөрштэй хилээ шинэчлэн тогтоохдоо дандаа алдаж байсан. Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш хил хязгаараа шинэчлэх талаар хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд энэ ажил маш хүнд нөхцөлд явагддаг байж. Ажлын хэсэг хоорондоо маргалдаж, зарим үед буу гаргах ч тохиолдол байсан гэж уг ажлын хэсгийн гишүүд хожим нь дурссан байдаг юм билээ.
Манай улс хамгийн сүүлд 2002 онд ОХУ-тай, 2003 онд БНХАУ-тай хил хязгаараа шинэчилсэн. Энд БНХАУ-ын баримталж байгаа бодлого илэрсэн байж болно. Чөлөөт нэвтэрхий толь Википедиад БНХАУ-ын газар нутгийг “9,640,821 km2”, “9,671,018 km²” гэж хоёр янзаар бичсэн байгаа /мэдээлэл хайсан хүн бүр шахуу Википедиад ордог нь уг сайт дээрх ташаа мэдээллийг нэн даруй устгах, өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа юм/. Зөрүү 30 гаруй мянган км2 нь маргаантай байгаа газар нутаг гэж ойлгогдож байна. Тус улс сүүлийн жилүүдэд маргаантай газар нутгаа буцааж авах бодлого барьж байгаа.
Олдож байгаа мэдээллээр, хамгийн сүүлд 2010 онд Тажикистаны газар нутгаас өөртөө нэгтгэсэн. /“Тажикистаны Парламент “Хятадтай маргаантай байдаг зүүн бүс нутгийнхаа 3 хувь, эсвэл 1000 км2 газар нутгийг БНХАУ-д шилжүүлэн өгөх тухай” тогтоолыг баталжээ. Тогтоолын дагуу газар нутгийнхаа хилийг шинээр тогтоох юм байна. Тажикистаны Гадаад харилцааны яамны мэдээлснээр, БНХАУ-тай үүсгэсэн газар нутгийн энэ маргаан бүр XIX зууны сүүлээс үүдэлтэй юм байна. БНХАУ эхлээд Хаант Орос улс, хожим нь ЗХУ-тай заргалдсаар одоо заргаа авч байгаа нь энэ ажээ” /“Монголын мэдээ” сонин, 2011 он/”. Үүнээс өмнө ОХУ-аас хоёр арлыг мөн мэдэлдээ шилжүүлсэн юм. /“Ерөнхийлөгч асан Владимир Путин удаан хүсэн хүлээсний эцэст БНХАУ-ын дарга Ху Жинтаог 2004 оны аравдугаар сарын 14-нд “Сайн хөршийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зуруулж чадсан. Гэтэл үүний дараа болсон хоёр улсын хилийг шинэчлэн тогтоох ажиллагааны үеэр ОХУ 337 км кв. талбайтай Аргунь Читийн хязгаарын Том, Тарабаров хэмээх арлаа Хятадад шилжүүлж өгсөн билээ” “Монголын мэдээ” сонин, 2010 оны 09 дүгээр сарын 1-ний №3000-д/.
БНХАУ нь БНАСАУ, ОХУ, Монгол, Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянма, Лаос, Вьетнам гэсэн 14 улстай хиллэдэг бөгөөд ихэнхтэй нь газар нутгийн маргаантай. Хилээ шинэчлэхээр яриа хэлэлцээрийг өрнүүлж байгаа. Усан хилээр л гэхэд Японтой ямар асуудал үүсгээд байгаа билээ.
Хамгийн гол нь бид мэдээлэл ямар хүчтэй зэвсэг болсныг мэдэрч, бусад улстай өөрийнхөө хэмжээнд мэдээллээрээ дайтах ёстой. Сүүлийн үед Монголын газар нутгийг БНХАУ-ын хилд оруулж зурсан, Монгол Улс нь БНХАУ-ын нэг хэсэг байсан мэт мэдээлэл ихээр цацагдах боллоо. Хятадын сурах бичигт иймэрхүү утгатай түүхийг гуйвуулсан хичээл орж байна гэсэн гомдол ч ихээр гарах болсон. Бодлого нь маш нарийн олон жилийн турш явагддаг геополитикийн шинжлэх ухаанд үүнийг “Дасгах үйл ажиллагаа” гэж нэрлэдэг юм байна. СГЗ Г.Жамьян гуайн нийтлэлд үүнийг “Ирээдүйн бодлогоо хувь хүнээр дамжуулан гаргаж “дасгах” явдал түүхэнд олонтаа гарчээ. Ийм “дасгах” үйл ажиллагаа сүүлдээ, хэдэн арван жилийн дараа ч юм уу, хэдэн зуун жилийн дараа хэлэлцээний ширээнд суухад хүргэдэг, эсвэл хүч хэрэглэж цус урсахад хүрдгийг түүх харуулсаар байгаа” хэмээн голыг нь олж хэлсэн байна.
Монгол Улс хэчнээн хэмжээний газар нутагтай, хил хязгаар нь хэчнээн км үргэлжилдэг зэрэг нь тийм ч нууц биш, хүн бүрийн мэдэж байх ёстой асуудал. Энэ мэдээллийг олон нийтэд дэлгэх цаг нь болсон. 2003 оны газар нутгийг шинэчлэн тогтооход яг юу болсон юм бол. Өмнө байсан чигээр нь үлдээх байсан бол шинэчлэх шаардлага юун. Гэтэл өмнө нь шинэчлэх болгонд манай газар нутгаас хасагдсан байдаг. Монгол Улсын газар нутаг 2 566 500 км2 уу, 2 564 116 юу. НҮБ-ын албан ёсны сайтаас мэдээлэл авах гэсэн боловч засвартай гээд хаагдчихаж. Нээгдсэнийх нь дараа л орж үзэхээс. Арай “2 564 116” гэсэн тоо дурайж байх юм биш байгаа. Арай ч үгүй байлгүй дээ…
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: