Ялтан Ж.Баянмөнх Говьсүмбэр аймгийг удирдаад байна
“Тос дотроосоо өтдөг”-ийн адил МАН-ын гишүүд Засаг дарга нараа “матах” үйл ажиллагааг өргөн фронтоор явуулсан билээ. Энэ үйл ажиллагааны үр дүнд 12 аймгийн Засаг дарга нар хууль хяналтын байгууллагад шалгагдах эхэлсэн.
2011 оноос эхэлсэн үйл явдал одоо хүртэл сунжирч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МАН-ын гишүүд орон нутгийн сонгуулиас өмнө Засаг дарга нараа огцруулж амжаад байна.
МАН-ын жирийн гишүүд ч гэсэн Засаг дарга нарынхаа авлига, аваа өгөөний асуудлыг тэвчиж чадахаа байгаад хууль хяналтын байгууллагад хандсан. Үүнээсээ болж ад үзэгдэн олон арван гишүүд намын харьяалал, үзэл баримтлалаа өөрчлөхөд хүрсэн гэхэд болно. Хамгийн хэцүү нь АТГ-аас аймгийн Засаг дарга нарыг шалгахад орон нутгийн амьдрал зогсонги байдал ордог аж.
Жишээлбэл Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Засаг дарга Э.Цасчихэр нар авлигын хэргээр хоёр он дамжин байцаагдаж байна. Сэжигтэн, яллагдагчаар татагдан урьдчилан хорих төвд хоригдож байхад албан тушаал нь баталгаатай байдаг. Тамгын газрын ажилтнууд “Дарга нар гадаадад томилолттой, өвчтэй, чөлөөтэй” гэсэн үгээр хоёр жилийн нүүрийг үзэж байгаа аж.
Хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийсээр л байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд л гэхэд ажлын тав дахь өдөр урьдчилан хорих төвд очиж хоночихоод даваа гаригт өрөөндөө сууж байх жишээтэй. Ихэнх Засаг дарга нар АТГ болоод цагдан хорих төвөөс ажлаа хийдэг гэхэд болно. АТГ дуудагдан шалгагдаж буй Засаг даргаасаа гарын үсэг авах гэсэн Тамгын газрын ажилтнууд алс баруун хязгаар, өмнийн говиос хүртэл ирдэг юм билээ.
Албан тушаалтан гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртлээ ажлаа хийсээр байдаг тогтолцоог яалтай билээ. Үүнээс гадна ял авсан хэдий ч ажлаа хийгээд авлигаа аваад явж буй албан тушаалтан бий. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх анхан шатны шүүхээс 5,1 жилийн хорих ял авсан. Давж заалдах шатны шүүхээс ялын хэмжээ нь бага зэрэг буурсан ч хорих ял хэвээр үлджээ.
Энэ хавраас эхлэн хорих ял эдэлж байгаа Засаг дарга асан Ж.Баянмөнх албан ажлаа хийж байгаа мэт. Мань эр шоронд байгаа хэдий ч газрын наймаагаа үргэлжлүүлсэн байх юм. Тухайлбал 2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Лувсанванданд газар олгожээ. ИТХ-ын тэргүүлэгч С.Лувсанвандан нь газрын зөвшөөрөлгүй азтомашин угаалгын газар ажиллуулж байсан байна.
Гэтэл Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Сайнбаяр нь С.Лувсанванданд гурван га газрын зөвшөөрөл олгох тогтоолдоо “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд даалгасугай” гэсэн байх юм. Андуураагүй бол аймгийн Засгийн дарга Ж.Баянмөнх ялтан болоод 5-6 сар болж байгаа билээ. Гэтэл түүний гар хөлүүд үйл ажиллагааг нь ийнхүү хэрэгжүүлж байгаа нь энэ аж.
Мөн үүгээр зогсохгүй Засаг дарга байгаад ялтан болсон Ж.Баянмөнхийн унаж байсан Ланд-круйзер-105″ машиныг хүүд нь өгчээ. Тухайн машины дуудлага худалдаанд 4-5 хүн оролцоход Засаг дарга асан Баянмөнхийн хүү Бадрал 31 сая төгрөгийн үнэ хэлэн авсан байна. Гэтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан “Манай Засаг дарга Ж.Баянмөнх үр бүтээлтэй олон жил ажилласан. Тэр гавьяаг нь өндрөөр үнэлэн машины сэлбэг нэрээр хүүд нь өгчихье” гэсэн шийдвэрт хүрчээ.
Засаг даргын унаж байсан Ланд круйзер-105 машиныг дахин дөрвөн сая төгрөгөөр засуулаад хүүд нь өгсөн байх юм. Засаг дарга асан Ж.Баянмөнхийн шоронгоос гаргасан шийдвэр тогтоолууд олон байна. Эдгээр шийдвэр тогтоолыг түүний гар хөл болсон нөхдүүд гаргаж буй нь тодорхой. Энэ Зүхнээс үүдэн Говьсүмбэр аймгийн иргэд “Засаг дарга асан Ж.Баянмөнх шорон дотроос ажлаа хийж байна” гэх хардлагыг хэлж байгаа юм. Авлигач Засаг даргын тойрон хүрээлэгч нарыг үндсээр нь авч хаяхгүй бол хууль бус үйл хэрэг нь үргэлжилсээр, цэцэглэсээр байдгийг тус аймгаас харж болно.
Б.БАТ
URL: