Ирэх сарын 14-нд бүх нийтээрээ амарна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд дэмжлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хоёр заалтад нь өөрчлөлт оруулах бөгөөд эхнийх нь УИХ-ын сонгуулийн хуульд санал хурааж дуусах хугацааг 20.00 цаг гэж заасныг 22.00 цаг болгох, дараагийн өөрчлөлт нь хайрцгаар санал авахтай холбоотой өөрчлөлт байв. УИХ-ын сонгуулийн хуульд урьдчилан хайрцгаар авсан саналыг санал хурааж дууссаны дараа нийт санал дээр нэмж тоолохоор хуульчилсан. Орон нутгийн сонгуулийн хуулиар бол санал хурааж эхлэхийн өмнө саналын хайрцагт зөөврийн хайрцгаар авсан саналаа хийнэ гэж хуульчилсан юм. Энэ хоёр заалтыг нэгтгэж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураахын өмнө зөөврийн хайрцагтай саналыг хайрцагт хийнэ гэж өөрчлөх юм.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан “Чингис хаан” одонг бий болгох тухай УИХ-ын 21 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын дарга З.Энхболдод энэ оны 9 дүгээр сарын 5-ны өдөр өргөн барьсан. Өргөн барьсан тогтоолын төсөлд төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Их хааны мэндэлсэн өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан. Түүнчлэн, “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх болон шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар тусгасан юм. Энэхүү одон нь Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон бөгөөд одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр хүртээхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолд заасан байдаг.
Мөн Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нийтээр тэмдэглэх баярын өдөрт 11 дүгээр сарын 14-нийг нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласны баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухайд хэлэлцүүлэв. Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүд, 11 дүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдрөөр амардаг байсан нь хэвээр байх, түүнчлэн 11 дүгээр сарын 14-нд мөн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр нийтээр амардаг болох тухай ярилцан дэмжсэн.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Батцогт, Х.Болорчулуун, Р.Бурмаа нар санаачилсан юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдаж, үл ойлголцон маргалдах болсон. Ялангуяа хүн ам цөөтэй сумын түвшинд энэ асуудал удаа дараа давтагдаж, зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол ч гарсан байна. Ийм нөхцөлд иргэд, нам, эвсэл, эрх бүхий албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудал тавигдаж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм.
Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, уг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хууль зүйн хувьд байгаа бөгөөд сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Д.Сувд
URL: