Бензоприн бодисыг манай улсад шинжлэх боломжгүй гэлээ

“НОНГШИМ” БЭЛЭН ХООЛНЫ НАЙРЛАГАД ОРДОГ УГ БОДИС ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ БОЛОХЫГ ТОГТООЖ, ХУДАЛДААНД ГАРГАХЫГ ХОРИГЛОВ-

“Хамгийн амттай нь “Нонгшим” гоймон гэж манай урлаг соёлынхны рекламдаад байсан энэ бэлэн хоол тун аюултайд тооцогдох болжээ. “Солонгосын “Нонгшим” группийн үйлдвэрлэдэг уг гоймон хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоож, Азийн улс орнууд зах зээлээс эргүүлэн татаж эхэллээ. Харин манай улсын хувьд “Нонгшим” гоймонг “Грийн сити” хэмээх компани арван жилийн турш импортолсон байна. Тус компани уг бэлэн бүтээгдэхүүнийг 2002 оноос хойш импортолж. 2006 онд БНСУ-ын “Нонгшим” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болжээ.

“Грийн сити” комлани нь 2005 оноос сард 2000 ширхэг хайрцаг “Нонгшим” бэлэн гоймонг борлуулж эхэлсэн гэнэ. Уг гоймонгийн сурталчилгаа цацагдах тусам борлуулт нэмэгдэж жилд 120 мянгад хүрчээ. Өнгөрсөн хугацаанд монголчууд 16 сая ширхэг уг бэлэн гоймонг авч идсэн гэх баримжаатай гарсан байна. Гэтэл гоймонгийн найрлагад ордог бензоприн гэх хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хорт хавдар үүсгэдэг болохыг Япон, Тайвань, Солонгос зэрэг улс орнууаад тогтоожээ. Бензоприн нь гоймонгийн амтлагчид ордог ажээ.

Дээрх дуулиант мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан даруйд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж, энэхүү гоймонг борлуулахыг хориглосон юм. Гэтэл өчигдрийн байдлаар жижиг дэлгүүр, супермаркетуудаар “Нонгшим”-ыг худалдаж байлаа. Тэдгээр дэлгүүрүүдийн худалдагчид энэ бэлэн хоолны хор нөлөө болоод борлуулахыг хориглосон шийдвэрийг огт сонсоогүй гэж байв.

ШӨХТГ-ийн Орон тооны гишүүн, дэд дарга А.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хэдийнээс “Нонгшим” гоймонг борлуулахыг хориглох болов?

-Солонгосын “Нонгшим” үйлдвэрийн бэлэн гоймонг оруулж ирдэг “Грийн сити” компанийн удирдлагуудтай бид өнгөрсөн амралтын өдрүүдээр уулзаж, борлуулалтад гаргахыг хориглох шийдвэр гаргасан байгаа. Энэ дагуу улсын байцаагчийн шийдвэр гараад томоохон супермаркет худалдааны төвүүдээр явж, худалдаалахыг түр зогсоогоод байна.

-Энэ гоймонг зарим дэлгүүрт худалдаалж байна лээ?

-Манай байгууллага 20 орчим байцаагчтай, хэрэндээ л хяналт тавьж байгаа. Тиймээс богино хугацаанд бүх дэлгүүр хоршоодоор явж хүрэлцэхгүй байна. Харин тэдгээр дэлгүүрийн эзэд уг бүтээгдэхүүнийг ухамсраараа түр худалдаалахыг зогсоогооч ээ гэж хүсье.

-Гоймонд хийсэн шинжилгээний хариу гарсан уу?

-Өнөөдрийн байдлаар гараагүй байна. Дээжийг нь Улсын мэргэжлийн ерөнхий газарт хүргүүлээд байгаа. Шинжилгээний дүгнэлтийг маш хурдан хугацаанд өгөхийг хүссэн. Гоймонгийн найрлагад ордог уг бодисын зөвшөөрөгдөх хэмжээ улс орон болгонд өор өөр юм билээ. Солонгост гэхэд таван хувь, Хятадад арван хувь хүртэл байх ёстой гэдэг. Харин манайд хэдэн хувь байх ёстой нь шинжилгээгээр тогтоогдох учиртай.

-Тэгэхээр зөвшөөрөгдөх хэмжээндээ байвал эргээд борлуулж болно гэсэн үг үү?

-Ямартаа ч бид шинжилгээний дүнг хүлээж байна.

-Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас импортын бүтээгдэхүүнүүдийг нарийн шинжилгээнд хамруулсны дүнд худалдаалахыг зөвшөөрдөг байх аа?

-Энэ гоймонгийн хувьд мэргэжлийн хяналтын газраас шинжилж, аравдугаар сард худалдаанд гаргахыг зөвшөөрсөн юм билээ.

-Манай улсад уг гоймонгоос болж хохирсон иргэдийн гомдол танайд ирэв үү?

-Яг гоймонгоос болоод хордсон гэх мэдээлэл одоохондоо бидэнд ирээгүй байна.

-Энэ гоймонг борлуулдаг дэлгүүр их олон байгаа. Хэрэв худалдаанд гаргахыг хоригловол тэдний хохирлыг хэн хариуцах вэ?

-Аливаа бүтээгдэхүүн худалдаалагчид түүнийхээ эрүүл ахуйн чанарыг хариуцах учиртай. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, сайн чанарын бараа бүтээгдэхүүн борлуулах ёстой. Тиймээс үүсэх хохирлын тухайд импортлогч компанитай ярина.

-”Нонгшим” бэлэн хоолыг Солонгост үйлдвэрлэдэг гэлээ. Хятадад үйлдвэрлэдэг гэх мэдээлэл бий?

-Хятадад салбар үйлдвэртэй юм билээ. Ямартаа ч бид үүссэн нөхцөл байдлын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын “Нонгшим” үйлдвэр рүү албан бичиг хүргүүлсэн байгаа.

Дугаар шилжих мөчид “Нонгшим” бэлэн хоолны найрлагад ордог бензоприн гэх бодисыг манай улсад шинжлэх боломжгүй болсон тухай мэдээлэл ирсэн юм. Учир нь манай Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид уг бодисыг шинжлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж дутжээ. Иймд гоймонгоос авсан дээжийг өндөр хөгжилтэй улс орон руу явуулж дүгнэлт гаргуулах нь бололтой.

М.МӨНХЦЭЦЭГ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих