Парламентын зохицуулагч З.Энхболд
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэнтээ З.Энхболд даргыгаа “Та бол дарга биш ээ. Парламентын зохицуулагч шүү” гэсэн билээ. Хууль тогтоох дээд байгууллагын нэгэн гишүүн нь парламентын засаглалтай Монгол орны төрийн гурван өндөрлөгийн нэгнийг ингэж тодорхойлжээ. Эндээс зохицуулагч гэдэг үгийн цаад утгыг нягтлан шалгах, бүр тодруулбал УИХ-ын дарга З.Энхболд гэдэг улстөрч нь хууль тогтоох дээд байгууллагад ямархуу үүрэг чиглэлтэй оролцохыг магадлах асуудал үүсч байгаа юм.
Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” бичигт зохицуулагч гэдэг үгийг “Алив нэг асуудлыг магадлан зохицуулах үүрэгтэй хүнийг зохицуулагч гэнэ” гэсэн байна.
Бидний өдөр тутмын амьдралд олон төрлийн зохицуулагч хүссэн хүсээгүй оролцож ямарваа нэг асуудлыг шийдвэрлэлцэж л байдаг. Зам дээр эрээн мод бариад зогсож байгаа ногоон алаг хантааз, дүрэмт хувцастай хүмүүс бол замын хөдөлгөөний зохицуулагч цагдаа нар.
Тэдний үндсэн үүрэг нь гудамж замын хөдөлгөөнийг зохицуулж, тээврийн хэрэгслүүд дүрэм журмаараа зорчиж байгаа эсэхийг хянаж байхад л оршдог. Зам тээврийн зөрчил гаргасан нэгний хөдөлгөөнийг хязгаарлаж зохих торгууль, төлбөр ноогдуулахаас биш загнаж зандраад, бүх насаар нь дахин хөдөлгөөнд оролцох эрхгүй болгох эрх мэдэл замын хөдөлгөөний зохицуулагч нарт байхгүй. Нэг ёсондоо тэд зүгээр л зохицуулагчид болохоос бус эрх тушаалтай дарга нар биш юм.
Ажлын дараа ямар нэг үзвэр үзэхээр Бөхийн өргөөнд ч юм уу “UB палас”-т яваад ороход шар зангиа, хар костюмтай залуус тасалбар шалгаж, суух сандлыг тань зааж өгөхийг та харж л байсан. Энэ залуус бол бас л нэг төрлийн зохицуулагч нар. Тэд таныг суух сандлаа хайн, цаг алдаж мунгинахаас сэргийлэн үндсэн ажлаа л хийж яваа үзвэрийн танхимын зохицуулагчид. Тэдний үндсэн үүрэг нь үзэгчдийг дугаарын дагуу суудалд нь суулгаж, ая тохитой байдлыг нь хангах юм. Харин түүнээс биш танхимаас хөөж гаргах, тухайн үзвэрийг үзүүлэхгүй байх эрх мэдэл байхгүй. Яагаад гэвэл тэд нар дарга нар биш зүгээр л нэг зохицуулагч нар билээ.
Дээрхээс үүдэн эрх мэдэлтэй дарга, захирагч нарын тухай өөрийн эрхгүй бодоход хүрч байгаа юм. Өнөөдөр арван хүнд оногдох дарга, эрх мэдэлтнийхээ тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт эрэмбэлэгдэх нь тодорхой. Үүнийг тэрлэгч нь цэцэрлэгт байхдаа ширээний даргаас эхлээд сургуульд ороод салааны дарга, ангийн дарга, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн гишүүн гээд баахан л сонгуульт даргын албыг хашсан юм даг.
Дараа нь оюутан, тэгээд армид цэргийн алба хаахдаа хүртэл бага шиг даргын сэтэртэй яваад л байсан. Ажил дээр гараад ч өнөөдрийг хүртэл өөртөө тохирсон хурган даргаас салаагүй л явна. Ингээд бодохоор хүн болгон л ямар нэг цол гуншинтай дарга болж таараад байгаа юм.
Хамгийн гол нь бүх төрлийн дарга нар үндсэндээ нэг л төрлийн алдаа гаргаад байдгаа ердөө ч анзаардаггүй. Тэр нь юу вэ гэвэл дарга гэдэг нь ямар ч үед хамгийн сайн зохицуулагч байх ёстой гэдгийг л хэзээ ч ойлгож ухамсарладаггүй. Албан тушаал, эрх мэдэл нь давамгай байж болно. Гэхдээ тэрхүү эрх мэдэлдээ тохирсон бүх л асуудлыг зохицуулж байх үүрэг, ёс суртахуун ногдож байдаг.
Өнөөдөртөө УИХ-ын дарга З.Энхболд аливаа асуудалд хүч түрэн захиран тушаах байр сууринаас хандаж байгаа нь Ж.Батзандан гишүүний эрх ашигт харшилснаар “Та бол дарга биш. Парламентын зохицуулагч шүү” хэмээсэн байж болох юм.
АН-ын ҮЗХ-ны хурлаас УИХ-ын даргад нэр дэвшүүлэн, 100 хувийн саналаар батлахад З.Энхболд дарга “Би УИХ-ын даргын албыг 100 хувь хашиж чадна. Өмнө нь энэ байтугай сорилтыг даваад л гарч байлаа” хэмээн мэдэгдэж байсан. Харин З.Энхболд даргын гурван сар хагасын ажлыг дүгнээд үзэхэд ард түмнийхээ 31.33 хувийн дэмжлэгийг хүлээн УИХ-д 27 суудал авч, цөөнх болсон МАН-ын тухайд хахир хатуу даргын царай харуулж өнөөдрийг хүртэл аливаа асуудлыг нь хүч түрэн шийдсээр иржээ. УИХ-ын хуулинд найман гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулна гэсэн заалт бий. Тэгвэл өнөөдөр 25 гишүүнтэй МАН бүлгээ байгуулж чадаагүй л байгаа нь хахир хатуу “хойд эцэг”-ийн зан гаргаж байгаа З.Энхболд даргатай шууд хамаатай нь тодорхой.
Ардчилсан нийгэм байгуулж байгаа манай орны тухайд парламент, Засгийн газарт цөөнхийн дуу хоолойг боомилж, тэдний болон улс орны эрх ашгаас дээгүүр АН-ын дангаар захиргаадах эрх ашиг хууль цаазаас гадуур үйлчлэх учиргүй. Ер нь төрийн гурван өндөрлөг аль нэг нам хүчинд харьяалалгүй болж, зөвхөн Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө санаа сэтгэл, ажил үйлдлээрээ хамгийн сайн зохицуулагч л байх ёстой.
Харин УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөртөө маргаантай байгаа Өвөрхангайн тойрог, Увсын тойрогт “ихэд санаа зовж” зохицуулах бус дарангуйлан захирах байдлаар хандаж байгаад нь л УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас эхлээд жирийн ард иргэд, сонгогч олны санаа зовох нь аргагүй юм.
УИХ-ын дарга бол хууль тогтоох дээд байгууллагын эрхэм дээд зохицуулагч, ард түмнийхээ сонголтыг баталгаажуулж парламентын эв нэгдлийг зангидагч, олонх, цөөнхөд “төрсөн эцэг”-ийн ёсоор хандах учиртай эв нэгдлийн зохицуулагч билээ. Тийм ч учраас Монголын ард түмэн “УИХ-ын дарга маань эв нэгдлийг эрхэмлэж төр улсын ажлыг гацаалгүй 100 хувь зохицуулаад явчих чадвартай нэгэн” гэж таны үйлдэл, хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглан харсаар сууна.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: