Хаана тамхи татаж болохгүй вэ?
Тамхины хяналтын тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталж гаргалаа. Уг хууль ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэ цагаас хойш тамхичид хүссэн газраа тамхи татаж өөрийгөө болон өрөөлийг хорт утаагаар хордуулах эрх нь хуулиар хязгаарлагдана гэсэн үг. Хуульд зааснаар дөрвөн сарын дараа гэхэд хүмүүс хаана тамхи татаж болохгүйг сануулъя.
Нийтийн тээвэрт. Үүнд автобус, троллейбус, микро автобус гээд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл хамаарч байгаа юм. Ингээд тамхи татагчид нийтийн тээврээр зорчихдоо тэвчээр заах хэрэгтэй болж байна. Зөвхөн автобусанд тамхи татахыг хязгаарлаад зогсохгүй нийтийн тээврийн буудал дээр хориг тавьжээ.
Тамхи татахыг хориглосон дараагийн обьект нь олон нийтийн үзвэр үйлчилгээний газар. Үзвэрийн газар гэхээр хамгийн түрүүнд кино театр санаанд бууна. Цаашлаад Соёлын төв өргөө, Улсын драмын театр, Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон гээд нэрлээд байвал үзвэрийн газар барагдахгүй. Дээрээс нь хотын үйлчилгээний газруудад тамхи татах ёсгүй. Замын цайны газраас эхлээд зах хүртэлх үйлчилгээний бүх газар энд хамаарна гэсэн үг. Дээрээс нь шатахуун түгээх станцын ойр хавьд тамхи татахгүй. Ер нь шатах, тослох, тэсэрч дэлбэрч болзошгүй бодисын агуулахын ойролцоо тамхи татах нь аюултай учраас хоригложээ. Жишээ нь газ хэрэглэдэг айл өрх, албан байгууллагад ойрхон тамхи татахгүй нь гэж хар ухаанаар ойлгож болно. Шатаж, дэлбэрэх зүйлс худалддаг, үйлдвэрлэдэг газрын ойролцоо тамхийг бүрэн хоригложээ.
Цаашилбал зочид буудал, баар цэнгээний газарт тамхи татахыг хатуу хориглов. Зочид буудал болгон тамхины тусгай өрөөтэй болох ёстой. Үгүй бол зочид буудлын эзэн буруудаж өчнөөн төгрөгөөр торгуулна. Мөн бааранд тамхи татсан, татуулсан хоёр хоёулаа хариуцлага хүлээж мөнгөн торгуульд унана. Төрийн ч бай хувийн ч бай аль ч аж ахуй нэгж байгууллагын байранд хэнбугай ч тамхи татах ёсгүй. Нисэх онгоц, галт тэргэнд тамхины хөх утаа суунаглуулахын ч аргагүй, хуулиар хориод өгчээ. Мөн тамхи татахыг хориглосон обьектуудын нэгээр нийтийн хоолны газрыг тусгайлан нэр заан оруулжээ. Хүүхэд бужигнасан сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадна, дотно гээд ер нь хаана нь ч тамхи татаж болохгүй. Тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн дээр нь нэмэгдэж байгааг санах хэрэгтэй. Тамхичдын “орогнодог” газар болох байшингийн орц хонгил, булан тохойд ч тамхины утаа харагдахгүй байх ёстой. Айл өрх, албан байгууллагын цахилгаан шатанд тамхи зуусан хүн үзэгдвэл шууд торгуулна.
Эдгээр газруудад тамхи татахыг хориглосон байгаа юм. Тэгэхээр тамхи татагчдад гэрээсээ өөр тамхи татах боломжтой газар бараг үлдсэнгүй бололтой. Үнэхээр хууль нь ягштал биелбэл хэрээс хэтэрчихээд байгаа тамхидалт багасна. Дам тамхидалтад өртөж явдаг хүмүүсийн эрүүл мэнд ч аврагдах сайн талтай. Тамхины хэрэглээнд хатуу хяналт тавих хууль нэгэнт гарчихсан учраас албан байгууллага бүхэн дотоод журамдаа үүний дагуу зохицуулалт хийх ёстой болж байна. Удахгүй тамхи татахыг хориглосон газруудад хорио цээрийг анхааруулсан тэмдгийг завсар зайгүй нааж эхлэх нь бололтой.
Зөвхөн тамхины хэрэглээг хязгаарлаад өнгөрөхгүй түүний худалдаанд хатуу хяналт тавьж байгаагаараа энэ хууль онцлог юм билээ. Тухайлбал, интернэтээр тамхи худалдахыг хориглосон байна. Дунд сургууль болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхины худалдаа эрхлэхгүй нь. Нэгэнт тамхи худалдаалах эрхээ авчихсан хүмүүст маш өндөр шаардлага тавина. Тэд насанд хүрээгүй хүүхдүүдэд ямар ч тохиолдолд тамхи худалдаж болохгүй. Тухайн худалдан авагчийнхаа насанд хүрсэн эсэхийг мэдэхийн тулд заавал иргэний үнэмлэхийг нь үзэх ёстой. Үүний дараа наймаа хийх эсэхээ шийднэ. Хэрэв худалдан авагч бичиг баримтаа үзүүлэхээс татгалзвал түүнд тамхи худалдах шаардлагагүй гэсэн үг. Үүнийг зөрчсөн худалдаа эрхлэгч 3.5 саяас долоон сая хүртэлх төгрөгөөр торгуулна. Тамхийг худалдахдаа олны өмнө ил тод дэлгэж, анхаарал татахгүй. Аль болох нууц байдлаар наймаагаа эрхлэх хэрэгтэй болж байгаа юм байна. Тамхитай төстэй чихэр, тоглоом, бэлэг дурсгал гээд далд сурталчилгааг өөгшүүлсэн ямар ч бүтээгдэхүүн худалдаж, сурталчилж болохгүй. Тэрч бүү хэл урлаг спорт, улс төрийн гээд олны танил алдартнууд телевизийн элдэв нэвтрүүлэгт орохдоо тамхи татвал хууль зөрчинө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тамхи зуусан зургаа хэвлүүлэх эрхгүй. Кино, жүжиг, клипэнд тамхи татаж буй үзэгдэл гарах ёсгүй. Урлаг, спортын уралдаан тэмцээнд тамхи сурталчилсан ямар нэгэн арга хэмжээ огтхон ч болох ёсгүй. Гудамжны самбар, зурагт хуудсанд тамхийг биетээр сурталчлах нь бүр ч хориотой.
Энэ хуулийн аль ч заалтыг зөрчсөн иргэн 50 мянган төгрөгийн торгуультай. Албан тушаалтнууд 1.4-5 сая хүртэлх төгрөгийн торгууль төлнө. Харин хуулийн этгээд, аж ахуй нэгж болоод ирвэл торгуулийн хэмжээ нь нэмэгдэж долоон сая төгрөгт хүрч байна. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг, эх нь хариуцлага хүлээж 50 мянган төгрөгийн торгууль төлөх юм байна.
Я.Мөнгөн
URL: