Та алгадуулахын тулд 350 америк доллар төлөх үү?
Тайландын гоо сайхны хөгшрөлтийн эсрэг эмчилгээнд бариа засалч үрчлээг арилгахын тулд үйлчлүүлэгчийнхээ нүүр рүү алгаараа цохидог байна. Эндхийн байгалийн гаралтай эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн гоо сайханч цагийн зүүг буцааж эргүүлэхийн тулд зүгээр л “нүүр рүү нь алгаддаг” гэнэ. Нүүр алгадах гоо сайхны чиглэлээр Тайланд улсад суралцсан Тата Сомбунтам өөрийгөө баруун тал бөмбөрцөг дээрх анхных нь нүүр алгадагч гэдгээ олонд зарлаж, Сан Франциско дахь өөрийн салонаар 15 минут үйлчлүүлэхэд 350 америк доллар төлбөрт нь авдаг гэжээ.
Эй Би Си телевизийн мэдээлснээр одоогоор алгадалт нь хөгшрөлт, үрчлээннй эсрэг үйлчилж байгааг баталсан эмнэлгийн баталгаа байхгүй ч цохилт өгснөөрөө цусны эргэлтийг сайжруулж, эрүүл улайлтыг авчирдаг гэж үздэг байна. Харин Тата болон түүний салоны хамтран эзэмшигч нөхөр Маваны хэлж байгаагаар үр дүн нь даруй мэдэгддэг гэнэ.
Массажны газраа нээгээд удаагүй байгаа Тата нээлтийнхээ үеэр “Энэ үнэхээр дэмий хоосон үг биш, ноцтой гэж хэлж болохоор үнэн” хэмээн хэлжээ. ЭйБиСи телевизийн “Сайн байна уу Америк” нэвтрүүлэг Пенни Темрлтоны студид жүжиглэлтийн багш хийдэг Ханк Шобобс “350 америк доллар төлөөд гэрийн нөхцөлд аюулгүй хийлгэж болох уу” гэсэн асуултанд тэрээр, “Энэ бол маш энгийн.
Хамгийн гол нь ямар ч үнэт эдлэл зүүх ёсгүй, тохой бугуйгаа бүрэн суллаж амарсан байх явдал юм. Яг тэр үед чинь хуруунуудаа нийлүүлээд алгаа тосч байгаа мэт болгоод хамаг хүчээрээ яг энд цохих болно” хэмээн хацар руугаа заажээ. Тэр мөн “Өөртөө юу ч хамаагүй хийхийг зөвшөөрч бай, бүү ай” хэмээн түүнд нэмж хэлжээ.
Яг ийм аргаар Тайландад мөн “бөгс цохиж” чангаруулах, “хөх алгадаж” цээжний хэмжээг нь томруулдаг байна.
Эртний энэ мэргэн ухааныг өөрийн мэргэжил болгосон 44 настай Хюнинг Тобном Бангкокийн зах зээл дээр маш их эрэлт хэрэгцээтэй байдаг гэнэ. Тэр Бангкок Пост сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эртний хүмүүс энэ аргыг нэг их хуваалцдаггүй байсан нь тэр үеийн хүмүүс цээжнийхээ хэмжээнд нэг их санаа зовдоггүй байсантай холбоотой” гэжээ. Түүний тайлбарласнаар алгадах нь үнэхээр өгөөжөө өгдөг байна.
Учир нь цохилтоос болоод нэг газар овоорсон байсан өөх тарах юм уу цохилтын чиглэл дагуу нэг газар хуримтлагдсанаар хөх зэрэг чээжний тодорхой хэсгийг томруулдаг байна. Хюнинг Тобномын энэ эмчилгээний аргын үр дүнтэй байдалд эргэлзэж байгаа хүмүүст зориулан Тайландын Засгийн газраас гаргасан баталгааг танилцуулсан байна.
Тайлавдын Эрүүл мэндийн яамны зохион байгуулсан Индепендент судалгаагаар уг уламжлалт эмчилгээгээр эмчлүүлсэн хэсэг сайн дурын эмчлүүлэгчид дээр хийсэн ажиглалт, туршилтаар ихэнх бүсгүйчүүдийн цээжний хэмжээ мэдэгдэхүйцээр томорчээ. Тус эрүүл мэндийн яам уг алгадах эмчилгээг хараад өөрийн бие дээр дуурайн хийснээр мэс засал хийлгэхээс зайлсхийгчдэд зориулсан хөтөлбөрийг хүртэл ивээн тэтгэсэн байна.
Хюнинг Тобномын хэлснээр үйлчлүүлэгч алгадалтын курс эмчилгээг дууссаны дараа цээжнийхээ тойрог 5-6 сантиметрээр томорсон байжээ. Тэрээр Тайландын сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв таны цээжний тойрог 71 сантиметр байлаа гэж бодоход бид эмчилгээ эхлэхээс өмнө үүнийг хэмжээд, тусгай цаасан дээр тэмдэглээд, таны гарын үсгийг авах болно.
Харин эмчилгээний дараа таны цээжний тойрог 76 сантиметр болсон бол бид мөн л үүнийг тэмдэглэж аваад таны гарын үсгийг дахин зуруулах болно” хэмээжээ. Үнэхээр гайхамшигтай сонсогдож байгаа биз, гэхдээ харамсалтай нь шинжлэх ухааны үүднээс энэ нь батлагдаагүй байгаа юм. Тэд заримдаа эмчилгээ хийхээс татгалздаг байна, учир нь зарим тохиолдолд томруулах ч аргагүй жижигхэн цээжтэй хүмүүс ирдэг гэнэ.
Хэдийгээр энэ эмчилгээ мэс заслаас зайлсхийх боломж олгодог ч өвдөлтөөс гадуур байж чадахгүй юм. Нэгэн үйлчлүүлэгч эмчилгээ хийлгэсний дараа маш ихээр хорсож өвддөг ч ямар нэгэн золиослолгүйгээр гоо үзэсгэлэн ирэх биш гээд тэвчиж өнгөрөөдөг гэжээ. Түүний үзэж байгаагаар бол энэ нь мэс ажилбар хийлгэх шаардлагагүй, аюулгүй байдаг байна.
Л.Буянаа
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: