Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг “сэтэрлээд” үлдэх үү?

Монгол бөхийн ёс жудаг алдагдаж хэн дуртай нь зодог, шуудаг өмсч зүлэг ногоон дэвжээг “бузарладаг” болж. Эрт дээр үеэс хүү төрвөл “бөх болно” хэмээн билэгшээдэг байсан цаг ард үлджээ. Хүч чадал байлаа ч хөрөнгө мөнгөгүй нэгэн бөх болно гээд мөрөөдөөд ч нэмэргүй. “Найраа” гэдэг үг наадамд орж ирсэн цагаас бөхчүүдийн дэг жаяг алдагдаж хөрөнгөтэй нэгний өмнө хөл алдан унах болсон нь нууц биш.

 

Сүүлийн жилүүдэд бөхчүүдтэй холбоотой саар мэдээлэл хэвлэлийн хуудсанд бичигдэж бөхийн хорхойтнуудыг гонсойлгох болсон. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг дээ. Татдаг өвснөөс эхлээд танхай, хээл хахууль гээд хүний санаанд оромгүй хэрэгт хүчтэнгүүд маань нэр холбогдож бөхийн дэвжээг буртаглаж байна. Энэ бүгдтэй зэрэгцээд сэргээшийн хэрэг сөхөгдөв.

 

Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдээс жилийн жилд сэргээшийн шинжилгээ авдаг. Жилдээ хоёр, гурав, дөрөв гээд сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүд илчлэгдэж цол, тэмдгээ “хураалгадаг”. Өнгөрсөн жилийн наадмаар хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэгдэж байсан. Тэгвэл энэ жил дахиад л хоёр бөх сэргээштэй холбогдож нэрээ гутаав. Шинжилгээний хариугаар сэргээш хэрэглэсэн эсэх нь батлагдвал олон нийтэд зарладаг журамтай.

 

Гэтэл эцсийн хариугаар сэргээш болох нь тогтоогдсон хэмээн Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарыг эх сурвалжууд зарлачихлаа. Итгэхэд бэрх ч итгэхээс өөр арга байсангүй. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар Х.Мөнхбаатар тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан ч наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсныг түмэн гэрчилнэ.

 

Харин Б.Сугаржаргал дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг давж, тавын даваанд Б.Соронзонболдоор начны болзол хангасан “түүхтэй”. Нэр дурьдагдсан бөхчүүд сэргээш хэрэглэсэн эсэхээ нуув уу, эсвэл … гэсэн эргэлзээ төрөөд болдоггүй ээ. Үнэхээр л сэргээш хэрэглэснийг нь нотлочихсон юм бол дүрмийн дагуу бөхийн цол, чимгийг хураамаар.

 

Гэтэл наадмаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрчихөөд байхад хэн нь ч хариу мэдэгдэл хийсэнгүй. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэлтэй. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол, чимгийг хураах цаашлаад Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт бий.

 

Гэвч сэргээштэй нэр холбогдсон бөхчүүд өнөөдрийг болтол тэмцээн уралдаанд оролцож барилдсаар явна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өнөөх сурсан зан дадсан аргаараа сэргээшийн дуулиан чимээгүй болохыг хүлээгээд байгаа хэрэг үү.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих