Тимошенко өлсгөлөн зарлав
КИЕВ. /ИТАР-ТАСС/. Украины Ерөнхий сайд асан, “Батьковщина” намын тэргүүн Юлия Тимошенко тус улсад болж өнгөрсөн парламентын сонгуулийг будлиантуулсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өлсгөлөн зарлалаа. “Тимошенко хоол хүнснээс татгалзаж, зөвхөн ус уух болно” гэж түүний өмгөөлөгч Сергей Власенко мэдэгдсэн байна.
Тимошенко өлсгөлөн зарлаж эхэлсэн тухайгаа Украины Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгджээ.
Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Парламентын Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн, Украины сонгуулийн ажиглагчдын зохицуулагч Вальбург Габсбург-Дуглас сөрөг хүчний удирдагчид болох Юлия Тимошенко, тус улсын Гадаад хэргийн сайд асан Юрий Луценко нартай холбоотой сонгуулийн будлианыг онцолсон байна. “Украин улс техникийн шалтгаанаар хэдэн зуун нэр дэвшигчийг хассанаар нэг алхам ухарлаа. Гэхдээ сонгуулийн кампанит ажил дууссан бөгөөд харин одоо шинэ парламент улс орноо эвээр зохицуулах үүргээ гүйцэтгэх цаг нь болсон” гэж тэрбээр онцлон дурджээ.
Юлия Тимошенкогийн ял эдэлж буй Качановын шоронд явуулсан санал хураалтын дүн бүх нийтийн сонгуулийн дүнгээс хол зөрсөн байна. Харьковын шоронгийн 971 хоригдол эмэгтэйчүүдийн 938 нь саналаа өгчээ. Тимошенко Харьковын эмнэлэгт тусгайлан авчирсан зөөврийн саналын хайрцагт саналаа өгсөн байна. Түүний “Батьковщина” намаас нэр дэвшигчид 24 санал авчээ. Харин 14 хоригдол социалист болон коммунистуудад саналаа өгсөн байна. Хэт барууны үзэл баримтлагч “Эрх чөлөө” намынхан мөн ийм тооны санал авчээ. Харин Качановын хоригдлуудын 886 нь Бүс нутгийн намын төлөө саналаа өгсөн байна.
Украины Сонгуулийн төв хороо сонгуулийн эцсийн дүн гарахыг хүлээхийг уриалжээ. Урьдчилсан дүнгээр, тус улсын парламентын сонгуульд Бүс нутгийн нам ялсан байна.
Парламентын сонгуулийн саналын хуудасны 82,62 хувийг тоолсны дараах байдлаар Бүс нутгийн нам сонгогчдын 32,17 хувийн саналаар тэргүүлсэн хэвээр байгаа бол нэгдсэн сөрөг хүчний “Батьковщина” нам 23,92 хувь, Коммунист нам 14,03 хувь, УДАР /Украины шинэчлэлийн төлөөх ардчилсан эвсэл/ 13,37 хувь, “Эрх чөлөө” нам 9,48 хувийн санал авчээ.
Харин нэг мандаттай тойргуудад Бүс нутгийн нам 117 мандат авч магадгүй байгаа бол “Батькивщина” – 40, “Эрх чөлөө” – 11, “УДАР” – 5, “Нэгдсэн төв” нам – 3, Ардын нам- 2, Радикал нам – 2, “Союз” нам – 1 мандат авах төлөвтэй байна. Түүнээс гадна, шинжээчдийн таамаглаж байгаагаар, бие даан нэр дэвшсэн 44 хүн Бүс нутгийн намын бүлэгт суудал нэмж магадгүй байна.
Украины парламентад олонхи болохын тулд 226 суудал заавал авсан байх ёстой юм.
Энэ удаагийн сонгуулийг холимог системээр явуулсан бөгөөд 225 депутат намын жагсаалтаар мөн ийм тооны нэр дэвшигч нэг мандаттай тойргуудад өрсөлдсөн байна.
Монцамэ агентлаг
URL: