Шоудаагүй л бол бусад нүүрснийхээ үнийг бууруулчих, Ерөнхий сайд аа

Гологдол болсон Багануурын нүүрсийг хямдруулна гэж хий шоудахын оронд бусад нүүрсний үнийг бүгдийг нь хямдруулчихаач Ерөнхий сайд аа. Үнэхээр л иргэдийнхээ амжиргаанд нэмэр болж, хүндээ хүрсэн бодлого явуулах гэж байгаа бол   иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг  налайх, алаг толгойн нүүрсний үнийг ч мөн бууруулчихаач. Багануурын нүүрсний үнийг бууруулах чинь шоу байгаагүй л юм бол бусдыг нь ч мөн хямдралтай үнээр иргэддээ олгооч.

 

Энэ бол жирийн иргэдийн жинхэнэ амьдрал хуучилсан гуйлт. Иргэд ингэж л хүсч байна. Утаа тортог, үнс нурам ихтэй, илч дулаангүй нүүрсийг хямдруулж, нэр зүүхийн оронд дээр дурдсанчлан хамгийн ихээр хэрэглэгддэг түлшнийх нь үнийг бууруулаад өгчихвөл энэ жинхэнэ нүдээ олсон арга хэмжээ болох бус уу. Үгүй гэвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж буй нүүрсний үнэ бууруулах арга хэмжээ шоунаас хэтрэхгүй. Үнэхээр л Засгийн газар иргэд рүүгээ чиглэсэн бодлого барьж, тэдний амжиргааг дээшлүүлэх, их хотын утааг бууруулахыг хүсч байгаа бол утаа тортог багатай налайх, алаг толгойн нүүрсийг бууруулж яагаад болохгүй гэж.

Өвөл болж утааны улирал ирлээ. Засгийн газар, хотын даргын минь хувьд утааны улирал толгойн өвчиных нь нэг болж байгаа. Иймээс Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах болсон тухайгаа мэдээлэлийг өнгөрсөн долоо хоногт хийлээ. 70 дахь хоногруугаа орж байгаа Засгийн газрын хувьд хийх гэж зүтгэж байгаа ажлуудын нэг юм.  Ямарч байсан бид энэ өвөл утаагүй биш,  утаатай Улаанбаатар хот хэвээр байх нь тодорхой боллоо.

 
Үүнийг батлах гэсэн юм шиг автобусанд хамт сууж ирсэн хоёр оюутан ярилцаж байх юм. Хоорондоо энэ өвөл их хүйтэн болох юм гэнэ, гэхдээ өвлийн хувцас энэ тэр гэж мөнгө үрэхгүй ээ. Яагаад гэвэл өвөл нүүрсний утаан дунд явахад даарч байгаа бараг мэддэггүй юм аа. За тэгээд даарлаа гэхэд хүн ихтэй автобусанд чихэлдээд суучихад болоод л явчихдаг. Утаа бидний эрүүл мэндэд муу ч зарим талаараа хэрэг болох юм аа гээд ярилцах юм. Нээрээ л энэ үе үнэн байх шүү. Дүн өвлөөр бол бараг өмнөх хүнээ олж харахгүй утаан дунд явдаг юм чинь.
Энэ өвлийг сүүлийн 30 жилийн дундажаас илүү хүйтэн болно гэж цаг уурын мэргэжилтэнүүд хэлж анхааруулж байгаагаас гадна хэн нэгэн хүний хэлснээр 2 хоног харанхуй болох тухай яриа яригдах болсон.  Зөвшөрөлтэй зөвшөөрөлгүй олон барилгын дулааны асуудлаас болоод Дулааны цахилгаан станцууд нь өвөл ажиллах ёстой 7 зуухаа одоо ажлуулаад эхэлчихсэн гэсэн. Ингэхээр нийслэлчүүд маань энэ өвөл нилээд хүндхэн тусах нь. Тэдэнд өвлийн бэлтгэлдээ нүүрс түлээ бэлтгэхээс гадна хоол унд нөөцлөх, лаа шүдэнз бэлтгэх гээд асуудал дор дороос ундраад гарч ирж байна. Одоогоор 1 портер машин нүүрс дундажаар 220-300 мянган төгрөг, том машин бол 500 мянган төгрөгт хүрч, иргэд дээр очидог жижиг шуудай гэх тортой нүүрс 1500-2000 төгрөг хүрч байгаа энэ үед Засгийн газраас нүүрсний зохицуулалт хийж байгаа нь сайн л хэрэг.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэлэхдээ Багануурын уурхайгаас иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх зохицуулалт хийхээр болж 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу 1 тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд түгээхээр болсон. Багануурын нүүрсний уурхайгааас 2-15 см-ийн голчтой,  28 вагон нүүрсийг өдөрт олборлож, түүнийгээ  “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэнэ”  гэлээ.
Иргэдийн хувь  хямдралтай  2.6 тонн нүүрсээ бөөнөөр нь авах боломжгүй,  3 хоног тутам 40 кг-аар савласан 1 шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авахын тулд  хэсгийн ахлагчдаа бүртгүүлж,  нүүрс авах мөнгөө банкинд тушааж, мөнгөний баримтаа борлуулагчид өгсөнөөр нүүрс таны мэдлийнх болох юм байна. Ингээд бодохоор “гахай,  гахай хялгаснаасаа өгөөч, дээс томж найзыгаа аваръя” гэдэг үлгэр шиг юм болох нээ.  Энэ олон дамжлагыг дамжиж байх хооронд нүүрс олборлож амьдралаа залгуулдаг, тэдгээрийг борлуулдаг  ченжүүд маань ямар нэг арга олох юм байх.  Энэ бүгдээс үзэхэд утаагүй хоттой болохын төлөө иргэдээ дэмжиж байгаа нэртэй боловч цаанаа хэдхэн хүний бизнесийг дэмжээд байх шиг.

 

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих