Х.Батсайхан: Улс төрийн нам, эвслүүд МОХ-ноос гар хөлөө татаач

Монголын оюутны ээлжит 12 дугаар чуулган энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж шинэ удирдлагаа сонгосон юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, коллежийн оюутан суралцагсдын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах шинэ удирдлагыг сонгох тус чуулганд 300-гаад оюутан залуус оролдсон бөгөөд “хаан” суудлын төлөөх дайн өрнөж хэрүүл тэмцлийн хурал болсон гэхэд болно.

 

Чуулганы үеэр оюутнуудын дунд эмх замбараагүй байдал үүсч чуулган үргэлжлэх боломжгүй болсон учраас эхний өдөр удирдлагаа сонгож чадалгүй тарж, маргааш нь чуулган үргэлжилж үдшийн 21 цагт шинэ удирдлагууд сонгогджээ. Хоёр жил тутам хуралдаж шинэ удирдлагаа сонгодог жишгийн дагуу хуралдсан уг чуулганы үеэр хурлын гадна талд үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн олон оюутан залуус “МОХ улс төрийн утсан хүүхэлдэй болсон.

 

Энэ удаад сонгогдох гэж байгаа нөхдүүд ч мөн адил байна. Бид 170 мянга гаруй оюутан залуусын төлөөллөө сонгох гэж байгаа учраас улс төрийн нам хүчний удирдлагын дор дахин баймааргүй байна” гэж мэдэгдэж байсан юм. Харин оюутны чуулганы үеэр үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн өөр хэсэг төлөөлөл хэлэхдээ “МОХ-ны шинэ удирдлагыг сонгох энэ удаагийн чуулган илт цөөнхийн эрх ашгийн хуралдаан болж байна.

 

МОХ-ны удирдлагад цус сэлбэх цаг нь болсон. Гэтэл шинээр сонгогдох гэж байгаа этгээдүүд бусдадаа боломж олгохгүй байна. Шинэ удирдлагаар хэн гэж хүн томилогдох нь аль хэдийнэ тодорхой болсон. Цөөхөн хэдэн олигарх нөхдүүд ээлжлэн бие биенээ сонгодог жишгийг бид эсэргүүцэж байна. Уг чуулганаас шинэчлэл харагдахгүй байна. Ийм байхад Монголын оюутан залуусын эрх ашиг дуу хоолой нийгэмд хэзээ ч хүрэхгүй” хэмээн хатуу байр суурьтай байв.

 

Эсэргүүцлээ илэрхийлж байсан оюутнуудын зарим нь Оюутны холбооны шинэ удирлагад нэр дэвших эрх хүссэн ч түүнийг нь үл хайхарсан талаар ч мэдэгдэж байлаа. Ямартай ч хэл ам хэрүүл тэмцэлтэйгээр 48 цагийн турш хуралдсан МОХ-ны удирлагаа сонгох 12 дугаар чуулган шинэ даргаа сонгосон бөгөөд МОХ-ны ерөнхийлөгчөөр БШУЯ-д ажиллаж байсан Х.Батсайхан сонгогдсон юм.

 

Харин дэд ерөнхийлөгчөөр МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Н.Бямбагэрэл томилогджээ. Өнгөрсөн хугацаанд МОХ-ны ерөнхийлөгч хэн гэж хүн байдгийг захын нэг оюутнаас асуухад хэн нь ч мэддэггүй байсан. Харин “Монгол хүн л юм бол” гэх нэртэй оюутны холбоо байгуулагдаж нууцлагдмал ерөнхийлөгчийнхөө нууцыг дэлгэж, оюутнуудыг “утсан хүүхэлдэй мэт удирддаг талаар мэдэгдэж байсан юм. Харин энэ удаагийн ерөнхийлөгч ил тодоор сонгогдсон гэх боловч оюутнуудын байр суурь эсрэг байгаа юм.

 

Тиймээс энэ талаар МОХ-ны шинэ ерөнхийлөгч Х.Батсайханаас хариулт авсан юм.

-Монголын оюутны ээлжит 12 дугаар чуулганыг тойрсон асуудлын талаар тайлбар өгөхгүй юу. Энэ үеэр үүссэн эмх замбараагүй байдал болоод удирдлагаа хэрхэн сонгосон талаар?

-МОХ нь Монголын нийт оюутан залуусын нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалагч төрийн бус, оюутны төв байгууллага. Тиймээс улс төрийн байгууллагаас ангид, хараат бус ажиллах үндсэн чиг үүргийнхээ дагуу 12 дугаар чуулганыг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хариуцлага тооцох болно гэдгийг энд хэлмээр
байна.

 

Монголын оюутны 12 дугаар чуулганы үеэр чуулганд оролцох мандатгүй, улс төрийн намын харьяалал бүхий хэсэг бүлэг залуучууд хүч хэрэглэн чуулганы үйл ажиллагаанд ноцтойгоор саад учруулсан. Энэ үйлдэл Монголын оюутны чуулганы төлөөлөгчийн бүрэн эрхтэйгээр чуулганд оролцож байсан 277 төлөөлөгчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж бид үзэж байгаа.

 

МАН, МАХН, АН, Консерватив намын удирдлагууд ХААИС, МУБИС-ийн хичээлдээ сууж байсан тодорхой оюутнуудыг автобусаар зөөн хоол идүүлье гэсэн нэрийдлээр хичээлээс нь чөлөөлөн оюутны 13 дугаар чуулганыг бусниулах үйл ажиллагаа явуулсан. Бид үүнд оюутнуудыг буруутгах гээгүй цаанаас нь намуудын явуулгаар зохион байгуулалттайгаар хичээлээ хийгээд сууж байсан оюутнуудыг хичээлээс нь чөлөөлөн чуулганы үйл ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн сургуулийн захирлууд үүний цаана байна. Тэдгээр сургуулийн захирлуудад хариуцлага тооцуулах болно.

-Бусад оюутнуудын сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл цөөнхийн хэсэг бүлэг хүмүүс нэг нэгнээ ээлжлэн сонгодог болсон гэж үзэх оюутнууд байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Монголын оюутны ээлжит 12 дугаар чуулган нам эвслийн гар хөл болсон нөхдүүдийн шахалт дарамтан дунд болж өнгөрсөн. Тиймээс уг чуулган 48 цагийн турш хуралдсан. Үүний эцэст удирдлагаа олонхын саналын дагуу гаргасан. Миний хувьд уг чуулганыг ардчилсан, хамгийн нээлттэй чуулган болсон гэж бодож байгаа. Үнэхээр эр зоригтой шударга ёсыг эрхэмлэсэн оюутан залуусаар ирцийг бүрдүүлж шийдвэрээ гаргасан.

-МОХ-ын шинэ удирдлагууд цаашид оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутны хөгжилд зориулан хийх ажлуудаасаа дурдвал?

-Оюутны холбооны шинэ бүрэлдэхүүн цаашдаа олон зүйлийг хийхээр төлөвлөж байна. Хамгийн эхний асуудал бол их дээд сургуулиудад нүүрлэсэн хандивын ангийг таслан зогсоохын төлөө ажиллана. Өнөөдөр их дээд сургуульд оюутан оюунаараа элсдэг байх учиртай. Тиймээс оюутныг элсүүлэх журмыг зөв шалгуураар авах нь хамгийн чухал.

 

Тиймээс бид оюутныг зөв шалгуураар элсүүлдэг байх шаардлагыг их дээд сургуулиудын удирдлагуудад тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар бүх их дээд сургуульд хандивын анги цэцэглэн хөгжсөн байна. Мөн орон нутагт суралцаж буй оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахыг зорьж байгаа. Улаанбаатар хотод оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах тал дээр мөн анхаарах болно.

-МОХ-д эргэлдэж байдаг санхүү хаагуураа юунд зарцуулагдаад байна гэдэг нь нээлттэй бус байдаг. Үүнийг нээлттэй болгох шаардлагатай гэж оюутнууд үзэж байгаа?

-Би өөрөө өмнө нь МОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Төсөв санхүүг нээлттэй болгох тал дээр тодорхой ажлуудыг хийнэ. Бид cap бүрийнхээ санхүүгийн тайланг МОХ-ны веб сайтууд, МОХ-ны сонин сэтгүүлүүдэд нээлттэй тавих болно. Өдөр тутмын сонин хэвлэлүүдээр ч гэсэн нийтэлнэ. Оюутнуудын мөнгийг МОХ аваад эргэлдүүлээд байгаа юм биш.

Оюутнуудад зориулагдсан мөнгийг бид эргээгээд оюутнуудад л зарцуулдаг. Тиймээс үүнийг нуугаад байх шаардлага байхгүй. Чуулганы төлөөлөгчид надад тавьж байгаа гол шалгуур бол олон нийтийн ажлаа олон нийтэд мэдээлээрэй гэсэн үүргийг хэлсэн. Миний хувьд үүний дагуу ажиллана.

-Өөрөө өмнө нь хаана ямар ажил эрхэлдэг байсан бэ? Ямар шалгуураар МОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон бэ?

-Би БШУЯ-д их дээд сургуулийн чанарын мэргэжилтнээр ажиллаж байсан. 10 дугаар сарын дөрвөнд өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа татгалзаад гарсан байгаа. Ингээд өнгөрсөн 27-ны чуулганаар МОХ-ны ерөнхийлөгч гэсэн албан тушаалд томилогдоод байна.

Миний өмнө нь хариуцаж байсан ажил ч тэр их дээд сургуулийн чанартай холбоотой асуудал байсан учраас дээд боловсролын чанарыг эрхэмлэх, чанартай оюутнууд төгсөж гараад ажлын байран дээрээ гологддоггүй байх чиглэлээр өөрийнхөө сурсан туршлага, өмнө нь оюутны холбоонд ажиллаж байсан туршлагаараа бүрэн ажиллана.

-МОХ-ны ерөнхийлөгч оюутан байх ёстой гэсэн шалгуур байдаг гэсэн?

-Ер нь бол МОХ-ны дүрмээр бол МОХ-ны ерөнхийлөгч нь оюутан биш байж болно гэсэн заалт байдаг. Тиймээс дүрмийнхээ дагуу сонгогдсон. МОХ-ны ерөнхийлөгчид нийтдээ 10 гаруй хүн өрсөлдсөн. Үүнээс санал хураалтанд хоёр хүн үлдсэн. Үлдсэн хоёр хүнээс олонхын саналаар миний бие энэ албан тушаалыг авсан. Энэ бүх зүйл нээлттэй болсон. ХМХ-үүд ч гаднаас ирж сурвалжилсан.

Би нийт оюутнууддаа уриалмаар байна. Юу вэ гэхээр, нийгмийнхээ сайн сайхны төлөө эв санаа нэгтэйгээр ажиллахыг. Түүнээс биш хэн нэгэн мөнгөтэй этгээдийн өдөөн хатгалгаар аль нэгэн намын харьяаллаас татгалзмаар байна.

-Эсэргүүцлээ илэрхийлсэн оюутнуудын хэлэхийг хүссэн зүйл нь юу байсан юм бэ?

-Ер нь бол МОХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье гэсэн шаардлагыг тавьсан. Тэр үед МОХ-ны төлөөлөл хамтарч ярилцаад МОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид өрсөлдөх мандатыг гаргаж өгье. Хөтөлбөрийнхөө дагуу өрсөлдөх тэр үед нь өрсөлдөөч гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл түүнээс өмнө маш олон дайралтыг хийж, МОХ-ны 12 дугаар чуулганыг бүр хуралдуулахгүй байх зорилгын дагуу чуулганыг тасалдуулах гэсэн.

-МОХ-ны өмнөх ерөнхийлөгчөөр МАН-ын удирдлага ажиллаж байсан. Одоогийн удирдиагууд аль нэгэн намын харьяалалгүй гэж бүрэн ойлгож болох уу?

-МОХ өмнө нь аль нэгэн намын харьяалалд байсан гэдгийг би үгүйсгэхгүй. Ямар ч байсан МОХ-ны шинэ удирдлага ямар нэгэн намын харьяалалгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Оюутны сургалтын төлбөр жилээс жилд нэмэгддэг жишиг тогтоод байгаа. Эзэмшиж байгаа боловсрол нь тийм сайн биш хэрнээ төлбөр нэмэгдээд байгаа асуудлыг МОХ-ны шинэ удирдлагууд хэрхэн харж байна вэ?

-Жилээс жилд сургалтын төлбөрийг нэмсээр ирсэн. Дундажлаад үзвэл 9-13 хувиар нэмэгддэг. Энэ жилийн хувьд ч 10 хувиар нэмсэн байгаа. МОХ-ны ерөнхийлөгчийн хувьд БШУЯ-тай ярилцана. Их дээд сургуулиудын хувьд зөвхөн оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг байгаа. Тэгэхээр их, дээд сургуулиуд өөр эх үүсвэрээс санхүүждэг болох гарцыг судлахгүй бол оюутны сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдээд байх хандлагатай байна.

 

Тиймээс их сургууль өөрөө ажил хийдэг, мөнгө олдог байх л хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ төрөөс оюутанд олгодог тэтгэлгийг нэмэгдүүлэх шаардлага мөн тулгарч байна. Өмнө нь 500 мянган төгрөг төрөөс олгодог байхад оюутнууд төлбөрөө төлөхөд дөхөм байсан. МОХ-ноос төлбөрийг нэмэгдүүлэх бус бодитой тогтоох, оюутнуудад аль болох төлбөрийн дарамт үүрүүлэхгүй байх чиглэлээр БШУЯ-тай хамтарч ажиллана.

 

Эцэст нь нэмж хэлэхэд улс төрийн нам эвслүүд МОХ-ноос гap хөлөө татаач гэж хэлмээр байна. Бид өөрсдийн асуудлыг өөрсдөө шийдмээр байна. Нам эвслийнхэн ч гэсэн өөрсдийнхөө ажлыг хийгээч л гэж хэлье.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих