Д.Эрдэнэтуяа: Хүн болгон загвар өмсөгч болох албагүй. Зүгээр л гоё алхаад сурчих
- “New face” хэд дэхь удаагаа зохиогдоод байна вэ?
- “Эра” төв байгуулагдаад 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.Тэгэхээр “New face” уралдаан бол тасралтгүй 13 жил зохион байгуулагдсан гэсэн үг. Дундаа нэг ч удаа тасраагүй. Манай төв зах зээлийн ороо бусгаа үед байгуулагдсан анхны загварын агентлаг байсан. Бас 2008 онд эдийн засгийн хямрал болоод хүмүүс хоолны мөнгөө олох гээд юун загварын дамжаа гэж байх үед манайх бас л дэнжигнэж байлаа. Одоо ч гэсэн эдийн засаг сайжраагүй байна. Бид хичээлийнхээ явцаар хараад мэдэрдэг. Эдийн засаг сайжрахаар хүмүүс гоо сайхандаа анхаарч эхэлдэг юм.
- “New face” уралдаанд оролцож байгаа оролцогч нарт тавих шаардлага өндөрсөж л байгаа юу?
- Ер нь “New face” уралдаан өмнөх жилүүдийнхээсээ том өөрчлөлт хийдэггүй юм. Уралдаан учраас уралдааныхаа зарчмыг л барьж явдаг. 2005 оны “New face”-д 400 гаран хүүхэд оролцоод 63 хүүхэд эцсийн шалгаруулалтанд тунаж үлдэж байсан. Өмнөх жил 100 хүүхэд бүртгүүлээд яг чанартай 25 хүүхэд үлдсэн. Бид нар энэ уралдаанд чанар барьж ажилдаг. Чанартай цөөхөн, олон чанартай гэх мэт. Чанаргүй олон ирвэл бүгдийг нь хасдаг. Энэ жилийн уралдааны онцлог нь оюунлаг гэсэн ойлголтыг түлхүү шингээж өгч байгаа. “New face” олон жил оюунлаг гэдэг зүйлээ барьж байсан боловч үүнийгээ нийтэд илэрхийлэх илэрхийлэмж даруу байсан. Хоёр жилийн өмнөөс оюунлаг гэдэг зүйлдээ түлхүү анхаарч байгаа. “Эра” төв анх байгуулагдахдаа “Бурханы бүтээлд бяцхан засвар” гэдэг уриатайгаар байгуулагдсан. Таван жилийнхээ ойгоор “Өөрөөсөө эхэлье” гэдэг уриалгатай болгож өөрчилсөн. Арав дахь жил дээрээ “Оюунлаг гоо сайхан” гэдэг зүйлийг хөгжүүлье гэсэн уриатай болсон. “New face” уралдаанаас олон загвар өмсөгч төрөөд байдаггүй юм. Манай уралдаанаас төрсөн маш олон менежер, дэд захирал, эдийн засагч нар байна. Би боддог юм. Залуу хүн уралдаан тэмцээнд орж байх ёстой. Өөрийгөө сорьж байх ёстой. Хүн болгон математикч байх албагүй. Гагцхүү хүн хүн л байх ёстой. Хүн байхын тулд нийгэмтэйгээ хөл нийлүүлэх ёстой. Нийгэм юу шаардаж байна анзаар л даа. Ажилд авна гэсэн зарыг хар. Дандаа гадаад үзэмжийг шаардсан байгаа. Өндөр, царайлаг эсвэл залуухан. Яагаад бид 40 нас хүрчихээд ажил хийж болохгүй гэж. Бид ажил хийх хүсэл эрмэлзлэлтэй. Өөртөө хайртай байж амжилтанд хүрнэ. Манай “New face” уралдааны цаад мөн чанар нь юу вэ? гэхээр одоогийн гоо сайхнаа олон жилийн дараа ч барьж үлддэгт оршиж байгаа юм. Арван жилийн өмнө “New face” уралдаанд орж байсан хүүхдүүд одоо ч өмнөх үеийн төрхөөрөө байдаг. Энэ уралдаан бол мэдээж шинэ залуу хүүхдүүдийг төрүүлнэ. Реклам сурталчилгааны компаниуд, сайт, сэтгүүл, студи продакшнууд өөрийн компанийн шинэ нүүр царайг олоход дөхөм болдог. “New face” уралдаанаас маш олон шинэ дүр төрхтэй хүүхдүүд төрсөн. Тэд эхний жилдээ туршлагагүй байдаг юм. Явцдаа туршлагжина. Хоёр жилийн дараа эрс өөр хүн болдог.
- Загварынхан биеийнхээ харьцааг хадгалж чаддаг онцлогтой? Маш их зүйлийг золиослож байж сайхан харагддаг байх тийм үү?
- Тиймээ. Хүмүүс загварынханыг хөгшрөхгүй байна гэж бодоод байдаг юм. Хэн жингээ удаан нэг хэвд барьж чадаж байна. Тэр хүн залуу харагдана. Түүнээс биш гэнэт таргалж тураад байвал нас нь хэлбэлзэж харагддаг.
- Оюунлаг гоо сайхан гэх зүйлийг илтгэх юуг үзүүлэх вэ?
- “New face” цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Нэг удаагийн уралдаан 12 цуврал нэвтрүүлэгтэй. Бид хүүхдүүдийг алхуулаад царай зүсийг нь хардаг. Түүнээс гадна тэдний харилцааны соёл, биеэ хэрхэн зөв авч явж байгааг нь анзаарч байдаг. Бас нэг содон зүйл нь “New face”-д орж байгаа хүүхдүүдийн үсийг нь яг адилхан засаад, адилхан хувцас өмсгөөд нэг тайзан дээр алхуулдаг. Тэндээс өөрийгөө хэрхэн илэрхийлж байгааг харна. Загварын уралдааны гол стандарт нь энэ юм. Манайд бол миссын тэмцээн шиг болсон. Хэн өөрийгөө хөөрхөн харагдуулна. Тэр хүн амжилт гаргана. Эмэгтэй хүн болгон л хөөрхөн шүү дээ. Хамгийн хөөрхөн болоход л хуримаа хийж байгаа хүүхэн ямар байдаг билээ дээ. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байдаг биз дээ. “New face” уралдааны хамгийн чухал зүйл нь хүүхдүүдийг багаар хэрхэн ажиллаж байгааг хардаг. Шилдэг баг шалгаруулдаг.
- Энэ уралдааны мөн чанар нь юу вэ?
- “New face” уралдаан маш олон хүүхдүүдэд ирээдүйдээ итгэх итгэлийг нь бий болгож өгсөн. “Би мундаг хүн” гэсэн үзэл санааг суулгаж өгдөг. Гэхдээ зөөгч байсан ч мундаг зөөгч л байдаг. Тэр хүн заавал босс байх албагүй. Хааяа бид үнэтэй ресторан, high club-т ороход манайхыг төгссөн хүүхдүүд зөөгч хийж байдаг юм. Тэднийг “Эра” төвийн дамжааг төгссөн гэхээр ажилд дуртай авдаг гэсэн. Яагаад гэхээр бид энд биеэ зөв авч явах, харилцааны соёлыг заадаг. Саяхан манай төвд их сургуулийн хоёр багш хүүхэн явж байсан. Нэг нь жирэмсэн болсон гэсэн. Би тэр хүнд жирэмсэн болсон ч алхаж болно гэж зөвлөгөө өгсөн. Яагаад гэхээр хүн жирэмсэн болсон ч хөдөлгөөнөө хянаж болохгүй. Хамаагүй их идэж болохгүй. Учир нь дараа нь турж чадахгүй. Тэр хоёр хүүхэн загвар өмсөгч болохгүй. Рекламд тоглохгүй. Гагцхүү тэр хоёр “Эра” төвийн дамжаанд гоё алхаж сурсан. Биеэ гоё авч явахыг сураад түүнийгээ маш олон жил хадгалж явахыг л хүссэн.
- Өөрөөс нь тань суралцахаар ирсэн хүүхдүүдэд та юу гэж зөвлөдөг вэ?
- Хүн болгон загвар өмсөгч болох албагүй. Би хүүхдүүдэд зөвлөдөг. Амьдрал маш их сонголттой. Гэхдээ загвар өмсөгч болбол чи маш их сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Өдөр болгон арван залуу ирээд чамайг сонгохгүй өөр охиныг сонгоод байх тохиолдол байна. Энэ бол маш их сэтгэлийн тэвчээр шаардсан ажил. Эсвэл чи маш олон зүйлээ хаяна. Гоё сайхан хоол хүнс, найз залуу гээд л. Заримдаа их сургуулиа хаях хүртэл хэмжээнд очдог. Загварын ертөнц бол маш их тэсвэр тэвчээр, золиос шаардана. Оюунлаг гоо сайхан гэдэг ажлын хүрээнд илтгэлийн уралдаан зарлах гэж би төсөл бичсэн юм. Тэгэхээр энэ жилийн “New face”-д илтгэлийн уралдаан орно. 11 дүгээр сарын 3-нд эхний шалгаруулалт болно. 11 дүгээр сарын 10-нд дараагийн шалгаруулалт болоод 28-нд төгсгөлийн шалгаруулалт болно. Дунд нь биеэ авч явах чадвар бусадтайгаа харилцах чадварыг нь харна.
Т.Энхээлээ
URL: