Дагуур Монголын Жамцын хүү буюу “Оодогийн чоно”
Дагуур Жамц Хорлоогийнд орж суув
Цаг цагийн аяст сайн, муу янз бүрээр дуудуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн хувийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч олондоо хүргэе гэж бодлоо. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл, Чойбалсангийн эх Хорлоо нь хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Хамгийн том хүү Шарав нь 1885 онд төрөөд 1946 онд Улаанбаатар хотноо нас нөгчжээ. Түүний дараа нь охин Нэрэн нь 1887 онд төрөөд 1944 онд хотод нас баржээ.
Тэднийг нийслэлийн Улиастайн амны адагт хөдөөлүүлж чулуун хөшөө босгожээ. Гурав дахь хүүхэд нь нялхдаа эндсэн байна. Харин дөрөв дэх отгон хүү нь аргын тооллын 1885 онд буюу, билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Хэрлэн цагаан талбай хэмээх газар төрсөн нь Чойбалсан ажээ. Маршал Чойбалсанг эцэггүй бутач хүүхэд байсан гэж ярьцгаадаг.
Гэвч түүний эцэг нь хэн болох нь нэгэнт тогтоогджээ. Энэ талаар түүхийн ухааны доктор Бат-Очир судалгааны бүтээлдээ: “Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс хэдэн жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байжээ. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаа “цагаачин, тэнүүлчин оргонов” хэмээн түүнийг хавчиж гадуурхан нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Жамц арга буюу тэндээс буруулан зайлж өөрийн тахиж шүтдэг Турагтай уулнаа очиж ан гөрөө хийж ганц биеэр амьдрах болсон байна.
Чойбалсан: Бодоход миний эцэг тэр биз
Гэвч Хорлоо сэтгэл төвдсөнгүй Жамцын хойноос Турагтай уулыг зорин нүүж очоод хоёул нийлэн амьдарсан гэдэг. Удалгүй эв эвдэрч эцэстээ салж сарнихад хүрсэн гэнэ. Чингэхэд Жамц хэлжээ: “Чи хүүхэд олж жирэмсэн болов бололтой. Яг энэ буурин дээр бие шалтгаантай болсон хэрэг. Чиний төрүүлэх үр энэ уулын өлгийд, эхийн хэвлийд олдов.
Чингэхээр эх үр бид гурвын төлөө энд даатгал хийж, шав бумба байгуулъя” хэмээн таван өнгийн том чулуугаар тэмдэг тавьж газрыг сайтар тогтоож нүдэлсэн аж. Хоёр тийшээ салахдаа Хорлоо “Үүнээс хойш чамтай дахин уулзахгүй, царай царайгаа харахгүй” гэж андгай тангараг тавьсан гэдэг юм. Хорлоо отогтоо буцаж ирээд үрээ төрүүлж нярайлахын цагт тулах түших ханьгүй их ядарч зовжээ. Нөгөө Жамц эл учрыг дуулаад нэг өдөр гэнэт хүрээд иржээ.
Хорлоог өргөж тойлж, асарч энэрч байж хүүгээ амар мэнд торүүлжээ” гэжээ. Чойбалсангийн эцэг Жамц хүүдээ Дугар гэж нэр хайрлахыг ламаас хүсэхэд тэрээр зөвшөөрчээ. Жамц ч яваад өгч, тэд дахиад уулзаагүй байна. Тэр үед нутгийнхны нь дунд нэгэн дуу гарчээ.
Дагуур гаралтай Жамц нь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Дассан сэтгэлээ татна уу даа
гэсэн дууны бадаг байдаг нь олон түмэнд түгэн үлджээ. Дээрх шүлэгт “Сэтгэлээ татах болсон шүү” гэдгийг шүлгийн толгой холбох ёсыг бодож “Дассан сэтгэлээ татна уу даа” гэж өөрчилснийг өршөөнө үү. Хорлоо Жамцын хойноос байнга сэмхэн санаа тавьж түүнийг нас барсан, хаана хөдөөлүүлснийг мэдэж авчээ. Тэрээр нэгэн удаа Хонхор хужир гэдэг газар хүү Дугарыг (Чойбалсан) дагуулан очоод хүүгээрээ хадаг дэвсүүлж, зул асаан, арц уугиулан, уйлан хайлж байжээ.
Гэвч энэ явдлыг эх нь хүүдээ хэлж тайлбарлаагүйгээс Чойбалсан өөрийгөө бутач гэж бодсоор иржээ. Чойбалсан бүр сүүлд 1942 онд бичсэн өөрийн намтартаа:
“…Би эцгийг мэдэхгүй бөгөөд таних ч үгүй болой. Орос ёсоор хэлбэл би эмэгтэй ард Хорлоогоос хууль бусаар төрсөн хүү мөн болой. Миний эх бол өөрийн ах дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна” гэж бичжээ.
Тэрээр “Миний эх намайг бөгөөд нэгэн хүүрийн газар хүндэтгэл хийлгэж өөрөө их уйлж байсан билээ. Бодоход миний эцэг тэр биз ээ” гэж гэргий Гүндэгмаадаа хожим ярьж байсан гэдэг. Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд түр үрчлүүлж гурван нас хүрмэгц буцаан авч, төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Дугарыг долоон настайгаас нь түвд ном үзүүлж, есөн настайд нь нийслэл хүрээнээ дагуулан ирж Богдод мөргүүлсэн байна.
Чойбалсан багадаа их дүрсгүй хүүхэд байсан тул “Оодогийн чоно” хэмээх хочтой явжээ. Тэрээр хийдэд хүргэгдэж, тэнд сахил санваар хүртэж Чойбалсан нэртэй болжээ. Цэл залуу Чойбалсан хүрээний ганган хүүхнүүдийн нэг Бортолгойтой танилцан гэр бүл болжээ. Хууччуудийн ярианаас сонсоход Чойбалсан нь Бортолгойгийн гэрт орж суужээ. Бортолгой нь одоогийн Төв аймгийн нутагт хөдөө аж төрж байгаад хүрээнд ирж суурьшсан байна.
Тэрээр үйлд сайн, угийн уран хүн тул Богд гэгээний оёдолчны ажилд орж муугүй амьдарч байжээ. Бортолгой нь өөрөө их шүтлэгтэй хүн байсан тул гэрийнхээ ханаар дүүрэн бурхан ном ордог байжээ. Чойбалсангийн өөрийн бичсэнээр “Бид хоёр халуун эв найрамдалтайгаар хоёр биед хань нөхөр бололцон амьдарч хүмүүжиж явсан нь үнэхээр учир ялгавартай холбоо бүхий байсан” гэжээ.
Чойбалсан 1929 оны нэгдүгээр сард, хувийн хашаа байшингаа намын санд сайн дураар хандивлан, түүний шан харамжаар бусдад тавьсан өрөө төлж, өөрөө албаны орон сууцанд суух тухай Намын төв хороонд өргөдөл гаргаж байжээ. Энэ үед Чойбалсан жүжигчин хүүхэн Дэвээтэй эр эмийн холбоотой болжээ. Тэр үед Чойбалсан нам төрийн өндөр алба, хашаагүй сэтгэл санааны гутралтай, хааяа ууж татахаас ч буцахгүй хэцүү үе байсан гэдэг.
Дээрх явдлыг эхнэр Бортолгой мэдсэн ч Чойбалсан хаяж орхиж явсангүй. Чойбалсан хэдийгээр болохгүй бүтэхгүй явдал гаргасан ч Бортолгойн үгнээс гаждаггүй байсан аж.
Дулам даханг зүгээр өнгөрөөжээ
“Шинэ эргэлтийн бодлого” ид эрчээ авч байсан 1935 онд Ерөнхий сайд Гэндэнгийн санал, Сталины зөвшөөрснөөр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоны дараа Бортолгойгоос албан ёсоор салж, өрх тусгаарлажээ. Гэр бүл салахыг Чойбалсан биш. Бортолгой өөрөө санаачилсан гэдэг юм. Бортолгой хэлэхдээ “Чойбалсан чи бол нам төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн.
Над мэтийн шашин мөргөлд автагдсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд нь сэтгэлийн зовлон, Би чамайг нэг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай танилцуулсан гэдэг. 1935 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны тавдугаар хорины захиргаанд гаргасан Чойбалсангийн гурван өргөдөл одоо улсын архивт байна.
Тэрхүү өргөдөлд “эр эм болж 14 жилийн нүүр үзсэн Бортолгойгоос бүр мөсөн тусгаарлан салж, аж төрөхөөр санал нийлэлцсэн” гэсэн байна. Чойбалсан өргөдөлдөө “Миний бие чадал бүхий цагт түүний биеийг (Бортолгойг) хэзээ ч харж харгалзах ба тусалж тэтгэж явахаа” илэрхийлсэн байна Чойбалсан хэдийгээр өрх тусгаарласан ч Бортолгойг насан эцэс болтол ямагт харж хандаж явжээ.
Чойбалсан салахдаа, өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр буу зэвсгээ аваад, үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг Бортолгойд өгчээ. Үүний зэрэгцээ хот хөдөө явахад буюу өөрийн хөрөнгө болгож эдэлж хэрэглэхэд нь зориулж “ГАЗ” маркийн суудлын машин нэгийг өмч болгон өгсөн байна. Энэ бүхнийг нотлох баримтыг гурван хувь болгосны нэгийг Улаанбаатар хотын захиргаанд явуулж хадгалуулжээ.
Бортолгойд “Газ” маркийг машин хувьд нь өгчээ
Бортолгой одоогийн “Ногоон нуур”-ын баруун өмнө Хятадын долоо, найман гудамжны хавьд суудаг байжээ. Чойбалсан Бортолгойг байнга эргэж бэлэг сэлттэй очихын зэрэгцээ өөрийн бие хамгаалагч болон таних хүмүүсээр дамжуулан “Маршалын хувийн фонд”-оос эд мөнгө явуулдаг байжээ. Бортолгой нь Чойбалсангаас салаад Дулам Дахан хэмээх түвд хүнтэй ханилсан байна.
Хэлмэгдүүлэлтийн үед Монголд байсан түвдүүд бараг бүгд баригдахад Дулам Дахан зүгээр өнгөрсөн гэдэг. Мөн Бортолгойг өвдөөд бие нь муу байхад Эрхүү хотоос тусгай эмч дуудуулан үзүүлж байжээ. Чойбалсан хуучин эхнэрийнхээ танилцуулсан Гүндэгмаатай 1935 онд гэр бүл болсон байна. Гүндэгмаатай гэр бүл болсны дараа түүний ажил амьдрал нь их л өөдрөг явж иржээ.
1935 онд БНМАУ- ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар томилогдсоны дараа Улсын маршал (өрлөг жанжин) цолоор шагнагдаж, 1936 онд шинээр байгуулагдсан Дотоод явдлын яамны сайд, мөн Гадаад явдлын яамны сайд, 1937 онд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 онд БНМАУ-ын сайд нарийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогджээ. Чойбалсан сууж байсан болон хоёр дахь эхнэрийн алинаас нь ч өөрийн гэх хүүхэдгүй байв. Харин Гүндэгмаатай суугаад хүү Нэргүй, дараа нь охин Сувдыг өргөж авсан байна.
Ханд: Маршал шар будаатай хярамцаг хүртэл иддэг байсан
Чойбалсан орос, монгол тогоочтой тэднээр бүхэл мах чануулж идэх дуртай, хутга барихдаа солгой, шампани дарс уудаг байжээ. Маршалын байрны цэвэрлэгч Ханд өгүүлэхдээ: “Тэрээр хөдөлж аяглахаас эхлээд хоол унд нь хүртэл жирийн биднийхтэй адил их энгийн ер нь хуучны хүн. Сүүтэй цайнд дуртай, ааруул, ээзгий цайнд хийж ууна. Шар будаатай хярамцаг хүртэл иднэ. Ясыг жигтэйхэн сайхан мөлжинө.
Нэг өдөр гал тогоонд орж ирлээ. Хэн нь ч юм нэг чөмөгний яс дутуухан мөлжөөд зуухны тосгуур руу хаяж орхиж. Түүнийг хараад “Үгүй та минь үүнийг хараач. Хэн нь ингэж цамаан загнадаг байна аа. Монгол Улс малаа 200 сая болгоно гэж байдаг. Гэтэл Маршалынх хог дээрээ мөлжүүртэй чөмөгний яс хаяж байдаг. Ядаж чөмгийг нь ташиж иддэг байгаа даа. Хүн амьтан харвал юу гэх билээ” гэж бүр үнэн сэтгэлээсээ дургүйцэж байсныг мартдаггүй юм” гэжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: