Муухай гарсан зургаа солиулахыг хүсвэл мөнгө төлнө
“Ухаалаг үнэмлэхтэй болно”, “Хэвлэгдэж байна” гэх үгсийг олон удаа сонссон иргэд хүлээж ядан байтал саяхнаас “Цахим үнэмлэх олгож эхэллээ” гэх мэдээлэл цацагдсан. Ёжилж ярих дуртай найз маань ямартаа “Тэр ухаалаг үнэмлэх чинь эзэнтэйгээ бараг л зовлон, жаргалаа хуваалцах юм гэсэн биз дээ” хэмээж байх вэ. Учир нь хурууны хээгээр батапгаажсан, хувь хүний бүх мэдээлэл багтсан, мөнгө ч хадгапж болохоор хийгдсэн гэх.
Ингээд удаан хүлээлгэсэн цахим үнэмлэхээ иргэд харьяа сум, хороо, хэсгээсээ очоод авч байгаа ч ухаалаг гэдгийг нь төдийлөн танихгүй бас мэдэхгүй байгаа сурагтай.
Өчигдөр өглөө би ажилдаа ирж явтал автобусанд хэдэн хүн “Цахим үнэмлэхийн зураг маань би биш ч юм шиг”, “Намайг л лав доромжилсон байна лээ”, “Эхнээс нь бидэнд үнэмлэхийн зураг шүү гэж хэлсэн бол нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд авахуулах байсан юм”, “Зургаа солиулаад шинээр авч болно гэсэн”, “Мөнгө тушаал гэх биз” хэмээн ярилцах сонсогдов. Хэрэгт дурлан ярианд нь оролцлоо.
Ямар асуудал тулгарсан, юу нь таалагдахгүй байгаа талаар тодруулахад Сүхбаатар дүүргийн 27 дугаар хорооны иргэн Ц.Даваасүрэн хорооноос үнэмлэхээ авахаар очиход зураг нь өөрт нь ч танигдахааргүй гарсан байжээ. Тэрбээр, хоёр жилийн өмнө иргэний шинэчилсэн бүртгэлээр хурууны хээ авахдаа дарсан зургийг цахим үнэмлэхэнд хэвлэсэн байна.
Тухайн үед үнэмлэх дээр гарах зураг шүү гэж анхааруулаагүй. Тэгж, ингэж зогс гэж хэлээгүй шууд л зураг дарсан хэмээн гомдоллож байсан юм. Нээрээ ч хорооны умгар өрөөнд гэрэл, сүүдэр нь тохироогүй нөхцөлд, мэргэжлийн бус камераар /компьютерт залгаж хэрэглэдэг вэб камер байсан/ зураг дарж байсныг хүн бүхэн санаж байгаа, Гэтэл түүнийгээ Монгол Улсын иргэний үнэмлэх гэсэн тодотголтой нэрийн хуудаст нь хэвлэсэн учраас иргэд ийнхүү бухимдаж байгаа аж.
Ц.Даваасүрэнгийн гурван хүүхдийн хоёрынх нь зураг мөн л муу гарчээ. Энэ тухайгаа одоо хаана, хэнд яаж хандахыг мэдэхгүй байгаа гэнэ. Зөвхөн энэ гэр бүл гэлтгүй түүнтэй автобусанд ярилцаж явсан хүмүүс, цаашлаад хот, хөдөөгүй олон хүн гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл, шилжилт хөдөлгөөн хийх болгонд цахим үнэмлэхийг шинээр авах болсныг буруушааж байв.
Хороонд очоод үнэмлэхээ авахад нь тэдэнд цахим хэлбэрээр яаж ашиглах, өмнөхөөсөө давуу тал нь юу вэ гэдгийг тодорхой тайлбарлаж өгөөгүй аж. Хорооны иргэний бүртгэлийн ажилтнууд муухай гарсан зургийн асуудлыг хүлээж авдаггүйгээр барахгүй “Дээш нь мэдэгд, бидэнд хамаагүй” гэдэг гэнэ. Харин саяхан УБЕГ-ын дарга “Цахим үнэмлэхийнхээ зургаа солиулах хүн байвал хүсэлт гаргаж болно” гэж телевизээр ярилцлага өгсөн. Үүний дагуу зарим хүн харьяаллын дагуу өргөдөл гаргаж дахин цахим үнэмлэх үнэгүй авах боломжтой гэсэн ойлголттой болсон байна.
Охид, залуус цахим үнэмлэхийн зурагнаасаа ичиж байна
Ингээд нийслэлийн Иргэний бүртгэлийн газар /НИБГ/-ыг зорьж Улсын ахлах бүртгэгч Т.Чимэгтэйтэй уулзлаа. Нийслэлийн есөн дүүргийн нийт 835 мянга 531 иргэнд цахим үнэмлэх олгох ажээ. Одоогийн байдлаар 821 мянга 592 цахим үнэмлэх хэвлэгдсэний 761 мянга 346 нь эзэндээ очоод байгаа юм байна. Харин цахим үнэмлэхтэй холбоотой иргэний гомдол, санал, хүсэлт дүүргүүдэд ирдэг учраас НИБГ-т тодорхой нэгтгэсэн мэдээлэл байхгүй гэв.
Тиймээс зэргэлдээ байрладаг Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн газраар орлоо. Улсын бүртгэгч Ж.Пүрэвдулам “Эхлээд Ч.Гандолгор гэдэг хүнээс зөвшөөрөл ав” гэсний дагуу түүнтэй уулзтал “дүүрэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх эрх байхгүй. Бид босоо удирдлагатай шүү дээ. НИБГ-аас асуу” гэсэн юм. Тэднийд одоогийн байдлаар нэг ч иргэний гомдол ирээгүй гэнэ.
Мөн “Долоо хоногийн сургалтад хамрагдсан хүмүүс иргэдийн цахим үнэмлэхийн зураг дарсан. Гэтэл яагаад зургийн талаар юм яриад байгаа юм бол” гэж байв. Тэрбээр энэ тухай нэг ч хүнээс сонсоогүй, надаас л дуулж байгаагаа хэлсэн юм. Ийнхүү гомдол санал ирээгүй хэмээн хэсэг мэлзэж байснаа “За, би НИБГ-ын даргаас асуугаад ирье. Тэгээд мэдээлэл өгч болно гэвэл өгье” гэсээр гараад явчихав.
Төдөлгүй орж ирээд Ж.Пүрэвдуламаас мэдээлэл ав гэлээ. Харин тэр хүн нь зураг солиулах хүсэлтэй иргэдийн гомдол, хүсэлтийн талаар мэдээлэл өгөхгүй, тэгээд ч манайд гомдол ирээгүй гээд цахим үнэмлэх тараалт, хэвлэлтийн тухай хэдэн тоо өглөө. Эл байдлаас харахад иргэдийн гомдол, санал нууц байдаг бололтой. Хоёр хүний хооронд үгсэн тохиролцсон байдлаас болж иргэдийн санал гомдлын тухай мэдээлэл авч чадсангүй.
Уг нь нийслэлийн зам, тапбайд таарсан хүмүүсээс цахим үнэмлэхийнх нь тухай асуухад 10 хүн тутмын 6-7 нь тааламжгүй хариулт өгч байгаа. Тэр тусмаа охид, залуус цахим үнэмлэхээ хүний өмнө гаргахаас ичдэг болсон гэнэ. Бүртгэлийн ажилтны далий муруй, дээр доороос нь хамаагүй авсан зурагтай үнэмлэхээ бариад банк, эмнэлэг, сургуупь зэрэг бүх л газарт биеийн байцааптаа үзүүлэхээс ичих болжээ.
Шилжилт хийхэд цахим үнэмлэхийг шинээр авахаа болино
Тэндээс гараад УБЕГ орлоо. Үргэлж л бум бужигнаж, түм түжигнэж байдаг янзаараа гадаад паспорт авах, сунгуулах, лавлагаа авах, овог солиулах ажилтай иргэд дугаарлаж байв. Тэдний хэнтэй нь ч цахим үнэмлэхийн тухай яриа өдөхөд “Зураг таалагдаагүй”, “Юугаараа давууг нь сайн мэдэхгүй юм” гэх аж. Тиймээс тус газрын ССГХХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
УБЕГ иргэдийн санап, гомдлыг хүлээж авах 1890 дугаарын утас ажиллуулж, “Бүртгэл. мн” хаягаар иргэдийн саналыг авч байгаа юм байна. Ингэхэд иргэдийн олонхи нь зураг таалагдаагүй гэсэн гомдол ирүүлж байгаа аж. Тиймээс орон нутгийн сонгуулийн дараа зургаа солиулах хүсэлт гаргасан иргэнд дахин цахим үнэмлэх хэвлэж өгөхөөр болсон байна. Харин тухайн иргэн байнга оршин суух хаягаа зөв өгч, шинэ зураг даруулах аж.
Ингэж авахын тулд 18800 төгрөг төлөх юм байна. Товчоор хэлбэл, бүртгэлийн ажилтны авсан шаардлага хангаагүй зургийн төлөө дээрх үнийг төлнө гэсэн үг. Мөн иргэдийн өөр нэг гомдол нь шилжилт хөдөлгөөн хийх бүрт шинэ үнэмлэх авах тухай юм. Тиймээс үүнийг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэний цахим үнэмлэхийн ялтаст хаягийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг бичиж оруулахаар төлөвлөж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, иргэн хүн нэг газраас нөгөө рүү шилжихэд шинэ үнэмлэх авах шаардлагагүй, бүртгэлийн ажилтан цахим мэдээлэлд хаягийн шинэчлэлтийг нь оруулахад л болох юм байна. Харин цахим үнэмлэхээ хаясан тохиолдолд дээрх мөнгөн дүн дээр торгуулийн 40 мянган төгрөг нэмж төлөхөөр болжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд цахим үнэмлэх олголт 1.8 сая орчим буюу 94 хувьтай явж байна,
Цахим үнэмлэхийн давуу тал
Цахим үнэмлэхэнд овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, цахим үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа, төрсөн газар, оршин суугаа газар, иргэний үнэмлэхийн болон бүртгэлийн дугаар, хурууны хээ байх бөгөөд үндсэндээ тухайн иргэний бүхий л мэдээлэл багтжээ. Мөн эдгээр мэдээллийг үнэмлэхийн ард байрлах шар ялтаст давхар байршуулсан гэнэ.
Харин тухайн иргэн гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулсан, гэмт хэрэг үйлдсэн эсэх, овог нэр өөрчилсөн зэрэг мэдээлэл хараахан ороогүй байгаа аж. Одоогийн байдлаар иргэн бүрийг зөвхөн цахим үнэмлэхтэй болгохоор ажиллаж байна. Мөн иргэдийн үргэлж харилцдаг зарим нэг байгууллагатай цахим үнэмлэхээ ашиглан харилцах асуудлыг цаашид бий болгох гэнэ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь банк, цагдаагийн газар, төрийн байгууллагын үйлчилгээ авахад хуучин үнэмлэхээ хуулбарлаж, наториатаар баталгаажуулж ашигладаг байсан. Тэгвэл одоо цахим үнэмлэхийг тусгай машинд уншуулаад тухайн байгууллагад хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой болох юм байна.
Харин цахим үнэмлэхээрээ мөнгөн гүйлгээ хийх тухай яриа иргэдийн дунд тарсан нь худал мэдээлэл гэдгийг ч Ч.Нямцэцэг хэлсэн. Одоогийн байдлаар бидний авч буй цахим үнэмлэх гадна талын ялтаст мэдээлэл нь давхар хадгалагддаг, мөн тухайн хүний хурууны хээгээр мэдээллийг авч болох зэргээрээ өмнөх үнэмлэхээс давуу талтай юм байна.
М.Наранболд
Эх сурвалж: “Монголын Үнэн”
URL: