Суудал нь өнцөгдсөн Ц.Оюунбаатар
Татварын Ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатарыг Баясгалан хэмээгч усан Луу жил ивээхгүй нь бололтой. Хэнээс ч хараат бус хүний эрхийн хуульчийнхаа хувьд Монголдоо толгой цохих түүнтэй 2003 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулийн талаар мэтгэлцэж чадах хуульч цөөхөн гэж яригдах нь ч бий. Тэрбээр өнөөдөртөө Нам бусчуудын холбоонд данстай яваа ч тэртээх 1986 онд элссэн МАХН-ынхаа батлахыг нандигнан хадгалсаар л яваа нэгэн. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад бичигдсэн эрэмбээрээ УИХ-д суух болзлоо биелүүлж, эрхэм гишүүний “түр үнэмлэх”-ээ гардаж явсан хийморьтойхон цаг үе нь түүх болж магадгүй нь ээ. “МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг нэг тийш шийдэгдтэл УИХ-ын гишүүний тангараг өргөхгүй” гэсэн мэдэгдэл нь хожмын өдөр улстөрчийнх нь замналд бул хар чулуу болон хөндөлсөх юм гэж тооцоолоогүй нь тодорхой.
Хүний эрхийн хуульчийн хувьд эр хүний жудагтай зан гаргаж, улстөрчийн ёс зүйг баримталсан нь Ц.Оюунбаатарыг ийм байдалд хүргэлээ гэх хүн МАХН-ын гишүүдээс аваад УИХ-ын эрхэм гишүүдийн дунд ч олон байгаа ажээ. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн шахалтаар Улсын Дээд шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярт өршөөл үзүүлэх нь тодорхой боллоо гэх яриа, таамаг олны дунд хүчтэй явагдаж байгаа. Улстөрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд үзвэл энэ яриа тийм ч оргүй хоосон биш нь ойлгогдохоор үйл явдлууд ар араасаа цуварч байна.
Тэгээд ч олон эрх ашгийн нэгдэл дээр арайхийн тогтож байгаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг аварч үлдэх найдвартай гаргалгаа нь Н.Энхбаярт өршөөл үзүүлснээр илрэхийг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал ингэж өрнөвөл хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар энэ удаа улстөрийн тоглоомын гадна үлдэж, 2016 оны УИХ-ын сонгуулийг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ.
Нэгэнтээ 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаад үзчихсэн Ц.Оюунбаатарын хувьд батлахыг нь хадгалсаар яваа намын дарга Н.Энхбаяртаа зайгаа тавьж өгснөөр хожмын өдрийн тохиролцоо явагдаж л таарна.
Энэ удаагийн УИХ-ын чуулганы нээлт бүр дээр тангаргаа өргөчих болов уу гэсээр өнөөдрийг хүртэл горьдлого нь тасраагүй яваа хуульч Ц.Оюунбаатарын хувьд аз ивээхгүй нь бололтой. Гэхдээ эр хүний замын хүзүү урт гэж нэг үг бий. Бас бага чулуугаар их чулуу доргиох нь ч байдаг. Ц.Оюунбаатарын хувьд асуудал хаашаа ч эргэж мэдэхээр болчихлоо. Улстөр гэдэг ч аргагүй л хатуухан боорцог юм даа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: